Нийгэм
Уурхайд осолдсон ажилтны цогцсыг эрэн хайж байна

Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан алтны уурхайд хоёр сарын өмнө осол гарч хүний алтан амь эрсэдсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь уурхайд мөн ноцтой осол гарчээ.
Баянгол сумын нутаг, “Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэдсэн байна. Энэ сарын 23-ны 23:10 цагийн орчимд Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолджээ. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг давхар хянан дэмжлэг үзүүлэхээр МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяр хэвлэлийн төлөөлөгчийн хамт ажиллаж байгааг тус газраас мэдээлжээ.
“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.
Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна. Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, аймгийн цагдаа, хууль, хяналтын байгууллагаас ажиллаж байна. Осол гарсан уул уурхайн компанид Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийсэн талаар тайлангаа гаргасан байна. Уг тайланг бүрэн эхээр нь хүргэж байна.
1.Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан.
Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон.
2.Энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж уг компанид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, Мэргэжлийн хяналтын газарт биелэлтийг ирүүлсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийг уг зөвлөмжид даалгасан.
Уг зөвлөмжийн 11 дүгээр заалт /Ил уурхайн хажуу, догол, траншей, овоолгын байдалд байнгын хяналт тавьж чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг (гулсалт, нуралт, суулт гэх мэт) илрүүлэх үзлэг, хэмжилтийн ажлыг тогтмолжуулах, эрсдэл үүсэх шинж тэмдэг илэрвэл уулын ажлыг тухай бүсэд зогсоож шуурхай арга хэмжээ авч, доголын байдалд нарийвчилсан үзлэг хийж, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй болгосны дараа мөрөгцөгт тоног төхөөрөмж байрлуулах/, 12 дугаар заалтад /Гулсалт нуралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ордыг ашиглах зураг төсөлд тусгайлан тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллах, ашиглалтын явцад гулсалт, нуралт гарах хандлага илэрвэл тухай хэсэг дэх бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй ажиллагааг хангах/ болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах тухай тодорхой зааж өгсөн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дур мэдэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм11 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм14 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна