Эдийн засаг
Ч.Улаан: Хятадын компани Монголын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх асуудал байхгүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр дотоодын зах зээлд нийлүүлэлтийн улирлын хамаарал болон цаг үеийн шинжтэй үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээ, мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Нийслэлийн хүн амын махны хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар мах нөөцөлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байгааг хэллээ.
Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4.0 мянган тн мах бэлтгэснийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлсэн байна. 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар нийт 2,820 тн мах буюу бэлтгэсэн нөөцийн 70.5 хувийг борлуулжээ.
Нийслэлийн 8 дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7,200 төг/кг, хонины ястай махыг 6,000 төг/кг, ямааны ястай махыг 5,500 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа аж.
Нөөцийн махны худалдааг хүртээмжтэй болгох зорилгоор салбарын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай уулзаж, худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан зохион байгуулахаар ажлаа эрчимжүүлж эхэлсэн байна.
5 дугаар сарын 10-15-ны өдрийн хугацаанд хүнсний захуудын махны үнэ огцом өсч, ард иргэдийг бухимдуулсан явдал нь цаг агаарын хүндрэлээс үүдэн хот хоорондын тээвэрлэлтийг түр хязгаарласан болон гарал үүслийн баталгаагүйгээс мэргэжлийн хяналтын байгууллагын хориг тавигдсанаас махны нийлүүлэлт саатсан, шатахууны үнийн өсөлт махны үнийн өсөлтөд нөлөөлсөн, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд захаас болон зах руу ирэх махнаас амдан авч, түүхий эдээ бэлтгэсэн зэрэг явдал нөлөөлжээ.
Үндэсний статистикийн газрын 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 62-136 төгрөгөөр буюу 0.5-1.27 хувиар буурчээ.
Яамнаас хийсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тандалт судалгаагаар “Хүчит шонхор” захад:
хонины мах бөөний үнээр 7,000-7,800 төг/кг, жижиглэнгийн үнээр 8,000-9,500 төг/кг
ямааны мах бөөний үнээр 6,500-7,000 төг/кг, жижиглэнгийн үнээр 7,700-9,500 төг/кг
үхрийн мах бөөний үнээр 7,500-9,000 төг/кг, жижиглэнгийн үнээр 10,000-12,000 төг/кг
адууны мах бөөний үнээр 6,800-7,200 төг/кг, жижиглэнгийн үнээр 8,500-9,000 төг/кг үнэтэй байгааг дурдлаа.
Энэ сарын 29-ний өдрийн байдлаар орон нутгаас Нийслэл хот руу нийт 67.1 тн мах, 553 толгой амьд мал нийлүүлжээ.
БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа тухай мэдээлэлд Ч.Улаан сайд тайлбар өглөө.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “БНХАУ-ын Тяньжин хоттой Нийслэл хотын хамтын ажиллагааны хүрээнд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж ажиллах тухай санал яригдаж, судлагдаж яваа. Бидэнд байгаа албан ёсны мэдээгээр 0.3 гад нь сургалт, туршилтын хүлэмж, 5 гад нь өвлийн хүлэмж байгуулах асуудал судлагдаж байгаа. 50 га гэдэг асуудал бидэнд албан ёсоор тавигдаагүй, ийм мэдээлэл байхгүй” гэв.
Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг манай аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болсон. Өвлийн хүлэмжийн цахилгаан халаалтын зардлыг төрөөс хөнгөлөх тухай хөөцөлдөж явааг дуулгав.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.