Нийгэм
Орхон аймаг “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөртэй болов

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд тавдугаар сарын 22-нд АИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны үеэр хэлэлцэж баталлаа.
Ажлын хэсэгт орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны хэлтэс, Эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нараас дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.
П.Энхсэлэнгэ: 4 жилийн хугацаанд цагаан тоосны дэгдэлтийг багадаа 80%-иар бууруулах боломжтой


– Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хэчнээн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
– “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөр нь таван зорилтын хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, хоёрдугаарт байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн тогтоох юм. Мөн иргэдэд цагаан тоосны тухай зөв мэдээллийг хүргэх, Хангалын голын бохирдлыг бууруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн.
– Орхон аймагт PM10 ширхэглэгтэй тоосыг хэмжих багаж байдаг. Гэвч цагаан тоос нь PM2.5, түүнээс бага ширхэглэгтэй. Үүнийг хэмжих багаж нь өртөг өндөртэй байдаг. Хөтөлбөрийн хүрээнд нарийн ширхэглэгтэй тоосыг хэмжих багажны асуудлыг шийдвэрлэх үү?
– PM2.5-аас бага ширхэглэгтэй тоосонцорыг хэмжих багаж нэн шаардлагатай. Зөвхөн цагаан тоосны тухайд бус. Агаарын чанарын үзүүлэлтийг нарийн тогтоё гэвэл энэ төрлийн багаж хэрэгтэй. 2019 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан.
Ажлын хэсэг 4 чиглэлийн хүрээнд 17 заалт бүхий зөвлөмжийг өгсөн. Үүнд, хүн амын эрүүл мэндийн чиглэлээр тоос, тоосонцрыг тодорхойлох PM10, PM2.5-ын суурийн харуулыг цагаан тоосны тархалтын бүс болох Говил, Баянцагаан баг, Жаргалант суманд байршуулах тухай тусгасан. Энэхүү зөвлөмж болон дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т санал тавьсан. Суурин харуулуудыг байршуулснаар зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан нь PM2.5-тай тоосонцор болж байгаа эсэхийг нарийн тогтоох боломжтой болох юм.
– Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөлөлд харилцан адилгүй байр суурьтай байсан. Зарим тохиолдолд өөр өөр мэдээлэлтэй, үл ойлголцох асуудал анзаарагдсан. Хөтөлбөр батлагдсанаар энэ асуудал шийдэгдэх үү?
– Бид цаашид цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулахад нэгдсэн нэг ойлголттой, илүү системтэй, хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байгаа юм. Цагаан тоос дэд хөтөлбөр анх 2006 онд батлагдсан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл төдийлөн үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаад батлагдсан хөтөлбөрийнхөө хүрээнд бид цагаан тоос нь хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу, нөлөөгүй юм уу гэдгийг эцсийн байдлаар тогтооно. Ингээд нэгдсэн нэг ойлголт, дүн шинжилгээтэй болсноор дараагийн ажлуудаа хэрэгжүүлэх юм.
– Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ хугацаанд цагаан тоосыг бүрэн дарах боломжтой гэх хариултыг өгч буй. Үнэхээр боломжтой юу?
– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдрийн технологиороо ажиллаж байгаа тохиолдолд цагаан элс гарсаар байна. Өнөөдөр нэвтрүүлсэн урвалж холиж хаягдлын сан руу хаях энэ технологи нь хатуу гадаргууг бий болгож, цагаан тоосны дэгдэлтийг барих юм. Одоогийн байдлаар 500 га талбайг хучаад байгаа тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер П.Баянмөнх мэдэгдсэн. Мэргэжлийн хүмүүс энэ процессоо барьж ажиллавал цагаан тоосны дэгдэлтийг багадаа 80% хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
О.Эрдэнэтуяа: Шинэ технологи нь далангийн зузаан, аюулгүй байдалд нөлөөлөхгүй


– “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлнэ. Жилд нэг орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар байгаа?
– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт зардлыг санхүүжүүлэхээр болсон. Нийт дөрвөн тэрбум төгрөг гэж төсөвлөж байна. Энэ төсвөөр цагаан тоосны дэгдэлтийг дарахаас гадна харьяаллын бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нөлөөллийн үнэлгээ, хуримтлалын үнэлгээ зэргийг хийлгүүлэх юм. Бид Эрүүл мэндийн яаманд Сөрөг нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуримтлалын үнэлгээг хийлгэхээр хүсэлтээ явуулсан. Энэ бүх үнэлгээ, үзлэг, шинжилгээг хөндлөнгийн байгууллага хийнэ. Бид бол зөвхөн санхүүжүүлнэ.
– Цагаан тоосыг дарах шинэ технологийн үр дүн хэр байна вэ?
– 2017 оны дүн мэдээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын санд 807.1 сая тонн цагаан элс хуримтлагдаад байсан. Хаягдлын сан нь 2033.1 га талбайг эзэлдэг. Үүний 1312 га талбай нь цагаан тоос дэгдэх голомт юм. Бид цагаан тоосыг дарахад гурван технологийг зэрэг хэрэгжүүлж байгаа.
Герман улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглан технологийн хаягдалтай шууд холин хаягдлын санд хаяж байна. Ингэснээр жижиг ширхэглэгүүдийг барьцалдуулж, ширхэглэгийг нь томруулж байгаа юм. Мөн хатуу гадаргууг бий болгож байна. Өөр нэг арга нь бодис цацах зориулалттай тусгай техникийг ашиглаж байна. Энэ нь хаягдлын сангийн хоолойгоор гарч буюу химийн урвалж хүрэхгүй, техник явах боломжгүй хэсгүүдэд химийн бодисыг цацаж, барьцалдуулах юм. Эдгээр технологийг ашиглан тавдугаар сарын 22-ны байдлаар 543 га талбайг хучаад байна.
Ирэх жилийн өдийд бид цагаан тоосны голомтод бүсийн 80 орчим хувийг хучсан байх болно
– Энэ технологи нь далангийн зузаанд нөлөөлөх үү?
– Өнөөдрийн байдлаар 70м зузаантай далан бий болоод байна. Жилд 1-1.2м далангийн зузаан нэмэгддэг. Өмнө нь хар шороогоор хучдаг байхад далангийн зузаанд нөлөөлдөг байсан. Цагаан тоосыг дарах хэдий ч хамрах хүрээ бага, далангийн ашиглалтад сөргөөр нөлөөлдөг байсан учир хар шороогоор хучихыг зогсоосон. Харин энэ технологи нь химийн урвалжийг ашиглаад хатуу төлөвт оруулж байгаа учир далангийн зузаанд нөлөөлөхгүй.
– Цагаан тоосыг дарах зорилгоор олон туршилтыг явуулсан. Цементээр шууд хучих тухай яригдаж байсан. Гэсэн ч далан сэтлэх аюултай гэж үзээд больсон. Энэ технологи нь хатуу биет рүү шилжүүлж байгаа учир эрсдэл бий юу?
– Дэлхийд тоосыг дардаг маш олон технологи бий. Гэхдээ зөвийг нь сонгохгүй бол даланд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Саяхан Бразилд далан сэтэрсний улмаас 300 гаруй иргэн амь насаа алдсан эмгэнэлт явдал гарлаа. Манай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд харьяалагддаг. Тиймээс цементээр хучаад хатуу биет болговол далан сэтлэх аюултай. Хэсэг хугацаанд хатуу биет байгаад эргээд задардаг байх ёстой юм. Өнөөдөр бидний нэвтрүүлж байгаа технологи үүнд нийцэж байгаа.
– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосыг дарахад жилд 600-700 сая төгрөгийг зарцуулдаг байсан. Энэ технологийн өртөг хэр вэ?
– Бид өмнөх жилүүдэд зарцуулдаг байсан төсөвт барихыг хичээж байгаа.
– Өмнө Солонгосын “Монголиан хабо” компани “Цагаан тоосыг бордоо болгон ашиглах” тухай төслийг танилцуулж байсан. Энэ хэр боломжтой бол?
– Тус компанийн цагаан тоос дарахад ашиглах KP20 гээд химийн урвалжийн дээжийг авч судалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хаягдлын сангийн нууранд хуримтлагдсан усыг эргүүлэн ашигладаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй усны 98%-ийг нуураасаа авдаг. Тиймээс технологид нөлөөлж байгаа эсэх, усыг бохирдуулж байгаа эсэхийг судалж байгаа. Ус бохирдвол үйлдвэрлэл зогсох эрсдэлтэй. Эхний байдлаар усанд бохирдуулах хүчин зүйл байхгүй ч, өртөг 20-30%-иар өндөр байсан.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм20 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм20 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна