Нийгэм
Томоохон уулзваруудыг замын цагдаа бус камер хянана

Энэ сарын 20-ноос хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлсэн. Улмаар жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ногдуулах талаар албаны хүн хэлж байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай энэ асуудлаар ярилцлаа.
-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Эхний ээлжид жолооч нарыг торгох биш, замын хөдөлгөөний шинэ дүрмийн дадал суулгах хүртэл хэсэг хугацаанд сануулах арга хэмжээ авч байгаа гэсэн. Хэзээнээс шар тэмдэглэгээ дээр зогсвол торгож эхэлсэн бэ?
–Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнөх үеэс эхлээд иргэдэд дүрмийн талаар болон шар тэмдэглэгээний талаар мэдээлэл сурталчилгааг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, жолооч нар дүрмээ мэдэхгүй биш мэдэж байгаа хэрнээ зөрчөөд байгаа нь тодорхой цаг хугацаа шаардаад, дадал хэвшил дутагдаад байгаа болов уу гэж үзээд тодорхой хугацаанд торгохгүйгээр тайлбарлаад сануулах, арга хэмжээ авч байсан. Тэр ч утгаараа энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Одоо жолооч нар шар тэмдэглэгээ гэж юу юм бэ, ямар тохиолдолд торгох вэ гэдгийг мэддэг болсон.
Тиймээс энэ сарын 20-ны даваа гаригаас эхлээд шууд торгуулийн арга хэмжээ авч байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. Үүний дагуу уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах юм. Өнөөдрийн байдлаар Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Цаг уурын уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглэгээг хийсэн байна. Дээрх дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийж, хяналтын камерын автомат систем ашиглан, дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулийн төлбөр хүргэгдэнэ.
-Хяналтын камерын автомат систем ашиглан дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлнэ гэхээр уулзвар бүрт замын цагдаа зогсохгүй гэж ойлголоо, зөв үү?
-Замын хөдөлгөөнийг замын цагдаа хянахгүй байх боломж бүрдсэн гэж үзэж болно. Эхний ээлжид дөрвөн уулзвараас эхэлж байгаа боловч цаашид бүх уулзвар дээр камер суурилуулна. Цагдаагийн алба хаагч зөвхөн хяналтаа тавих нөхцөл байдал руу шилжинэ гэсэн үг. Мөн нийслэлээс барьж байгаа нэг том ажил нь уулзваруудыг ухаалаг гэрлэн дохионы системтэй болгохоор судлаад явж байна. Хүмүүс уулзвар бүрт заавал замын цагдаа байх ёстой гэж ойлгодог. Гэтэл замын цагдаагийн алба хаагч уулзварын гол руу орж зохицуулах цөөхөн тохиолдол байдаг. Хамгаалалт зохицуулалт, зам тээврийн осол, зохиомол түгжрэл саатлын үед л уулзварын гол руу орж зохицуулах үүрэгтэй.
-Зөвшөөрөгдөх гэрлэн дохио ассан байсан ч гэсэн торгох уу?
-Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой. Хэрвээ хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглэгээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна.
Тэгэхээр жолооч зөвшөөрөгдсөн гэрлээр замын хөдөлгөөнд оролцохдоо хамгийн нэгдүгээрт, түгжрэл үүссэн эсэхийг харах хэрэгтэй. Түгжрэл үүссэн бол шар тэмдэглэгээнээс гарах боломжтой хугацаа хүртэл хүлээхийг мартаж болохгүй гэсэн үг. Харин зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчдод зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар программчилсан.
–Дөрвөлжин шар тэмдэглэгээ рүү орж зогссон жолоочид оногдуулах хариуцлага ямар байх вэ?
–Зөрчил илрүүлэгч камерын баримт, шийтгэлийн хуудас тухайн жолоочийн гэрийн хаягаар шуудангаар очно. Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 мянган төгрөгөөр торгоно. Иргэдийг торгоод байх сонирхол цагдаагийнханд байхгүй. Ийм учраас зөрчил гаргахгүй байх ёстой гэдгээ иргэд ухамсарлах хэрэгтэй.
-Шинэчилсэн дүрэм байдаг ч иргэд төдийлөн сайн мэддэггүйгээс байнга зөрчөөд байгаа заалт бий юу?
–Нийтийн тээврийн үйлчилгээ зогсохтой зэрэгцэн жижиг тээврийн хэрэгслүүд тодорхой чиглэлд хүн тээвэрлэхээр автобусны буудал дээр цуваа үүсгэн зогсдог. Энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд чиглэлийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоол дээр 22.00-06.00 цагийн хооронд хүн буулгаж, суулгахаар түр зогсохоос бусад тохиолдолд зогсохыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч нарт чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр зогсохгүй байхыг анхааруулмаар байна.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм14 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм14 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм16 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм16 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна