Улс төр
Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.
Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлсэн болно.
ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ:
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан бол Арван зургадугаар зүйлд “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, шүүхэд хандах” зэрэг Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг нэрлэн зааж, хуульчлан баталгаажуулсан.
Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж буй хуулийн энэ өөрчлөлт тухайн салбарт ажиллагсдын эрх зүйн баталгааг бүрэн алдагдуулах үр дагавартай тул Үндсэн хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй юм. Үүнийг хуулийн хэрэгжилтээс үүдэн гарах сөрөг үр дагавруудын зөвхөн нэг жишээ гэж үзэж болно.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна.
Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан бол Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Үүний хүрээнд ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд орон нутгийн саналыг авах буюу харгалзах шаардлагыг хуульчилсан байдаг.
Хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд оруулж байгаа энэ өөрчлөлтөөр замбараагүй, хяналтгүй, үр өгөөж муутай байгаа ашигт малтмалын салбарт өөрчлөлт гарч, байгалийн баялгаа зохистойгоор ашиглах чиглэлд төрийн хяналт сайжран, үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн ойлголтыг нийгэмд түгээж байгаа боловч нөгөө талдаа Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор Үндсэн хууль болон түүнтэй нягт уялдсан хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байдлаар хадгалж, хамгаалах шаардлагатай газар нутагт ашигт малтмал олборлох шийдвэрийг гаргах, ингэж гарсан Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй. Энэ нь мөн үүсэж болох сөрөг үр дагавруудын нэг бөгөөд өмч хувьчлалын болон бусад асуудлын хүрээнд ч эрсдэлтэй, эргэлзээтэй зүйлүүд олон байна.
Иймд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэсэн томьёолол нь хэрэг дээрээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэн зангидаж, төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний үндсэн эрхийн баталгааг бүрнээ алдагдуулахад хүргэж буй тул хуулийн өөрчлөлтийг дахин нягталж үзэх нь зөв гэж үзэж байна.
Тодруулбал, уг хуулийн 3.1.7 дахь заалт “тайлбар” хэсгийнхээ агуулгаар буюу “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргаж буй Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно” гэсэн утгаар тайлбарлагдаж, хууль хэрэглээнд гажуудал үүсэх магадлалтай бөгөөд үүнийг “хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар хуулийг бичих” тухай заасан Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж болохоор байна.
Үүний хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад буй “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн нэр томьёо, түүний тайлбар нь ойлгомж муутай, Монголын нөхцөлд танил бус гэсэн үндэслэл бүхий шүүмжлэл гарч байгааг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг маргаангүй байдлаар өөрчлөн томьёолох боломжтой юм. Тухайлбал “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэснийг “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэж өөрчилж болно.
Захиргааны эрх зүйн салбарт төдийгүй Захиргааны хэргийн шүүхийн практикт өнөөг хүртэл нэг мөр болж чадаагүй, олон янзаар тайлбарлагдан маргаан дагуулдаг, зарим нэг улс орны хууль тогтоомжид тусгалаа олсныг эс тооцвол төдийлөн түгээмэл бус “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн нэр томьёо, ойлголтыг манайд харьцангуй төлөвшсөн ойлголт болох “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэсэн ойлголтоор өөрчлөх нь олон талын ач холбогдолтой. Үүнд:
Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.
Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд хүндэт зочид 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.
Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын түүх, соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.
Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм20 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм22 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна