Нийгэм
Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал болон уг асуудлыг улстөржүүлж байгаа талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн сайд руу дайрч, доромжлон жагсаал, цуглаан хийж байгаатай холбогдуулан энэхүү албан мэдэгдлийг хийж байна.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тархалтын анхны судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдвар, өвчлөлийг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийг цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сургуулийн сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл учрах байсныг төсөөлөхөд ч бэрх юм.
1990 оноос дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод эрүүл мэндийн сайд нарын хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг авч хэлэлцсэн.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газар ч энэ асуудалд анхаарал хандуулж “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” баталсан бөгөөд сүрьеэгийн талаар авах хэмжээ онцгойлон тусгасан.
2018 оны 10 сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд дөрвөн багцаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа бөгөөд энэ үзлэгт сүрьеэгийн тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдийг хамруулж байна. Ерөнхий боловролын сургууль дээр сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг хийж байна. Өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд хийхээс 25-ыг хамруулж, сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.
Эрт илрүүлэг, эмчилгээ, эмч, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил бүр буурч байна. 2013 онд 4,111, 2014 онд 4,172, 2015 онд 4,270, 2016 онд 4,045, 2017 онд 3,779, 2018 онд 3,498 боллоо. Цаашид ч бодлогын үйл ажиллагааны хүрээнд сүрьеэгийн тохиолдлыг эрчимтэй бууруулах зорилттой ажиллаж байна. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн онцлогийг үндэслэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсний дээр үлдсэн бусад чиг үүргийн ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар сүрьеэгийн илрүүлэг, оношилгоонд 16 зөөврийн дижитал рентген аппарат ашиглаж байгаа бол Засгийн газар энэ онд дахин 5 аппаратын зардлыг шийдээд байна. 2015, 2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулсан бол сүүлийн 2 жилд улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Сүрьеэгийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх үүднээс Глобаль сангаас санхүүжүүлэн эмч мэргэжилтнүүдийг тэтгэлэгтэй сургалтанд хамруулж, эхний ээлжинд 36 эмч, мэргэжилтэн сургаж байна.
Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх нь эрүүл мэндийн салбарын үндсэн бодлого юм. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарч бодлого төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таван жил тасалдсан эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт албан ёсоор орууллаа.
Эдгээр ажлын үр дүнд хүүхэд залуучуудын дунд мэдэгдэхгүйгээр тархаж байсан олон өвчин түүний дотор Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, арга хэмжээ авч байна.
Ж.Амарсанаа таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгахгүй байгаа бөгөөд харин энэ өвчинтэй тэмцэж, эрт илрүүлж оношлох, голомтыг нь устгах, өвдсөнийг эмчлэх хүнд хүчир хөдөлмөрийг багахан цалинтай хийж байгаа эмч ажилтнуудын зүтгэлийг үгүйсгэж цээжээ дэлдэн хашгирч буйг эрс эсэргүүцэж байна. Таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна.
Та дэд сайд байхдаа ХӨСҮТөвийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр “Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С вирус цаана чинь их байна” гээд асуудал шийдэлгүй хаяад явсан тухай протоколд үлдсэн байна. Сүрьеэгийн асуудлаар дэд сайд байхдаа хуруугаа ч хөдөлгөөгүйд салбарын нөхөд маань тун гомдолтой байдгийг Танд дуулгая. Таны улс төрийн үйл ажиллагааны цаана хувийн ашиг сонирхол тань нуугдаж байдгийг баримтаар хэлье. Таны хувийн “Хаппи веритас” лаборатори Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Ингэхдээ та элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1,882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4,442 нийт 6,324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 758 сая төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх магадлалтай байна. Хуулийн хяналтын байгууллага таны энэ үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэйг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт мэдэгдсэн байна.
Энэ мэт олон асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно. АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр эрх ашгийн зөрчилтэй, иргэдийн өвчнөөр бах таваа хангадаг, бодит байдлыг гуйвуулан улс төрийн ашиг хонжоо хайдаг хүн ажилладагт нэн харамсаж байна. Ялангуяа улс төрийн намын харьяаллаас түдгэлзэж, ард иргэд, улс орныхоо эв нэгдлийг чанд сахих хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөх ийм бусармаг үйл ажиллагаа явуулж буйг анхааралдаа авна гэдэгт итгэж байна.
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллагсдын урам зоригийг мохоосон энэхүү увайгүй үйлдлийг таслан зогсоохыг та бүхэнд уриалж байна. Эрүүл мэндийн салбар сүрьеэ төдийгүй тандалт судалгаанд үндэслэн хүн амын дунд зонхилж байгаа өвчний чиглэлээр бодлого, зорилтоо чиглүүлэн Монгол хүнийхээ дундаж наслалтыг уртасгах, эрүүл саруул амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно” гэлээ.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм18 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм18 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна