Нийгэм
Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардлаа
Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын хилийн заагийг өөрчлөхийг шаардан нутгийн иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа жагслаа. Харин Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардсан юм.
ГУРВАНТЭС СУМАНД 10 УУРХАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэжид
“Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахаар болоход эрдэмтэд судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн 893 мянган га талбайг хамгаалалтад авна уу хэмээн хүсэлтээ өгсөн. Гэтэл 2017 онд байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоохдоо 165 мянган га-г нь гаргачихсан. Одоо тэнд нь уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Хүнээр бол хөлийг нь тайрч хаячихаад хамгаалалтад авлаа гэж байгаа юм. Угтаа бол Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь хамгаалалтад авч байж л, хамгаалсан болно. Одоогоор тэрхүү хилийн заагийн гадна үлдээсэн талбайд “Сауд Гоби Коэл Транс” компанийн эзэмшиж байгаа талбай нь 43 мянган га талбай буюу Улаанбаатар хотоос ес дахин том талбай. Өөрөөр хэлбэл, нэг уурхай Улаанбаатар хотоос ес дахин том талбай эзэмшин, үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.
Өмнөговь аймгийн Гурван тэс сум нь 2.9 сая га талбай нутагтай бөгөөд одоогоор тус суманд 10 уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Жагсаалд оролцож буй Өмнөговь аймгийн иргэд энэхүү жагсаал нь хэдэн хүний нэрийг харлуулах гэсэн үйлдэл огт биш бөгөөд өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутгийг онгон хэвээр үлдээх, үр хойчдоо байгалийнхаа үзэсгэлэнт төрхийг өвлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Ц.ӨНӨРЖАРГАЛ: ДАВХЦАЛГҮЙ 31 АЙЛЫН ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОХГҮЙ, ДАВХЦСАН 89 АЙЛЫН ГАЗРЫГ СУДАЛЖ ӨГӨХГҮЙ БАЙНА
Харин Зайсан орчимд амьдардаг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг огцрохыг шаардаж байв. Тухайлбал, “Экологи Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал “Зайсангийн айлуудын бүртгэл дүүргийн хяналтад байдаг. Манайх Зайсанд 60 жилийн турш, гурван үеэрээ амьдарч байна. Тэгэхэд нэг гэрийн буурийн талбай авах гэж яамны үүдийг 11 жил царай алдлаа.
Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байхад газар нь давхцаагүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцалтай 89 айлыг ч судалж өгөхгүй байна. Сүүлд давхцалгүй бөгөөд гэрчилгээтэй байсан айлын газрыг ч цуцалсан. Иргэд бидэнд хүндэтгэлгүй хандаж байна, асуудлыг шийдэх өгөхөд анхаарал тавьдаггүй, хүлээн авч ч уулзаагүй. Яагаад гэдэг учир шалтгаанаа ч хэлэхгүй байна” гэж байв.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа