Эдийн засаг
Ч.Хашчулуун: Монголын эдийн засгийг улс төрийн мөчлөгөөс салгамаар байна

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
– Ирэх онд сонгууль болох гэж байна. Улстөрчдийн зүгээс сонгуулийн өмнөх жилд төсвийн зардлыг ихээр тэлэхийн хамт мөнгөний бодлогыг ч бас сулруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгтэй гэх асуудлыг тавих боллоо. Та Мөнгөний бодлогын хорооны гишүүний хувьд энэ оны мөнгөний бодлогын төлөвийг хэрхэн харж байна вэ? Бодлогын хүүг бууруулах боломж харагдаж байна уу?
– Монголбанкны үндсэн үүрэг төгрөгийн ханшийг хамгаалах, үнийн өсөлтийг зохистой түвшинд хадгалахыг зорьдог. Тийм учраас сонгуулийн жил байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран зорилгоо биелүүлэхийг л хичээж ажилладаг. Сүүлийн үед төгрөгийн ханш тогтвортой байгаа нь монголбанкнаас шат дараатай хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм. Гэхдээ тэглээ гээд мөнгөний бодлогын хүүг огцом бууруулаад, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болохгүй.
Хэрэв тэгвэл эхний ээлжинд үнийн өсөлтийг дэвэргэнэ, хоёрдугаарт төгрөгийн ханшийг унагаах аюултай. Манайх шиг эмзэг эдийн засагтай, гадаадаас маш их бүтээгдэхүүн импортолдог улсын хувьд энэ нь үнийн өсөлтийг хөөрөгдөх аюултай. Тийм учраас мөнгөний бодлогын төлөвийн хувьд энэ онд сулруулах боломж харагдахгүй байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа төсвийн тэлэлт нэлээд их явагдаж байна. Эдийн засагт төсвийн тэлэлтээр дамжсан мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед мөнгөний бодлогын хүүг сулруулбал, өнөөг хүртэл бий болгосон амжилтууд маань нэг шөнийн дотор л алга болох эрсдэлтэй.
– Гадаад эдийн засгийн төлөв байдал ч бас Америк, Хятадын худалдааны дайнтай холбоотойгоор эрсдэлтэй болж байх шиг байна?
-Энэ оны хувьд Засгийн газар, Их хурал эдийн засгийг их өөдрөгөөр төсөөлж байгаа. Нэгдүгээрт, нүүрсний үнэ харьцангуй гайгүй байна гэсэн хүлээлт байна. Хоёрдугаарт дэлхийн эдийн засагт томоохон хямарл гарахгүй гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэтэл сүүлийн үед Америк, Хятадын худалдааны дайнтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт эрсдэлүүд нэмэгдсээр байна.
Худалдааны дайн ширүүн болж, ямар нэгэн хэлэлцээрт хүрч чадахгүй байна. Мөн нэмэлт арга хэмжээнүүдийг аль аль талаасаа шат дараатайгаар авч байна. Ийм үед эдийн засгийн төлөв байдал гэнэт өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Хэтэрхий өөдрөгөөр авч үзсэн төсөөллүүд маань эрс өөрчлөгдөх аюул бий.
– Гэнэтийн эрсдэл, тодорхойгүй байдлаас сэрэмжлэхийн тулд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой байх, тийм үү?
– Уг нь төсвийн тэлэлт гэдэг маань сонгодог утгаараа мөчлөг сөрсөн бодлого юм. Онолоор бол төсвийн тэлсэн бодлого нь мөнгөний хатуу бодлоготой уялдах ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр бодлого хоёр өөр чиглэлтэй байх ёстой юм. Хоёулаа нэг чиглэлтэй байвал эдийн засагт хэт халалт бий болж, инфляци өснө. Эсвэл эсрэгээрээ гүн гүнзгий хямрал болох эрсдэлтэй. Тийм учраас өнөөгийн нөхцөлд төсвийн бодлогын хүрээнд мөчлөг сөрсөн байдалтай, маш эрчимтэй тэлж байгаа үед мөнгөний бодлого маш хянуур байх шаардлагатай.
– Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээнүүд хэрэгжээд хагас жил болж байна. Таны харж байгаагаар үр дүн ямар байна вэ?
– Эхний хагас жил үндсэндээ дуусч байна. Хагас жилийн байдлаар төгрөгийн ханш тогтвортой, үнийн өсөлт удааширч байгаа нь макро зохистой бодлогын үр дүнгийн нэг илрэл юм. Гэхдээ нөхцөл байдал хаашаа ч гэнэт эргэж болзошгүй учраас санаа амарч болзошгүй. Бид цаашдаа улс төрийн мөчлөгөөс Монголын эдийн засгийг аль болох салгах нь зүйтэй юм.
– Улс төрийн мөчлөг гэхээр сонгуулиас сонгуулийн хооронд төсвөө тэлж, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог мөчлөгийг хэлж байна уу?
– Сүүлийн хэдэн жилийн нөхцөл байдлыг харвал сонгуулийн өмнөх жилд маш их хэмжээний мөнгө амладаг, тараадаг, эсвэл төсвийг замбараагүйгээр тэлж, алдагдлыг нэмэгдүүлдэг. Санхүүгийн хувьд туйлын хариулагагүй байдал руу ордог. Сонгуулийн дараа засаг солигдохоор шинэ Засгийн газар нь өмнөхөө шүүмжлээд, эдийн засгийн хүндрэл, хямралтай нүүр тулдаг. Тэгээд л ОУВС-аас тусламж гуйдаг, тусламж гуйсныхаа дараа тэрнийгээ шүүмжилдэг. Иймэрхүү өөрөө өөрийгөө хорлодог гэмээр үзэгдлээс салмаар байна. Магадгүй 2020 онд өөр Засгийн газар гарч ирээд, өмнөх бодлогоо шүүмжлээд, л 2021 онд дахиад л ОУВС-нд хандахыг үгүйсгэх аргагүй. Түүний оронд 2021 онд хямрал үүсгэхгүй байх, валютын санд хандахгүй байхаар санхүүгийн болон мөнгөний бодлого хэрэгжүүлбэл зохистой. Ингэж чадвал инфляцийг нэмэгдүүлэхгүй, төгрөгийн ханшийг хамгаална.
– Яг ийм мөнгөний болон санхүүгийн бодлогыг та товчхон томъёолж хэлэх үү?
– Мөнгөний бодлогын хувьд одоогийн Монголбанкны хэрэгжүүлж буй бодлоготой дүйцэж очих байх. Санхүүгийн бодлогын хувьд төсвийн тэлэлтийг нэг их нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Гуравхан сарын дараа 2020 оны төсөв орж ирнэ. Төсвийн алдагдал бага, зардал оновчтой байх чиглэл рүү яваасай гэж бодож байна. Манай улс төрийн намууд мөнгө цацаад сонгуульд ялдаггүй гэдгийг харсан байх. Тэгэхээр сонгогчид илүү ухаалаг болж, эдийн засгийн сайн бодлогыг хэрэгжүүлдэг улс төрийн хүчнийг үнэлдэг болоосой гэж хүсч байна.
Бэлэн мөнгөний амлалт эдийн засгийг ална гэдгийг сонгогчид ойлгосон. Тэгэхээр улс төрийн намууд улс орны эдийн засгийг хямралаас гаргаж, олон ажлын байр бий болгож, төсвөө хэмнэж чадснаараа ард түмнээс оноо авна. Түүнээс биш учиргүй их төсөл, хөтөлбөр гаргаж ирээд, баахан мөнгө үрээд, байхгүй мөнгийг нь зээлж аваад яваад сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.
– Удахгүй мөнгөний бодлогын хороо хуралдах гэж байна. Та ямар хүлээлттэй байна вэ?
2019 оны хувьд одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт сайн байгаа. Өсөлтийг хадгалах нь чухал. 2020, 2021 оноос эхлэн маш их хэмжээний гадаад өрийг төлөх асуудал бий. Гадаад өрийг төлөхийн тулд дотоодын санхүүгийн хурмитлалаа нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал. Мөнгөний бодлогын зүгээс төлбөрийн тэнцлийг ашигтай байх талаас анхаарах, дотогшоо хандсан валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадагшаа урсах импортын зардлыг багасгах чиглэлд арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг улам нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
– Ярилцсанд баярлалаа.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.