Улс төр
Улсаа нэг тойрог болгон сонгууль явуулах тухай УИХ-ын гишүүд юу хэлэв
Ирэх сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох хуулийн төслийг боловсруулж буйгаа эрх баригч нам мэдэгдлээ. Товчхондоо улс даяар нэг тойрог болсноор бүх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоно.
Тогтолцооны хувьд томсгосон мажоритар системээр ирэх сонгуулийг явуулахын сайн болон муу талуудыг гишүүд нэрлэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний уншиж судалснаар 76 хүний нэрийг гаргаад та энэ дотроос хамгийн дуртай нэг хүнээ сонго гэвэл 76 хүн сонгогдож гарч ирэх боломжгүй.
Яагаад гэвэл Монголд маш их нэр хүндтэй хоёр аймар хүн байгаа. Нэг нь мотоцикль унадаг хүн. Нөгөө нь Найрамдал зусланд ах, эгч, дүү нар нь байдаг хүн.
Тэр хоёр хүн 1.5 сая сонгогчийн саналыг 500, 500 мянгаар нь авчихна. Үлдсэн 500 мянгыг МАНАН мафийн бүлэглэлийг нэг өдрийн дотор устгасан шударга таван гишүүн авчих байх. Тийм аймар хүмүүс 1.5 сая сонгогчийн саналыг хуваагаад авчихна.
Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гэж байгаа. Тэгэхээр тэр 76 гишүүн нь бүрдэхгүй гай болох болов уу гэж санаа зовж байна. Дахин сонгууль явуулъя гэхээр ард нь дахиад мундаг таван хүн байгаа. Тэгэхээр энэ боломжгүй юм.
Харин хуулиар шийдэх нэг арга байна. Өмнө нь нам дугуйлаад, авсан саналыг хувилан Их хуралд суудал оноож байсан. Гэтэл тэр нь Үндсэн хууль зөрччихөж. Яагаад гэвэл хүн дугуйлах ёстой гэсэн.
Тэгвэл намууд ганц лидерээ гаргаж тавиад, Ерөнхийлөгчийн сонгууль шиг энэ хэдээс л дугуйл гээд 4-5 хүний нэр өгчихмөөр байгаа юм. Түүнээс хамгийн өндөр санал авсан нь сонгогдоно.
УИХ-ын гишүүн Чойжилсүрэн: Би энэ асуудалдтай сайн танилцаж амжаагүй байна. Ер нь эерэг, сул тал аль аль нь л гарна.
Жишээ нь, би тойргоос гурван удаа сонгогдсон. Би сонгогдсон тойргийнхоо ард түмэнд юу шаардлагатай байгааг илүү мэдэрдэг. Нуух юм алга, би тойргоо бүхнээс урд тавьж явдаг.
Одоо есөн дүүрэг, 327 сум нийтдээ нэг тойрог гээд явах юм бол сонгогчдоосоо гишүүд нь тасарчих юм биш байгаа. Магадгүй Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох юм бол бараг л 76 ерөнхийлөгч сонгох гэж байгаа юм шиг юм болно. Тэгвэл нэр дэвшигчид 327 сумаар явж, сонгогчдод хүрч ажиллаж чадах уу.
Өмнө нь аймаг нэг тойрог гэж явдаг байхад Улаанбаатар хотоос гарч яваад 19 сумаа тойроод буцаад Улаанбаатарт ирэхэд 9,000 км явж, 10-13 хоног зарцуулдаг байсан.
Тэгэхээр 21 аймгаар бүгдээр тойрох тийм цаг хугацаа гишүүдэд гарахгүй. Шударга, мөнгө муутай хүмүүс сонгогдож чадахгүй юм биш байгаа гэх болгоомжлол байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Муу тал нь гэвэл Монгол Улс нэг тойрог болчихвол тойргоороо явдаг гишүүн байхгүй болох байх.
Шинэ хүн гарч ирнэ, улс төр цус сэлбэнэ гэдэг ойлголт хүнд болно.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Улсыг нэг тойрог болгох саналыг сонгуулийн ажлын хэсгээс оруулж ирж байгаа боловч энэ нь эцсийн шийд биш.
Ер нь ийм жишгээр сонгууль явуулдаг туршлага зарим оронд байдаг юм билээ. Энэ тохиолдолд сайн тал нь жалгын үзлээр нутгархаж төсвийн мөнгө сандаачихгүй. Улс орны том эрх ашгийн төлөө бүтээн байгуулалт, мега төсөл зэрэгт анхаарч ажиллах эерэг тал бий гэж харж байгаа.
Гэхдээ миний хувьд сул тал нь илүү гэж үзэж байна. УИХ-ын сонгуульд дор хаяж 20 гаруй нам орно. Өчнөөн зуун нэр дэвшигчээс сонгогч ялгаж салгаж сонголтоо хийхэд төвөгтэй. Энэ ер нь боломжгүй хувилбар л даа.
Түүний оронд бүсээр нь юм уу, аймгийг нэг тойрог болгох зарчмаар сонгуулиа явуулах нь арай илүү болов уу гэж бодож байна.
Шинэ хүн гарч ирэх боломжийг хаасан, олон сонгогдсон, хүмүүс нэрийг нь мэддэг гишүүдийг л дугуйлаад байх өндөр магадлалтай.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Сонгуулийн хууль дөрвөн жилийн хугацаатай өөрчлөгддөг хууль байх нь улс төрийн тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлөөд байна. Ер нь сонгуулийн хуулийг боловсруулахдаа Монголын хөрсөнд буусан, гадны улс орнуудад хэрэглээд үр дүнтэй гэдэг нь батлагдсан арга техникүүдээс суралцах ёстой байгаа юм.
Миний хувьд улс нэг тойрог гэхээр өнөөдөртөө шууд хэрэглэхэд тохиромжгүй гэж үзэж байгаа. Яг бодитоор харахаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс даяар явж амжихгүй. Нөгөөтэйгүүр, сонгуулийн санал хураах процесс дээр бид техникийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглах боломж байна уу үгүй юу.
Арай гэж өнгөрсөн сонгуулиар хэн хэдэн хувийн санал авч байна вэ гэдгийг хардаг дэвшилтэт технологи ашигласан. Гэтэл 10 нам сонгуульд оролцоход 760 нэр дэвшигч өрсөлдөнө. Тэр олон хүний саналыг тухайн үед яаж унших уу. Энэ мэт зүйлүүдийг бодитой эсэхийг ялгаж салгаж байж шийдвэр гаргах ёстой.
Нэр дэвшигчдийн тухайд улс орон даяар явахдаа нэг аймагт өглөөнөөс орой хүртэл л ажилллана. Тийм богино хугацаанд 21 аймаг даяар мөнгө тараахгүй байх сайн тал байгаа гэж харж байна. Улс орон даяар тараадаг мөнгөтэй хүн ч гэж байхгүй байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үүнд хариулахын өмнө нэг л юм хэлье. Сонгогчийн боловсролын түвшний тухай асуудал чухал. УИХ-ын 76 гишүүнийг бүрдүүлсэн хүмүүс нь хэн юм бэ. Ард түмэн шүү дээ. Тийм учраас сонголтоо зөв хийх хэмжээнд хүртэл сонгогчдын боловролыг дээшлүүлэх гарцаагүй шаардлага байна. Сонгогчид ерөнхий ойлголттой болсон тохиолдолд ямар тогтолцоо байх нь сонин биш.
Улс нэг тойрог гэдгийн хувьд санхүүгийн асуудалд нөлөөлж чадахгүй байх сайн талтай. Яагаад гэвэл улсын хэмжээнд мөнгө бариад гүйдэг хүн байхгүй болов уу.
Нөгөө талаас, ард түмэн сайн бодож чадах юм бол масст хэрэгтэй гэж үзсэн хүн гарч ирэх магадлалтай. Ерөнхийдөө улсын хэмжээнд нэлээд танигдсан хүмүүс л гарна.
Сул тал гэвэл шинэ залуу хүмүүс улс төрд орж ирэх, парламентын цус сэлбэх процесс үндсэндээ байхгүй болно. Ард түмэн энэ 76 хүнийг элдвээр хэлдэг ч гэсэн сайн муугаараа танил болсон хүмүүсээ л сонгох байх. Үүнийг сөрөг тал нь юм болов уу гэж үзэж байна.
Нэр дэвшигчид 21 аймгаар хөндлөн гулд явах боломжгүй. Тэгэхээр хүн болгон өөр өөрийнхөө тойрог дээр л ажиллана. Энэ тохиолдолд өөрийгөө ямар үнэлэмжтэй хүн бэ гэдгээ харах байх.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд5 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ