Эдийн засаг
Системийн 1.1%-ийг эзэлж байсан банкны дампуурал даатгалын сангийн 10%-ийг олгоход хүргэсэн нь зохистой юу?

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Харин Монголбанк, олон улсын зарим шинжээч “доргихгүй” гэж байв. Гэвч…
Капитал банк дампуурахад албаны хүмүүс “Нийт системийн 1.1%-ийг эзэлж буй жижиг банк учраас эдийн засагт доргилт үүсгэхгүй. Даатгагдсан тул хадгаламж эзэмшигчдийн мөнгө шууд төлөгдөнө” хэмээж, бараг л сүртэй зүйл биш ухааны тайлбар хэлж байв. Үнэн хэрэгтээ Монголбанк тус банкийг дампууруулж буйг зарласнаар Капитал банканд хадгаламж эзэмшиж, харилцаж байсан 260 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдсөн юм.
Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль 2013 онд батлагдсанаас хойш банк дампуурсан тохиолдол байгаагүй тул Хадгаламжийн даатгалын корпорацын хувьд ч энэ нь шинэ үзэгдэл болов. Тус корпорац нийт 261,644 иргэн, аж ахуйн нэгжид 42.5 тэрбум олгох ёстойгоос тавдугаар сарын 17-ны байдлаар 35.4 тэрбум төгрөгийн хохирлыг ХААН банкаар дамжуулан барагдуулчихаад байгаа талаар ХДК-ын хуульч Б.Амарбилэг хэлсэн юм. Харин ийнхүү нөхөн төлбөрөө авсан хадгаламж эзэмшигчдийн тоо 17,432 аж. Өөрөөр хэлбэл, цаана нь нөхөн төлбөрөө аваагүй 244,212 хадгаламж эзэмшигч байгаа гэсэн үг.
“Капитал банк бүртгэлээрээ Монгол Улсын анхны арилжааны банк учраас тухайн үед хадгаламж нээлгээд орхисон ч юм уу, бага дүнтэй хадгаламж эзэмшигчид байгаа болов уу гэж таамаглаж байгаа. Ерөнхийдөө өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид нь мөнгөө авчихаад байх шиг байна” хэмээн Б.Амарбилэг тайлбарлав.
Капитал банкан дахь нийт хадгаламжийн 99.5% нь даатгагдсан буюу 20 сая хүртэлх сая төгрөгийн хадгаламж болохыг Хадгаламжийн даатгалын корпорацын захирал Х.Бум-Эрдэнэ мэдээлсэн.
20-оос доош сая төгрөгийн хадгаламж нийт мөнгөн дүнгээрээ 42.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж, Хадгаламжийн даатгалын корпорацын 2013 оноос хойш хуримтлуулсан мөнгөний 10 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Системийн хэмжээнд ганцхан хувийг эзэлж байсан банк дампуурахад л Монгол Улсын арилжааны 14 банкан дахь нийт хадгаламжийг даатгасан мөнгөний 10%-ийг зарцуулахад хүргэж байна гэсэн үг. Тиймээс энэ бол бага биш том нөлөө.
Нөгөө талаар, тус банкны чанаргүй зээл 208 тэрбум төгрөгт хүрсэн бол хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөг болсныг Монголбанк зарласан.
Үүний 340 тэрбум төгрөг нь тус банканд байршуулсан байсан төрийн байгууллагуудын мөнгө буюу:
Тэтгэврийн даатгалын сангийн 104,
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136,
Хөгжлийн банкны 52 тэрбум (ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг) байжээ.
Эдгээр мөнгийг Сангийн сайд Монголбанкнаас нэмэмжлээд буй. Мэдээж банкны эд хөрөнгийг үнэлж, борлуулж энэ мөнгөнүүдийг барагдуулах ч системийн ганцхан хувийг эзэлж буй банкны дампуурал дангаараа 400 орчим тэрбум төгрөгийн төлбөр дагуулж байна. Нөгөө талд банкны эд хөрөнгө энэ хэмжээнд хүрч хохирлыг бүрэн барагдуулж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Тэгвэл банкийг дампууруулахгүй байх боломж байсан уу?
Капитал банкны үйл ажиллагаа 2016 оноос хүндэрсэн талаар Монголбанк мэдээллийнхээ үеэр дурдаж байсан. Тэр үеэс арга хэмжээ авалгүй, ийм хэмжээний алдагдалд хүртэл нь явж, банкны үйл ажиллагаа хэвийн хэмээн буруу мэдээллээр хадгаламж эзэмшигчдийг хуурч байсан төв банк асуултын тэмдэгтэй хэвээр байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ банкны активын хэдэн хувьд хүрэхэд эрсдэлтэй гэж үзэж, арга хэмжээ авах ёстой гэсэн хууль журам байхгүй учраас ийнхүү алдагдал 80%-д хүртэл явсныг төв банк тайлбарласан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч “Хуулийн дагуу цаг тухай бүрт нь арга хэмжээ аваагүй. Аваагүй учраас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж харж байгаа” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Бүтэн дөрвөн жил чимээгүй явчихаад гэнэт “Капитал”-ыг шууд дампууруулсан нь хардлага төрүүлж байгаа юм. Учир нь тус банкны 90 гаруй хувийг эзэмшдэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа дөрөвдүгээр сарын 8-нд банкийг дампууруулсан талаар мэдэгдсэний маргааш “Энэ шийдвэрийг улстөржилт гэж харж байна. Улс төрийн нөхцөл байдал орсон” гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өмнөх нь эдийн засаг хүндэсрнээс банкууд дампуурч байсан бол эдийн засгийн өсөлт гарчихсан, идэвхжиж байгаа үед боллоо” гэж онцолсон юм.
Улс төрийн шалтгаантай байж болох нэг баримт нь “Алтжин” группийн захирал Г.Алтантай холбоотой гэж үзэх хүмүүс ч бий.
Тэрбээр “Капитал” банкны хамгийн том хадгаламж эзэмшигч буюу 80 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны экс дарга Д.Дамба-Очир албан ёсоор мэдэгдсэн удаатай. Энэ мэдээж санамсаргүй мэдэгдэл биш билээ.
Түүнчлэн “Капитал” банкны ТУЗ-ийн гишүүн асан, эдийн засагч, дэд профессор Ш.Гоохүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа Капитал банкинд байршуулсан төрийн банк санхүүгийн байгууллагуудын их хэмжээний мөнгийг 2015 оны сүүлийн хагас жилээс буюу хугацаа нь болоогүй байхад гэнэт татаж эхэлсэн нь төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн талаар дурджээ. Капитал 2018 оны сүүл, 2019 оны эхээр дүрмийн сангаа 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 83 тэрбум төгрөгт хүргэжээ. Иргэд, ААН-ээс авах зээл хүүний авлага 350-аад тэрбум төгрөг, тухайн зээлийн барьцаа хөрөнгө зах зээлийн үнэлгээгээрээ 500 орчим тэрбум төгрөг байгаа аж. Банкны тухай хуулийн дагуу банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах боломжтой байсан ч шууд эцсийн шатны арга хэмжээ болох банкийг татан буулгаж, эрх хүлээн авагч томилсон нь хууль зөрчсөн хэмээн Ш.Гоохүү ярьсан юм.
Тэгвэл банкийг дампууруулж, Хадгаламжийн даатгалын корпорацаас мөнгөө жижигрүүлэн задалж авахыг хэн яарсан бэ?
Хэн ойрноос их хэмжээний буюу 40 сая доллар төлөх ёстой төлбөрт орсон бэ? хэмээн хардаж болохоор байна.
Ямартай ч системийн ганцхан хувийг эзэлж байсан “Капитал банк” дампуурсан нь Хадгаламжийн даатгалын корпорацын мөнгөний 10% нөхөн төлбөрт зарцуулахад хүргэж, банкны системийн эрсдлийг нэмэгдүүлж, өнөөх бидний бууруулах гэж үзээд, хууль хүртэл гаргах гэж оролдоод буй зээлийн хүүг улам нэмэгдүүлэх нэг шалтгаан болов.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.