Улс төр
Ц.Оюунгэрэл: Төрийн ордонд хүний амьд явах эрх зөрчигдсөн
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн сарын 17-нд харамсалтай үйл явдал тохиосон. Та МОАН-ыг талийгаач Г.Батхүүтэй хамтран үүсгэн байгуулж байсан шүү дээ?
-Тийм ээ. Ойрд гунигт мэдээ олон сонсож байна. Манай талийгаач Д.Арвин, Г.Батхүү хоёр парламентад нэг ширээнд сууж байсан. Бие биеэ хөгжөөж, хошигнодог найзууд байлаа. 2016 онд бид УИХ-д хамт сууж байхад ардчиллын 25 жилийн ой тохиосон. Тэр ой нэг л нам гүм өнгөрсөн. Тухайн үед Г.Батхүү, А.Бакей бид хэд Монголын ардчилалд тэмдэглэх юм байхгүй юм уу. Бид ямар үнэ цэнэтэй зүйл бүтээсэн билээ.
Сүүлийн 25 жилд ардчиллаас ямар сургамж авч, үнэт зүйл бүтээв гэж ярьж байгаад МоАН-ыг байгуулахаар болсон юм. Энэ санаачилгын гол зорилго нь ардчиллын үнэт зүйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, залуучуудад зааж сургах, гэгээрүүлэхээр архив үүсгэж өөрөөр хэлбэл, үнэт зүйлд консерватив хийх ТББ-ыг байгуулсан юм. Үүний дараагаар ардчиллын 10 үнэт зүйлийг томьёолсон.
Хамгийн эхэнд бичигдсэн үнэт зүйл бол Монголын ардчилал тайван замаар ирсэн. Нэг ч цонх хагалаагүй маш тайван замаар ардчиллыг эхлүүлсэн. Нэгнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдахгүйгээр хэл амаараа хоорондоо ярилцаад үүссэн асуудлаа шийддэг байх нь хамгийн үнэ цэнэтэй соёл юм. Энэ бүхэнд талийгаачтай хамтарч ажиллаж байлаа.
-Талийгаач өөрөө ардчиллын илэрхийлэл байсан даа?
-Түүний соёлын өвийг дээдэлсэн зан чанар нь ардчиллын үнэт зүйлийн нэг яах аргагүй мөн. Өөрөө морь уяадаг “Толин хул”-ыг дээдэлж ямар гоё дуу бүтээсэн билээ. Угаасаа соёлын өв, тэр дундаа ардчиллын үнэт зүйлийг тээж, түгээн дэлгэрүүлэх чинхүү хүсэлтэй хүн юм гэдэг нь сэтгэл зүрхнээс нь харагдаж байсан. 1990 онд хэдэн залуус жагсаж байгаад ардчилал гэдэг юмыг хийсэн.
Одоо коммунизм байгуулсан ч болно хэмээн явцуу бодлоор савлаж болохгүй. Нэг үеийнхний бүтээсэн үнэт зүйлийг тодорхойлж дараагийн үедээ үлдээх зарчим дээр суурилсан байгууллага. Одоо ч энэ чиглэлд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Нөгөөтэйгүүр талийгаач маань АН-ын дэд даргаар томилогдоод байсан.
Бидэнд юу гэж захисан вэ гэвэл “Бид хоёр жил ардчиллын үнэт зүйлийн тухай ярилаа. Одоо энэ үнэт зүйлээ намынхаа үнэт зүйл болгоход хувь нэмрээ оруулж ажиллаарай” гэж хэлж байсан. Гэтэл үнэхээр харамсалтай зүйл боллоо.
-АН-ын зүгээс ОУПХ-нд хандсан. Та энэ асуудалд илүү анхаарч ажиллаж байна уу?
-Хэргийн нөхцөл байдал цагдаагийн эрх мэдлээс хэтэрсэн орчинд төрийн хамгаалалтай газар болсон учраас Монгол Улсын цагдаа, хууль хүчнийхэн хараат бусаар нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэлтэй гэж бодож байна. Тиймээс ОУПХ-нд хандсан. Одоогоор тэр талаар албан ёсны хариулт ирээгүй байна. Ямар ч байсан эхний ээлжинд бидний хүсэлтийг хүлээн авсан.
-Хандаж байгаа гол үндэслэл нь юу вэ?
-Хэрэв талийгаач гудамжид явж байгаад унасан бол хүн тааралдаад хамгийн түрүүнд түргэн дуудна. Дараа нь цагдаа дуудна. Гэтэл талийгаачийн энэ үйл явдлыг хамгийн түрүүнд харсан хүн хамгийн эхэнд Тагнуулын байгууллагыг дуудсан байдаг. Тэгээд цагдаа, эмчийг дуудсан юм билээ. Тэгэхээр энэ хүний амь насыг аврах үйл ажиллагаа дарааллаар бол хамгийн сүүлд явагдсан. Амь насыг аврах боломжгүй болсон хойно эмч ирсэнд их гомдолтой байна.
Эндээс ажиглахад хүний амь нас аврах үйлдлийн дэс дараалал яагаад алдагдсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд эрх мэдэл саад болсон. Төрийн ордны хамгаалалттай, дархан цаазат дархлаатай, тагнуулын мэдэлд байдаг тэр орчинд эмчийг оруулах уу, үгүй юу гэдэгт зөвшөөрөл өгөх, авах гэсээр бүтэн цаг алдсан. Үүнээс ажиглахад монгол хүний үндсэн эрх болох хамгийн эхэнд биелэгдэж байх ёстой амьд явах эрх зөрчигдсөн.
Хамгийн түрүүнд, эрх мэдэлдээ үйлчлэх гэсэн дэс дараалал тогтжээ. Хүний амь эрсдэж байхад эмч дуудахаас илүүтэй тагнуулынханд хамгийн түрүүнд сонсгож байгаа нь хүний амьд явах эрхийн үнэт зүйл энд алга. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгосон хүний эцсээ хүртэл амьд явах эрх Төрийн ордонд олгогдоогүй. Үүнээс эхлээд энэ үйл явдал эргэлзээ төрүүлсэн. Ер нь цаашлаад хэргийн шалгалт, мөрдлөг зөв явах уу гэдэгт эргэлзэж байна. Хэн, хэний өрөөгөөр орж шалгасан.
Хэн тэнд байсан гэх мэтээр асуудлууд ар араасаа урган гарч байна. Эдгээрт хариулт өгөхөд Монголын цагдаа хүчин мөхөсдөж, хүч хүрэхгүй байна. Тэд одоо болтол мэдэгдэл хийж чадахгүй байна. Түүнчлэн задлан шинжилгээнд ар гэрийнх нь зүгээс хөндлөнгийн шинжээч, мэргэжлийн эмч оруулъя гэхэд хүсэлтийг нь хүлээж аваагүй, татгалзсан.
Зөвхөн эмч биш хүнийг оруулж болно гэсэн. Хөндлөнгийн гэрч оруулахад хүртэл мэргэжил, мэдлэгээр ялгаварлаж хязгаарлалт тавьж, хааж боосон үйлдэл гараад байгаа нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
-ОУПХ улс орны парламентын гишүүдийн аюулгүй байдалд хэрхэн хандаж ямар шаардлага тавьдаг юм бол?
-Украинд парламентын ордон руу дайрч байсан тохиолдол бий. Харин гишүүд танхимд бие биеэ дайрч, доромжлох үйл явдал аль ч улсад байдаг. Манайд ч байнга байж л байдаг. Гэхдээ амь насаа алдаж байсан үйл явдлын тухай сонсож байгаагүй. Яг энэ нөхцөл байдалд ОУПХ ямар байдлаар хандахыг мэдэхгүй байна. Бид ямар хариу ирэхээс үл хамаараад эрхийнхээ төлөө дуугарч байх ёстой. Дараа дараагийн парламентын гишүүдийн амь нас, аюулгүй байдлын баталгаа хэр хангагдах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн аюулгүй байдал ч яригдана. Төрийн ордонд дуртай хүн нь дураар дургихад ямар ч хариуцлага байдаггүй юм байна. Хяналтын камергүй юм байна гэсэн дүгнэлт газар авах юм бол хамгийн аюултай. Тиймээс ОУПХ-ноос ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой, ямар дараалалтай тусламж үзүүлэх, шалгалтыг нь хэрхэн хийж гүйцэтгэх зэрэг зөвлөгөө, стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай.
-Яагаад ОУПХ-г онцолж хамгаалалт хүссэн юм бэ. Хэргийг мөрдөх үйл ажиллагаанд энэ чиглэлийн олон улсын байгууллагад хандах боломж байгаа байх л даа?
-Зөвхөн парламентын дархлаанд хамгаалалт хүсэж хандаж байгаа. Парламентын олон улсын стандартыг мөрдүүлэхээр хандаад байгаа юм. Төрийн ордонд хүний амь нас эрсэдсэн байхад хамгийн түрүүнд ирэх ёстой эмч, цагдаа хамгийн сүүлд ирсэн. Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байдаг төрийн тусгай хамгаалалтай байгууллагын мэдэлд тэр хүн амь насаа алдчихаад тэгтлээ яагаад удав. Ер нь ямар ч газар осол болсон хамгийн түрүүнд амь насыг нь л аврах, амьд байлгах эрхийг нь хангадаг биз дээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав