Улс төр
С.Ганбаатар: Оюутолгойн гэрээ бурхны зарлиг биш, ард түмэнд ашигтай болгож засах ёстой

Үйлдвэрчний эвлэлийн жагсаал, тэмцлээр олон нийтэд танигдаж, хожим “Босоо” хэмээн нэршсэн, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын “Толь” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.
-Оюутолгойн гэрээтэй хийсэн таны тэмцэл одоо мухардсан гэж хэлж болох уу. Учир нь энэ гэрээ ямар ч тохиолдолд энэ хэвээрээ үргэлжлэх нь тодорхой болж байх шиг?
-Огт мухардаагүй. Харин ч миний 10 гаруй жил тэмцэж ирсэн тэмцлийн дүнд Баабар мэтийн амаа олохгүй магтаж байсан зарим хүнд ухаарч ойлгуулах, бөглөрсөн сүвийг нь нээх таатай үе ирлээ гэж үзэж байна. Энэ гэрээ ямар ч нөхцөлд үргэлжлэх нь тодорхой боллоо гэж үзэж байгаа хүмүүст хандаж хэлье. “Рио Тинто”, тэдний гар хөл бологч хөлсний бичээчид монголчуудыг ийм гутранги үзэлтэй, буулт хийх сэтгэлгээтэй, ямар ч тэмцэлгүй үхээнц дорой болгохын төлөө их хичээсэн.
Битгий баярла, “Оюу толгой”-н гэрээ бол бурхан тэнгэрийн зарлиг биш, энэ гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгоно. 14 жилийн өмнө энэ гэрээний тухай ярьж байхад хүмүүс намайг ямар их доромжилж байлаа. Одоо энэ гэрээг бараг улстөрч болгон ярьдаг болж. Монголчууд үнэнийг мэдэрсэн байна. Бид ялах шатандаа ойрхон очиж байна гэсэн үг. Олон жил тэмцэж, зүтгэж байгаа хүн нь бууж өгөөгүй залхаагүй байхад, хөндлөнгөөс харж байгаа зарим нь залхаад яахнав дээ.
-Таныг “Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгчдэд буулт хийсэн” гэж хэлдэг юм билээ. Үнэхээр лоббинд өртөх магадлал, боломж хэр байсан бэ?
-Жинхэнэ монгол гүтгэлэг байна. Лоббид өртсөн ч байдаг болоосой, тэгвэл энэ гэрээг бүрэн цуцлах үндэслэл баримт болно. Харамсалтай нь “Рио Тинто”-гийнхон тэр “зарим хүн” шиг гэнэн тэнэг биш юм даа.
-Танд “Рио Тинто” компанийн зүгээс ямар нэгэн байдлаар санал, дэмжлэг ирж байсан уу?
-Хэзээ ч үгүй. Тэд тийм гэнэн биш гэж хэлсэн шүү дээ.
-Зарим нь таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зардлаа тэр компаниар даалгуулсан ч гэж ярьж, бичдэг. Таныг тэдний “B” төлөвлөгөө нь байсан ч гэж зарим хүн ярьдаг?
-Та намайг чин сэтгэлээсээ дэмжсэн Монголын хагас сая хүнийг гүтгэн доромжиллоо. Монголын сэтгүүлзүй тулга тойрсон огт логикгүй, баримтгүй юм ярьдагт их харамсдаг. Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл нь “Оюутолгойн гэрээ”-г Монголын ард түмэнд ашигтай болгоно гэж заасан байсан юм шүү. Нөгөө хоёр нөхөрт ийм төлөвлөгөө, санаа огт байгаагүй. “Рио Тинто”-гийн хувьд С.Ганбаатар л биш бол хэн ч гарсан хамаагүй байсан. “Рио Тинто”-гийн угаадас долоодог улстөрч гөлөгнүүд нь миний эсрэг амжилттай сайн ажилласан.
-Таныг Оюутолгойн гэрээтэй тууштай, шийдэмгий тэмцдэггүй. Ердөө л тухайн нөхцөл байдлаас болоод няцдаг, ухардаг гэж дүгнэдэгтэй санал нийлэх үү?
-Нийлэхгүй. Би буугаар буудахаас бусад бүх хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тэмцлүүдийг хийсэн, хийх ч болно. Өлсгөлөн зарлаж байсан, мэтгэлцээн хийж бас маш олон ярилцлага өгч, видео кино хийсэн. Ном хүртэл гаргасан. Жагсаал цуглаан ч зөндөө хийсэн. Өөр ямар хэлбэрийг нэммээр байна. Та санал хэл дээ.
-Тухайлбал, энэ жишээн дээр таны С.Баярцогттой хийсэн мэтгэлцээнийг жишээ татдаг л даа. Та тэр үед яагаад тийм хүлцэнгүй, бууж өгсөн байдалтай байсан юм бэ?
-С.Баярцогт над руу хувь хүн рүү минь дайрах тактиктай орж ирсэн. Харин би тэр боломжийг ашиглаж, “Оюутолгойн гэрээ”-г ард түмэндээ илүү ойлгуулахыг л хүссэн. Тэр миний нэг ч асуултад хариулаагүй. Зөвхөн хувь хүн, нэр хүнд рүү минь дайрч мэтгэлцээнийг хэрүүл болгохыг хүссэн. Харин би нэр хүндээ золиослон байж гэрээний зүйл заалтын эргэн тойронд ярих тактиктай байсан.Би алдаагүй, түүх дүгнэнэ.
-С.Баярцогтыг та үнэхээр лоббинд орж, авлига авсан гэж боддог уу?
-Тэгж боддог. Энэ бол хууль шүүхийнхний шийдэх асуудал. Би хувь хүний талаар ярих дургүй. Харин тэр хүний монголчуудын нэрийн өмнөөс хийсэн буруу үйлдэл, шийдвэрийн эсрэг тэмцдэг. Хэдхэн сая долларын төлөө Монголын ард түмний хүртэх ёстой олон тэрбум долларын ашгийг золиосолж хэрхэвч болохгүй. Энэ бол олон мянган монголчуудыг ажилтай, орлоготой байлгах асуудал шүү дээ.
-АТГ болон хууль хяналтынхан С.Баярцогтыг баривчилж шалгасан ч буцаагаад суллачихлаа. Цаашид хэргийг хааж ч магадгүй гэлцэж байна?
-АТГ-ыг С.Баярцогтын хулгайн мөнгөнөөс хуваалцсан гэж үзэж байна. Хэрэв ингэсэн бол АТГ болон хууль хяналтын байгууллага С.Баярцогтын хам хэрэгтнүүд гэсэн үг. Манай АТГ-хан Швейцарын хууль хяналтынхнаас ичиж амьдрах хэрэгтэй.
-Монголчууд “Оюутолгойн гэрээ”-г муу хийснээсээ сургамж авсан гэж бодсон үгүй бололтой. Түүнийгээ дахин муутгаж “Дубайн гэрээ” гэгчийг байгуулсан. Энэ мэтээр бидэнд онох тавилан ер нь байгаа болов уу?
-“Дубайн гэрээ”-нд Ч.Сайханбилэг гарын үсэг зурсны дараахан би Бат-Эрдэнэ гэдэг эрдэмтэн найзтайгаа “Turquoise hill”- ийн вэб сайтаас ухаж байж мэдээллийг нь олж авсан. Маргааш өглөө нь чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүх гишүүдийн ширээн дээр орчуулгатай нь хамт тавьсан. Шанд нь “Ч.Сайханбилэг босоо Ганбааг хэвтүүлжээ” гэсэн алдарт үгээ хэлж, баахан хөлсний бичээчдээр намайг баахан гөвүүлсэн. Товчхон хэлэхэд, муу улстөрчдөөс болж улс орон сүйрдэггүй, харин муу улстөрчдийн талаар юу ч хэлдэггүй, тэмцдэггүй ард түмэнтэй бол улс орон сүйрдэг. “Дубайн гэрээ” гэгч бол бидний тавилан биш ээ. “Дубайн гэрээ”-г хийсэн муу улстөрчдөд ямар ч сонгуулиар дүн тавьдаггүй, хариуцлага тооцдоггүй ард түмэнтэй байгаа нь бидний тавилан юм даа.
-Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээг илт өмөөрдөг байсан. Нэгэнт айлд өгсөн охиныхоо араас битгий гоншгоно гэж хүртэл хэлж байсан шүү дээ?
-Тухайн үед УИХ-ын хаалттай хуралдаан дээр Ц.Элбэгдоржийн эсрэг Оюутолгойн гэрээний талаар би ганцаараа ярьж байсан даа. Мань хүн над руу маш бүдүүлгээр дайрч байсан. Тэгэхэд ҮАБЗ болон Ц.Элбэгдоржид долоон бичиг явуулсан юм. Тэр үед МАН, АН хоёр дуугардаггүй байсан. Одоо унасан хүний дээрээс өшиглөх сонирхол алга.
-Та ер нь улс төрийн тэмцлээ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш жаахан намжаачих шиг боллоо. Ямар нэг тактик байна уу?
-Тактик бий. Нөгөө талаас С.Ганбаатар л үргэлж тэмцэж ярьсаар байгаад гадны хөрөнгө оруулагчдыг үргээлээ, амьдрал яг сайхан болох, эдийн засаг босох гэхээр л садаа болоод байна гэж уйлан донгоддог хүмүүс яагаад таг болчхов оо. Оюутолгойн гэрээг гацаагаад байна гэж үргэлж сурталчилдаг улстөрчид, хөлсний бичээчдээс би асуумаар байна. Яагаад Оюутолгой Монголд ашиггүй хэвээр байна вэ. Ажилгүйдэл, өр зээл хэтэрлээ. Миний хувьд өнгөрсөн хоёр жил нуруугаа жаахан амрааж, намынхаа дотоод ажилд оролцож ирлээ. Би асуумаар байна, нөгөө эдийн засгийн өсөлт нь хаана байна вэ. Оюутолгойнхон Монголыг харж үзэх хаа байна. Одоо улстөрчдийг юу гацаагаад байгаа юм бэ. Би 12 жил зүтгэсэн хүний хувьд үр дүн, хариу нэхэх эрхтэй.
-Та ганцаараа үедээ, ХҮН намын даргаар ажиллаж байхдаа ч лидер байсан. Тэгвэл одоо МАХН-д орсноор хоёрдугаар эгнээний лидер болоод явж байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Хүлээн зөвшөөрнө. Чин үнэндээ биед их амар юм байна. Би нэгдүгээр хүний зовлонг ойлгодог, дэм болохоо мэднэ ээ.
-Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр таны бодлоор үнэхээр ухаарсан, гэмшсэн, бас Монгол Улсыг шинээр хөгжүүлж чадах лидер мөн үү?
-Мөн. Түүн шиг “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Их өр” -ийг тэглэсэн, Тавантолгойг монголчуудад авч өгсөн лидер Монголд алга. Н.Энхбаяр их зоригтой хүн.
-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд та биш, Н.Энхбаяр намаасаа нэр дэвшиж таарна. Гэтэл та Ерөнхийлөгч ч байж мэдэх рейтинг, байр суурь дээр зогсож байгаа хүн. Энэ амбицаа хойш татаж чадах уу?
-Чадна. Монгол орон хөгжих нь хамгаас чухал.
-2020 оны сонгуулийг МАХН болон гуравдагч хүчнүүд мэдээж өөдрөгөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ л хоёр намын хайрцгаас гарч чадах нь юу л бол гэж бодогддог уу?
-Би 2020 оныг өөдрөгөөр боддог. Монголынхоо иргэдэд итгэдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг хоёр тэрбумтныг нам цохино гэж цөөхөн хүн л өөдрөгөөр бодсон байх. Гэхдээ бид ялсан, харин тэд луйвардсан. Аливаа юмыг байгаагаар нь бус, ямар байж болох вэ гэдгээр нь харж сураасай.
-Та асуултад жаахан наагуур хариулаад байх шиг. Тиймээс лавшруулаад асуучихъя, хэрэв Монголын улс төр өөрчлөгдөхгүй, Н.Энхбаярын намд хүрд эргүүлэх боломж олдохгүй байсан ч та энэ намд байгаад л байх уу?
-Байгаад л байна. Тухайн үедээ хүссэн бол албан тушаал сайдын суудал МАН, АН-аас надад албан ёсоор тавьж байсан. Би зарим улстөрчдөөс өөр бодолтой гэдэг нь, буруу бодолтой гэсэн үг биш.Би үзэл бодолтой хүн.
-Эх орны хишиг, Эрдэнийн хувь зэрэг популист амлалтуудыг эрх баригч намууд өнгөрсөн сонгуулиудаар өгч байсан. Тэгвэл энэ удаа “Итгэлийн зээл” гэх мэт бас л үргэлжлэх төлөвтэй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Эд одоо бүр тэнэгэрч эхэлж байна. Монголын ард түмнийг басаж болохгүй. Одоо “Итгэлийн зээл” дараа нь хайрын зээл, дурлалын зээл гэх мэтчилэн үргэлжлэх байх даа.
-Төрийн толгойноос 30 шахам жил буулгүй ээлжилж засагласан цөөн хэдэн улстөрчийн буруугаас Монгол орон ийм байдалтай байна. Тэдний тоонд танай намын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл багтана. Та тэдэнд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Би өнгөрснөө дүгнэх тийм ч дуртай биш, харин ирээдүйгээ ямар байж болох вэ, ямар гарц байна вэ гэдэг талаас нь илэрхийлж тэмцэх дуртай. Тиймээс “Надаас ирээдүйд монгол орон минь яаж хөгжих вэ гэж асуугаач, надад төлөвлөгөө байна” гэсэн сэдэвтэй, одоогоос хоёр жилийн өмнө тавьсан лекцийн минь талаар асуу л даа, миний бичсэн “Монголоо яаж хөгжүүлэх вэ” номын минь талаар асуугаач.
-Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Х.Баттулга, М.Энхболд, Н.Алтанхуяг гээд энэ нэрс хөвөрнө. Та тэдний хэнд нь хамгийн гайгүй үнэлгээ өгөх вэ?
-“Агуу хүн үзэл санаа ярьдаг. Дунд хүн үйл хэрэг ярьдаг. Адгийн хүн хувь хүний тухай ярьдаг” гэдэг дээ. Би хувь хүний талаар ярих дургүй. Тэр бүү хэл, С.Баярцогт, Б.Баабар мэтийн хүмүүсийн талаар ч ярьж байгаагүй. Гэхдээ нэг зүйл хэлье, таны нэрийг нь дурдсан энэ хүмүүсийн үед Монгол орон бүрэн дампуурч байна. Бид энэ хүмүүсийн жишгээр явбал Монголын хойч үе аль нэг хөршийн захын мужид амьдрах гашуун дүр зураг харагдаж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Миний олон жилийн тэмцэл үр дүнгүй өнгөрөхөөс л эмээдэг. Гэхдээ тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй бол аль хэдийн ялагдсан байдгийг үзэгчийн суудалд суугаа зарим нөхдөдөө аминчлан анхааруулъя. Монгол Улсын өр зээл,ажилгүйдэл,орлогогүйн түвшин,цөлжилт ядуурлыг хар л даа. Үүнээс үүдээд архидалт, гэр бүл салалт, утаа гээд хөвөрнө.Үүнийг олж харахгүй байгаа бол нүдтэй байгаад ч хэрэг алга.
-У.Хүрэлсүхийг олон нийт таныг шүүмжилдэг шигээ мөн л популист фронтод багтааж шүүмжилдэг. Таны хувьд түүний улс төрийн шийдвэр, тэмцлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Намайг шүүмжилдэггүй. Харин дайснууд маань намайг “ПОПЫН ХААН” гэж цоллодог. Би шударга баримттай, гарц шийдэлтэй Оюутолгойн гэрээ, “Дубайн гэрээ”, цалин тэтгэврийн гэх мэт тэмцэл хийснээрээ иргэдэд хайрлагддаг. Харин сандарсан эрх баригчид болон “Рио-Тинто”-гийнхон их мөнгө гаргаж хөлсний бичээчдээр харамгүй цоллодог. Энэ нь ямар ч насгүй гүтгэлэг төдий юм даа. Миний тэмцлийн фронтод худал ярьж шоронгийн түлхүүр булаацалдсан улстөрчдийг битгий хутга.
-Ардчилсан намын дотоод дахь зөрчлийг хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна даа. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дайн 2020 онд дахин эрх барина гэсэн найдлага дээр суурилж байх шиг ээ?
-Би МАН, АН-ын шударга гишүүдийг хүндэтгэдэг. Тэд миний шударга тэмцлийг дэмждэгт гүнээ талархдаг. Харин гишүүд дэмжигчдийнхээ эх орноо гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж хагартлаа баяжсан мафийн толгойлогчдыг Монголын дайсан гэж үздэг. Дайсныхаа бие биенээ хэмлэж нуран унаж байгаа байдалд би садаа болж болохгүй гэсэн бодолтой байна.
-Улс төрийн намуудын өнөөдрийн сэдэв бол Хэнтий аймагт болох нөхөн сонгууль. Энэ сонгууль намуудын рейтингийг тогтооно гэж зарим нь ярьж байгаа. Бүх нам, нэр дэвших хүсэлтэй горилогчид бие биеийнхээ мөр дээр гишгэн ар араасаа 42 дугаар тойрогт очсон нь үүнийг гэрчилж байх шиг?
-Тиймээ. МАХН 42 дугаар тойрогт ялна гэдэгт итгэл дүүрэн байна. Ялахгүй байх нэг л шалтгаан байна. МАН, АН хоёр биднийг дэмжиж буй хэнтийчүүдээс айсандаа, үнэнд гүйцэгдэхээс айсандаа дохио зангаагаар нь хөдөлдөг шүүгч нараараа нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргаж магадгүй.
-МАХН-аас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, та хоёрын хэн нь дэвших гэж байна вэ?
-Энэ асуудлыг ойрын үед намын Бага чуулганаар шийднэ.
-Танд бол нэр дэвших юмсан гэсэн амбиц байгаа л биз дээ. Би андуураагүй бол Хэнтий аймгийнхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар таныг нэгээр гаргасан санагдах юм?
-Та андуураагүй.
-Тэгвэл хэнтийчүүд 2017 онд яагаад танд итгэл үзүүлсэн юм бол. Энд ямар нэг учир байна уу. Та болоод танай намын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийнхантай ямар нэг холбоо хэлхээ, эрт эдүгээгийн хамтын ажиллагаа байдаг уу?
-Хэнтийчүүд ухаалаг. Тэд надтай адил Монголын ирээдүйд санаа зовдог, хайртай.Бид нэг шаналалтай, нэг мөрөөдөлтэй. Энэ л бидний холбоос. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар жирийн иргэдийг 50-100 мянган төгрөгөөр худалдаж авч болно гэж итгэсэн увайгүй улстөрчдөд хатуу цохилт өгсөн. Монголын уул уурхайн баялаг хэдхэн олигархын биш, Монголын нийт ард иргэдийн сайн сайхны төлөө байх ёстой гэсэн нэг үнэт зүйлтэй. Бид хамтдаа даварсан эрх баригчид, танхайрсан шүүгч нарын хандыг даръя гэсэн нэг ижил хүсэлтэй.
-Одоо та, Х.Баттулгын хийж, хэрэгжүүлж байгааг хараад түүний оронд байсан бол тэрийг тэгэх байсан, энийг нь ингэх гэж бодогдох юм уу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр жил өнгөрлөө. Түүний зүгээс явуулж байгаа бодлогын талаар та юу хэлэх бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн улсын гурван талт хэлэлцээрийг ашиглаж, ажлын байр олноор бий болгоход хүчээ төвлөрүүлэх ёстой. Оюутолгойн гэрээг ҮАБЗ-өөр нэн яаралтай хэлэлцүүлж Монголын ард түмэнд ашигтай болгох хэрэгтэй. Цөлжилтийн эсрэг усжуулалтын нэгдсэн бодлого гаргаж яаралтай бодит ажил хийх ёстой.
-Н.Энхбаяр, түүний намынхан Үндсэн хуулийг үндсээр нь шинэчилж Дээд хуулийн төсөл гээчийг боловсрууллаа гэж хэдэн жил ярилаа. Та ч гэсэн Н.Энхбаяртай хөтлөлцөөд тэр хуулийн төслийг сурталчлаад яваа. Ер нь тэр төслийг боловсруулахад таны оролцоо, хувь нэмэр нь юу байв. Өөрөөр хэлбэл таныг хэдэн хувьтай оролцов гэж асуугаад байна л даа?
-Манай намынхнаас асуу. Би өөрийгөө дүгнэмээргүй байна.
-Дээд хуулийг батлуулчихвал ард түмэн амар сайхандаа жаргах юм шигээр сурталчлах юм. Үнэхээр тэгээд Монгол Улс, ард түмний амьдрал үлгэрт гардаг шиг сайхан болчих уу?
-Болно. Үүнээс өөр туршиж үзэх замгүй болтлоо үгүйрэн хоосорч ядарч байгаагаа монголчууд минь ухаарч ойлгооч. 1990 оноос хойш 29 жил өрөнд баригдаж өтөнд идэгдлээ. Нэг мэдсэн ажилгүйдэл ядуурлын гүн нүхэнд гурван сая монголчууд бүгд орчихсон байна. Нүхэнд байгаа хүнд өгөх хамгийн эхний зөвлөгөө юу гээч. Нэгдүгээрт, ухсан нүхээ үргэлжлүүлэн ухахаа зогсоо. Хоёрдугаарт, нүхэнд шигдэж үхэхээсээ өмнө өөрөөр сэтгэж, өөр гарц яаралтай ол. Гуравдугаарт нь 29 жил буруу замаар явснаа хүлээн зөвшөөр. Будаа болтлоо сүйрчхээд байхад шавар бурхан шиг ямар ч нэмэргүй байгаа Үндсэн хуулиа өөрчлөхөөс бүү ай. Харин одоо байгаа сүйрлийн нөхцлөөсөө ай. Үндсэн хууль бол бурхан тэнгэрийн зарлиг биш, харин бидний хэлэлцэх ёстой нийгмийн гэрээ юм.
-Монгол Улс хэзээ “Одоо л сайхан болж байна даа” гэтэл хөгжиж, монголчууд хөл хөсөр, гар газар жаргах юм бол?
-Бидний санал болгож байгаа Шинэ дээд хуулийг баталсан үед, тэнд нэгдүгээрт идэж уудаг луйварчин сайд дарга улстөрчдийг яаж жирийн иргэд хариуцлага тооцон шоронд оруулдаг вэ гэдгийг нарийвчилж заасан. Өнөөдрийн Үндсэн хуульд сайд дарга нар чөлөөтэй хулгай хийж болно, үсрээд л улстөрчид олзоо булаацалдаж хоорондоо зодолдож, ганц нэгийгээ түр шоронд хийхийг горьдож хүлээх л ард түмэнд үлдсэн. Бидний санал болгож буй Дээд хуульд улстөрчдийн хулгайн гол объект болох уул уурхайн баялаг гурван сая монголчуудын дундын өмч байна аа гэж заасан. Одоогийн Үндсэн хуульд уул уурхайн баялаг гурван сая хүнд огт падгүй. Сайд дарга нарын дундын өмч мэтээр заасан. Тэр нь төрийн өмч гэсэн хөөрхөн нэртэй. За иймэрхүү байх шив дээ, сайхан шударга асуултууд асуусанд баярлалаа,өндөрлөе. Монгол оронд улс төрийн ган зуд болж байна. Гэхдээ бороо орохдоо л орно, ногоо ургахдаа л ургана.

Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
5 | УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан | Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | 214 тоот |
Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ