Нийгэм
Л.Бадралт: Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэлээд асуудал бий
Сүүлийн үед гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын болоод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хэргүүд их гарч буйг прокурорууд онцлов.
Гэр бүлийн хүчирхийлэл, танхайн гэмт хэрэг нийт зөрчлийн 10-15 хувийг тус тус эзэлдэг бол замын хөдөлгөөний хууль тогтоомжийг зөрчих зөрчил нь нийт зөрчлийн 30-40 хувийг дангаараа эзэлдэг байна. Тухайлбал өнгөрсөн онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн захиргааны нийт 1,631,966 зөрчил гарснаас 1,554,087-г нь торгосон бол 26,098 жолоочийн эрхийг хасаж, 6,134 жолоочийг баривчилжээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Л.Бадралт “Зөрчлийн хэрэг улам л нэмэгдэж байна. 2017 оны сүүлийн хагас жилд улсын хэмжээнд 600 мянга гаруй зөрчил илэрсэн бол 2018 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн тоо 1.5 саяд хүрсэн. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 600 мянга гарчихсан байгаагаас үзэхэд оны төгсгөлд 1.5 саяас ч өсөх төлөвтэй байна. Эдгээр зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх дорвитой юм хийхгүй бол хэцүү нөхцөл үүсээд байна.
Эрүүгийн хэргийг нэгтгэн тусгаарлаж, шалган шийдвэрлэдэг боловч зөрчлийн хуулиар боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан үйлдэл бүр дээр нь шийтгэл оногдуулна гээд заасан. Тиймээс тухайн хууль зөрчсөн этгээд хэдэн ч удаа зөрчил гаргаж, хянан шийдвэрлүүлээд байх боломжтой байдал үүсдэг. Энэ асуудлыг бид бүх прокурорын газрын саналыг нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яаманд 3-4 удаа хүргүүлсэн.
Харин тус яам энэ саналуудыг ажлын хэсэг байгуулан хэлэлцэж, тодорхой саналуудыг хүлээж авч, заримыг нь хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр бид ямар асуудлыг нэгтгэж холбогдох байгууллагууд руу явуулахаа тодорхойлно” гэв.
БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨРЧИЛ, БАРИЛГЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч. Сэлэнгэ “Орхон аймгийн хувьд зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий 19 байгууллагын 285 орчим эрх бүхий албан тушаалтанд зөрчлийн хэрэг хяналтын ажиллагаа хэрэгжүүлж ажилладаг. Өнгөрсөн сарын байдлаар манай аймагт 14,500 гаруй зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэсэн. Үүнээс замын хөдөлгөөнд аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил нийт зөрчлийн 85 хувийг эзэлж байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн газар танхайрах зөрчил нийт зарчлийн 20 орчим хувийг эзэлдэг. Замын хөдөлгөөний хууль тогтоомжийг зөрчсөн зөрчилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Байгаль орчны аюулгүй байдлын зөрчил, барилгын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь Орхон аймагт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, өргөтгөл хийсэн зөрчлүүд их бий. Энэ нь зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө баригдсан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзээд зөрчлийн тухай хуулиар шийтгэх боломжгүй байдал үүсч байна” гэлээ.
АНХААРУУШТАЙ СТАТИСТИК:
Өнөөдөр болсон “Прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын анхны нэгдсэн зөвлөгөөн”-д нийт 66 прокурор оролцлоо.
Нийгэм
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.
Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр боллоо.
Хурлаар:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг
- Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ.
Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм.
Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.
ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.
Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав.
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна.
Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.
АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА
Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож, 665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна.
УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр20 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр20 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд33 мин өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ