Нийгэм
“Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн жилд 1,000 гаруй хүн амиа алддаг”
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа.
Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4,000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд ажиллаж буй.
НГХУСАЗЗ-өөс дэмжлэг үзүүлж, олон нийтийн цагдааг хороодод ажиллууснаар хэв журмыг тогтооход тодорхой эерэг үр дүн гарч байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрынхан дотооддоо зохион байгуулалт хийж, олон нийтийн цагдааг мэргэшүүлэх, албан ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа нь санаачлан хэрэгжүүлж буй ажлуудынх нь нэг юм.
Нийслэлийн цагдаагийн газарт жилд 450,000 орчим дуудлага ирдэг байна. Тэгвэл үүний 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлсэн байдаг аж. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг эл эрсдэлт бүсэд ажиллуулж, дуудлага бүрт хүрч ажиллахыг хичээдэг ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж хэлсэн юм.
Энэ жил НГХУСАЗЗ-өөс нийслэлийн цагдаагийн газарт нэг тэрбум төгрөгөөр автомашины парк шинэчлэл хийх юм. Гэвч тус газрын техник хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Тиймээс албан хаагчдын зүгээс дараа жилүүдэд тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд дэмжлэг үзүүлж өгөхийг уулзалтын үеэр хүссэн юм. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч хэлсэн.
Учир нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж буй аж. Тодруулбал, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн жилд 1,000 гаруй хүн амиа алдаж, 17,000 гаруй хүн баривчлагдаж, 9,000 гаруй ял шийтгүүлдэг гэнэ. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва тус газрын техник, хэрэгслийг үе шаттай шинэчлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхээс гадна төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулахад анхаарч ажиллахаа уулзалтын үеэр хэлсэн юм.
Уулзалтын үеэр хөндсөн өөр нэг асуудал нь цагдаагийн хэлтсийн таван байрны дулаан хангамж байв. Өнөөдрийн байдлаар таван хэлтэс нүүрс түлж, нам даралтын зуухаар халаалтаа шийдэж байгаа гэнэ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг энэ сарын 15-наас хэрэгжүүлсэн тул цагдаагийн хэлтсийн байрнуудын дулааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгч, тус асуудлыг шийдүүлнэ гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа