Эдийн засаг
Н.Хүдэрчулуун: Зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноор ББСБ-ын нийт харилцагчдын 80-90%-д зээл олдохоо болино

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр санхүүгийн зах зээлийн 2019 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтүүдийг танилцууллаа.
ББСБ-ын нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 38% өсжээ. ББСБ-уудын олгосон нийт зээлийн 65% нь иргэдийн хэрэглээний зээл бөгөөд үүний 86.5% нь 2.5 хүртэл жилийн хугацаатай байна. Энэ нь макро зохистой бодлогын хүрээнд Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг хязгаарлах бодлогыг 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсний нөлөөгөөр гарсан өсөлт бол нөгөө талаар ББСБ-уудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлж буйгаас зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн тайлбарлав.
Нийт 492 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дүрмийн санг нэмэгдүүлэх СЗХ-ны бодлоготой холбоотойгоор 2019 оны эхний улиралд нийт актив нь 33.3%-аар өсжээ. Хадгаламж зээлийн хоршооны зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 3.4% буюу өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй байна.
Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийн хэмжээ мөн өсөлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.7% өсжээ. Салбарын нийт зээлийн үлдэгдэл 33.6% өсөж, 157.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. ХЗХ-ны салбарын орлого 2019 оны эхний улиралд 29.3%-аар өссөн ч цэвэр ашгийн хэмжээ 2.0 хувиар буурчээ.
Салбарын активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 77.8%-ийг зээлийн өсөлт эзэлсэн байна.Харин санхүүгийн салбарт ажиглагдаж буй өсөлтүүдэд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль маш сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо илэрхийлж байна. Тодруулбал, ББСБГ-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь санхүүгийн зах зээлд цохилт болно” гэсэн бол СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “Зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноор ББСБ-ын нийт харилцагчдын 80-90%-д зээл олдохоо болино” гэсэн юм.
Энэ талаар тэрбээр “Зээлийн хүү өндөр байгаа гэдэгтэй бодлого боловсруулагчид, ард иргэд бүгд санал нэгдэж байаа ч хэрхэн бууруулах вэ гэдэг дээр л асуудал яригдаж байгаа.
Өнөөгийн нөхцөлд барьцаа хөрөнгө ихтэй, орлого өндөртэй хэсэг нь арилжааны банкаас, арилжааны банкуудын шаардлагыг хараахан биелүүлж чадахгүй байгаа хэсэг нь ББСБ, тэдгээрийн шаардлагад нийцэхгүй байгаа хүмүүс ломбардаас зээл авах гэх мэт бүтэцтэй явж байна.
Гэтэл зээлийн хүүгийн таазыг хуулиар тогтоож, эдгээр бүх санхүүгийн байгууллагын хүүг адил түвшинд аваачихаар арилжааны банкууд том ААН-үүдэд их хэмжээний зээл өгөөд ард иргэдэд олгодог зээлээ хумина гэсэн үг. ББСБ зээлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Гэвч зээлийн хэрэгцээ нь байсаар байна. Ийм нөхцөлд зохицуулалттай салбараасаа гараад далд хэлбэрт зээл шилжинэ гэсэн үг. Би өнөөдөр ББСБ-аас 3.4%-ийн хүүтэй зээл авдаг байсан бол магадгүй би хувь хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээс аргагүй байдалд орно.
Нөгөө талаар ЖДҮ, гарааны бизнес эхэлж байгаа хүмүүст зээл олдохгүй. Тиймээс энэ хуулийн төслийг бид дэмжихгүй байгаа. Хуулийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн талаар бид судалгаа хийж байгаа.
ББСБ-ын 3.4%-ийн хүүг өндөр л гэж байна. Хоёр жилийн өмнө 4.2% байсан гэхээр тодорхой ахицууд гарч байна. Тиймээс суурь нөхцөлүүдээ бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.