Эдийн засаг
Бизнес эрхлэгчдийн зоригийг мохоосон муухай монгол зан
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгмийг өөрчилж, хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэмд шилжсэн 1990 оноос хойш Монголд үндэсний хөрөнгөтнүүд бий болсныг өнөөдөр хүн бүр мэдэж буй.
Харин тэр хөрөнгөтэй болсон нэг хэсэг маань бизнес эрхэлж, үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагааг нь өргөжүүлсээр явааг монголчууд бүгд мэддэг ч муухай монгол зангаараа ажил олгогч, бизнес эрхлэгчдээ үргэлж муулсаар ирсэн гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Шилжилтийн хүнд үед хуруу хумсаа хуйхлан байж байгуулсан үндэсний хөрөнгөтнүүдийнхээ компаниудад өдгөө зах зээлийн шуурганд ажилгүй болж, гудамжинд гаран архи ууж байсан зарим хүн төдийгүй нийгмийн ороо бусгаа үед хүүхэд байсан, өсөж том болон ажлын талбарт гарсан олон залуус ажиллан ар гэр, ахуй амьдралаа өөд нь татаж яваа билээ.
АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛСӨН МӨНГӨ ТАТВАРЫН ОРЛОГЫН 50 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Өнөөдрийн манай үндэсний хөрөнгөтнүүд хэрхэн баяжсаныг өөрсдийнх нь ярилцлага, хөрөг нийтлэлээс уншиж, бодож, сэтгэдэг нэг хэсэг нь мэдэж авч ойлгоцгоосон нь бий. Том, том групп, компани удирдаж буй, “баячууд” гэж нийгмийн нэг хэсэг буюу залхуучууд, бэлэнчлэх сэтгэлгээтнүүд, компьютер, гар утасныхаа араас олон зүйл бичигчдэд адлуулах болсон тэд л улсдаа бүтээн байгуулалт өрнүүлж, татвараа төлж, эдийн засагтаа хувь нэмрээ оруулсаар 30-аад жил болох гэж байна. Тэд шинэ цагийн цээж баячууд шиг бусдыг залилж, луйвар хийж, мөнгөтэй болоогүй ээ. Наран мандахаас шингэх хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, нанхиадаас Европ, хойноос урагшаа “гахай” үүрч, наймаа хийж хөрөнгөтэй болох анхныхаа шанг татсан шижигнэсэн залуус байв. Цагийн эрхээр үсэнд нь сор сууж, духанд нь үрчлээ тогтсон ч тэд бий болгосон бизнесээ өргөжүүлэх, баялаг бүтээн, ажлын байр нэмэгдүүлж, ажилтай, орлоготой монголчуудыг олон болгохын тулд өдгөө ч зүтгэсээр л байна. Бизнес эрхлэгчид хэчнээн баян боллоо ч нэг хөлд хоёр давхар гутал өмсдөггүй гэдэг болохоор өөрсдийнхөө эрх ашгаас илүүтэй, нийгмийн хариуцлага, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө төрдөө татвараа төлсөөр л ирсэн. Хэн нэг хүний амьдрал бусдынхаасаа илүү биш. Томоохон компани, корпорацын захирал ч бай, жижиг ТҮЦ ажиллуулдаг нэгэн ч гэлээ бүгд л жаргал, зовлон бүхнийг даван туулсаар яваа. Бүгд л ялгаагүй хэдэн хүнийг баярлуулж, сайн сайхантай учруулахын төлөө зүтгэж байгаа билээ. Тийм л учраас улсдаа татвараараа ч, ажлын байр бий болгож байгаагаараа ч том хөрөнгө оруулж байгаа юм.
Нийгмийн нэг хэсэг маань “баячууд” хэмээн ад үзэж, тэдний эсрэг шүлсээ үсчүүлэн бизнес эрхлэгчид, компанийн эзэд рүү дайрч байхад муу муухайгаараа дуудуулж буй тэдгээр цөөн хэсэг нь зөвхөн 2018 онд л гэхэд улсад 4.1 их наяд төгрөгийн татвар төлөөд байгаа билээ. Манай улсын топ 100 аж ахуйн нэгжийн улсад төлсөн татвар өмнөх оноос 29 хувиар өсөж, Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувь болсон гэх статистик мэдээллээс бизнес эрхлэгч, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн эздийн зүтгэл асар их гэдгийг дүгнэж болно. Төр тэдний төлсөн татвараар маш олон хүний тэтгэвэр тэтгэмж, халамжийг түгээж, тэр ч бүү хэл, авлигач, улсын мөнгийг шамшигдуулан идэгчид хүртэл завшсаар байгаа гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 64 301 аж ахуйн нэгж байдгийн нэлээд нь 1990-ээд оноос ганзагын наймаанд явж амьдрал ахуйгаа болгохын төлөө зорьсон хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниуд. Тэд ийнхүү нойр хоолоо хугаслан байж эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэн өдгөө улсдаа нэртэй том групп компани байгуулан баялаг бүтээж байгаа шүү дээ.
Түүний нэг жишээ нь хэдхэн хоногийн өмнө бурхны оронд заларсан Гаваагийн гэх овогтой ч АПУ-гийн, “Толин хул”-ын гэх тодотголоо овогтойгоо ижилсүүлэн танигдсан Г.Батхүү агсан билээ. Тэрбээр “Шунхлай” авто засварын газраас л бизнесээ эхэлж, өргөжүүлсэн. Бүр тодруулбал, инженер мэргэжилтэй тэрбээр 1990 онд зах зээлийн анхдагч болгож, уг засварын газраа нээн, ирсэн үйлчлүүлэгч бүртээ өөрийн гараар машиныг нь засаж өгч, авсан ажлын хөлсөөрөө компаниа босгож эхэлсэн гэдэг. Хөдөлмөрч, зүтгэлтэй, зорьсон зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг түүний хичээл зүтгэлийн үр дүнд маш олон айл өрх, хэдэн зуу, магадгүй мянгаар тоологдох гэр бүл хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, ажилтай орлоготой байгаа нь туйлын үнэн. Талийгаач эрхмийн тэргүүлж асан АПУ, “Шунхлай” тэргүүтэй найман компанийн сүүлийн 20 гаруй жилийн турш тасралтгүй төлж ирсэн татвараар төрийн олон алба хаагч цалинжиж, амьдралаа залгуулсан олон мянган өрх айл бий.
САЙН ЯВАХАД САДАА МУНДАХГҮЙ
Олон мянган хүний амьдралыг бодож, удирдаж буй байгууллагынхаа ирээдүйн төлөө нойр хоолоо умартан зүтгэдэг түүн шиг олон хүн бий. Хүн бүхэн орлоготой, бизнестэй болж байж улс хөгжинө гэдэг итгэл үнэмшил өнөөгийн манай бүх бизнес эрхлэгч, компани, группийн удирдлагад бий. Зах зээлийн нийгмээ байгуулалцаж, тэр нийгэмдээ амжилттай ажиллан, амжилтаа татвараараа, үйлсээрээ, зүтгэлээрээ ард түмэнтэйгээ хуваалцаж яваа та бидний л адил эгэл жирийн аавын хөвгүүд, ээжийн охид улсынхаа эдийн засгийг өргөлцөж яваа.
Ийнхүү амралтын өдрөөр ч ар гэртээ ая тухтай амарч чадахгүй, хүний олон хүүхдийг нэг өдөр ч гэсэн цалингүй байлгачих вий хэмээн сэтгэл зовнин явдаг тэдний талаар өнөөгийн манай нийгэмд сайн хэлэх хүн бараг л үгүй болов. Луйварчин, шулаач, эрлийз хурлийзаар нь дуудах бол энүүхэнд. Боловсрол нимгэнтэй олонход ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес эрхлэгчдийг муухай харагдуулахын тулд олон нийтийн сүлжээгээр элдэв зүйл тарааж, эцэс сүүлдээ ямар нэг хэрэгт холбогдуулан дарамтлах, эд хөрөнгийг нь хуулийн нэрээр булаах ажиллагаа хэдхэн хүн явуулах болсон. Сайн яваа нэгэндээ атаархуу, ар хударгаар нь муулж, хор найруулж, бизнес, үйл ажиллагааг нь унагаж байдаг муухай монгол зангаараа хүмүүс элдэв ташаа мэдээллийг нь нягтлалгүй хүлээн авч, хөөргөн дэвэргэж, тухайн бизнес эрхлэгчийг, улстөрчийг, ариун цагаан хөдөлмөрөөрөө ажлаа хийж яваа жирийн нэг төрийн албан хаагчийг гутаан доромжлох, гүтгэн харлуулах нь өнөөдөр хэвийн үзэгдэл болоод байна.
Хүний мууд дуртай, хэн нэгнийг муулж байж нойр нь хүрдэг цөөн хэдэн хүний хийж буй энэ мэт хууль бус ажиллагааны улмаас хэчнээн бизнес эрхлэгч хохирч, эцэс сүүлдээ авлигын хэргийн холбогдогч болж буйг бид мэдэхгүй. Хэн нь ч үүнийг ил гаргахгүй л өнгөрч байна. Аль нэг намд ахиухан хандив өгөхгүй бол эрхэлж буй үйл ажиллагааг нь харлуулах, төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг нь үгүй болгож, хураах гэх мэт элдэв муу, муухай арга сүүлийн 10-аад жилийн дотор төрийн эрх барьж буй албан тушаалтнууд сүвэгчилдэг нь нууц биш болсон. Өнгөрсөн өвөл нэг хэсэг хэвлэлээр шуугисан даа. Зах зээлийн нийгэмд шилжих үеэс л ганзагын наймаанд явж бизнесээ амжилттай өргөжүүлсэн “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэргээс мултрахын тулд, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан эрхэмд дүүгийнх нь дансаар дамжуулан хахууль өгч байж салсан гэж. Өдгөө энэ асуудлыг АТГ-т шалгаж буй. Энэ дуулианыг дагаад бизнес эрхлэгчдээс хахууль авч байсан гэсэн мэдээлэл цацагдаж, хууль хяналтын байгууллагыг тэргүүлж байсан тэр эрхэмд холбогдох үйлдлийг лавшруулан шалгахад хүргэсэн билээ. Тэгэхээр Т.Ганболдын хэлсэнчлэн төрийн нэрээр бизнес эрхлэгчдийг дээрэмддэг, хахууль, хамаарал бүхий этгээдийнхээ аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт авдаг гажиг тогтолцоо нэгэнт бий болсон нь тодорхой болж. Сайн сайхан нийгэмд тэмүүлж байсан бизнес эрхлэгчдийн голыг ийм гажиг тогтолцоо зурж, урмыг хугалчихаад байгаа гэхэд ч хилсдэхгүй. АН-ыг эрх барьж байхад байсан энэ үзэгдэл МАН төрийн эрхэнд дахин гарсан эдгээр он жилүүдэд засарсангүй. Харин ч улам нарийн зохион байгуулалттай болж, бүлэглэл, фракцаараа нийлж байгаад бизнес эрхлэгчдээрээ оролдох болов. Үүний тод жишээ нь “Капитал” банкийг дампууруулсан саяхны явдал байна. Салбартаа боломжийн ажиллаж байсан, нөлөө бүхий, 30-аад жилийн түүхтэй, дотоодын хувьцаа эзэмшигчидтэй тус банканд Төвбанкнаас жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлсэнгүй. Харин ч эсрэгээрээ, Н.Баяртсайхан тэргүүтэй Монголбанкны удирдлагын баг ангал руу түлхсээр байгаад унагачихав. Улмаар тэр томоохон банкийг удирдан чиглүүлж, манлайлан явсан эрхмийг хорьж цагдан, эгэл жирийн 300 гаруй алба хаагчийг, тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг айлган сүрдүүллээ.
Томоохон компани, аж ахуйн нэгжийн удирдлагыг эрх мэдэлтнүүд элдвээр дарамталж буй ийм жишээ бодитой байгаа бол, жижиг бизнес эрхлэгчдийг төрийн албан тушаалтан “хурган” дарга нар, элдэв сэтэртнүүд дээрэлхдэг явдал газар сайгүй бий. Бизнес эрхлэгчдийн төлсөн татвараар цалинжиж буй төрийн албан хаагчид аж ахуйн нэгжийн удирдлагыг элдэв татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр гэх зэргийг төлүүлэхээр дарамталдаг, түүнийг нь төлөхөөс татгалзвал өндөр хүү, торгууль, алданги тооцдог. Түүнээс нь ангид байхын тулд татварынханд, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагынханд бизнес эрхлэгчид хахууль өгдгийг өдгөө хүн бүр мэдэх болсон. Бизнес эрхлэгчид ч энэ талаар судалгааны байгууллагынханд танилцуулдаг юм билээ. Тухайлбал, Азийн сангаас жил бүр бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын судалгаа хийдэг. Түүгээр бизнес эрхлэгчид өөрсдөд учирсан “зовлон”-гоо илэрхийлдэг аж. Тус судалгаагаар бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд саад учруулж буй төрийн байгууллагуудын жагсаалтыг ч гаргахад татвар, мэргэжлийн хяналт, гааль, төрийн болон нутгийн захиргааны байгууллагынхан хамгийн их гай болдог талаар 330 компанийн удирдах түвшний ажилтан дуу нэгтэй хариулсан байна. Тэдгээрийн дараа элдэв тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тулгардаг бэрхшээлүүд бизнесийн орчинд саад учруулж байгаа гэж тодорхойлсон байдаг. 2016 онд бизнес эрхлэгчдийн 17 хувьд нь тусгай зөвшөөрөл “проблем” болж байсан гэсэн бол энэ үзүүлэлт 2017 онд 22.4, өнгөрсөн жил 24.8 хувь болон өссөн байгаа юм. Уг судалгааг хийх явцад бизнес эрхлэгчдээс “Төрийн албан дахь авлига таны бизнест хэр нөлөөлдөг вэ” хэмээн асуухад 79 хувь нь “тодорхой хэмжээнд” болон “маш их” гэж хариулснаас үзэхэд төрийн дээд, дунд шатанд бизнес эрхлэгчдээ байнга дарамталж, мөнгө нэхэж байгаа нь ойлгомжтой юм. Тэгэхээр төр авлигачдаасаа салж чадахгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлж, хөгжлийн хурдыг сааруулж буй нь дамжиггүй. Тэгэхээр бид бизнес эрхлэгчдээ элдвээр дарамталж, өчүүхэн төдий алдаа гаргахад нь түлхэн унагаж байхынхаа оронд улсын эдийн засаг, ирээдүй хойчоо бодоод, хуруу хумсаа хуйхлан байж баялаг бүтээж, нойр хоолгүй шахам зүтгэн ажил олгогч болсон тэднийгээ дэмжвэл гуравхан сая монголчууд бид сайхан амьдрах боломжтой юм сан даа. Тэгэхгүйгээр, тамын тогооны үлгэрээр өөдөлж яваа нэгнээ татан унагаж, муухай монгол зангаар бизнес эрхлэгчдээ харлуулаад байвал бид хөгжихгүй, хөшсөөр уусаж, дуусах аюул нүүрлэх вий.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.