Эдийн засаг
Даатгалын тогтолцооны хэлбэр, цаашдын хандлага

Улс орнуудын нийгмийн даатгалын тогтолцооны онцлог, цаашдын чиг хандлагыг өөрийн улстай харьцуулан хүргэж байна.
Даатгалын тогтолцооны хэлбэрүүд
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ:
– Эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо
– Хуримтлалын тогтолцоо гэсэн хоёр хэлбэрийг баримталдаг байна. Хуримтлалын тогтолцоо нь дотроо бүрэн ба хагас гэсэн хоёр янз байдаг.
Эв санааны нэгдлийн гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтолцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт хуваарилдаг. Бидний өвөө эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг. Энэ тогтолцоо нь хүн амын насжилт харьцангуй залуу буюу ажиллаж байгаа иргэд тэтгэвэр авагчдын тооноос үлэмж их байсан тохиолдолд л асуудалгүй хэрэгжих боломжтой тогтолцоо юм.
Харин хагас хуримтлалын, хуримтлалын тогтолцоонд даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг. Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, нэгмөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг аж. Гэхдээ, хагас хуримтлалын тогтолцооны үед бүх мөнгийг нь өгөхгүй, тодорхой хэмжээг үлдээх (дээд тал нь 50 хувь) ёстой байдаг бөгөөд энэ нь цэвэр хүмүүнлэгийн зорилготой байдаг (тэтгэврийн хөгшдийг хуримтлуулсан мөнгөө нэгмөсөн аваад цаашдаа гуйлгачин байдлаар амьдар гэх нь яаж ч бодсон хүнлэг бус) юм. Хуримтлалын тогтолцоо нь иргэдийн насжилт нэмэгдсэн ч асуудалгүй “ажиллах” боломжтойгоороо хуваарилалтын тогтолцооноос давуу талтай. Хүн төрөлхтний дундаж наслалтын өсөлт даатгалын тогтолцоонд ч нөлөөлж, чиг хандлага нь хуримтлалын буюу өөрийн бий болгосон баялгаа л хүртэх шударга тогтолцоо руу явж буй бөгөөд сүүлийн жилүүдэд шударгаас гадна хүмүүнлэг зарчмыг шингээсэн хуваарилалт, хуримтлалын хосолмол тогтолцоо давамгайлах чиг хандлагатай байгаа юм.
Дэлхийн улс орнуудын онцлог, чиг хандлага
Хөгжлийн төвшин, хүн амын амьдралын онцлог, насжилт, иргэдийн хандлага зэрэгтэй холбоотойгоор улс орон бүрт нийгмийн даатгалын харилцан адилгүй тогтолцоо үйлчилж байдаг. Гэхдээ даатгалын тогтолцоо анх үүссэн гэдэг утгаараа Европын улс орнуудынх илүү олон жилийн түүхтэй, олон удаа шинэчлэгдэн төгөлдөршсөн учир энэ тал дээр бусдаас нэг алхам түрүүлж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ тивийн зарим улс хуваарилалтын тогтолцооноос хуваарилалт-хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг хийгээд бараг дуусч байгаа юм. Тухайлбал, Швед улс 1999 оноос нийгмийн даатгалын тогтолцоон дээрээ хууль ёсны хувийн “шимтгэлийн тэтгэвэр”-ийн тогтолцоог мөрдөж эхэлсэн байдаг. Даатгал өндөр хөгжсөн, боловсронгуй тогтолцоотой улс орнуудын мөрддөг “Нийгмийн даатгалд бүх хүнийг хамруулах ёстой” гэсэн зарчмын үндсэн дээр ийнхүү хуваарилалт-хуримтлалын арга хэрэглэх болсноор дээр дурдсанчлан шударга ёс, хүмүүнлэгийн зарчмыг хадгалж үлджээ.
Манай урд хөрш БНХАУ-ын нийгмийн даатгал нь “Орон нутгийн нийгмийн даатгал”, “Хувийн тэтгэврийн данс” гэсэн хоёр шаталсан тогтолцоотой. “Орон нутгийн нийгмийн даатгал”-д даатгуулагч шимтгэл төлдөггүй, зөвхөн ажил олгогч цалингийн дунджаас 20 хувиар шимтгэл төлдөг. Даатгуулагчаас гарах шимтгэл хувийн тэтгэврийн дансанд хуримтлагддаг онцлогтой. Энэ нь хагас хуримтлалын тогтолцооны шинжийг хадгалсан ч даатгуулагчаас төлөх шимтгэлийн хувь хэмжээ маш бага (татвар ногдуулах орлогын 3 хувь) учир эрсдэлийг хаах, даатгуулагчийн амьдралыг цаашид хангах баталгаа болж чаддаггүй сул талтай. Хуримтлалын тогтолцоог хэлбэр төдий оруулж өгсөн гэж хэлж ч болох юм.
Гэхдээ тухайн улсын эдийн засгийн чадамж, хөгжлийн төвшин, давтагдашгүй онцлог зэргээс шалтгаалаад даатгалын төрлүүд олон, эсвэл цөөн, авах үйлчилгээний хэмжээ их, бага байж болно. Тухайлбал, Япон, Англи, Франц, Швед, АНУ, Австрали зэрэг оронд дээрх дөрвөн чиглэлийн хамгааллыг даатгалын тогтолцоондоо бүрэн оруулж өгсөн байдаг бол БНХАУ, БНСУ-д олон хүүхэдтэйн тэтгэмж, Индонезид олон хүүхэдтэй гэр бүлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэсэн ойлголт байдаггүй байна.
Монгол Улс дэлхийн чиг хандлагаас хоцорч байна
Манай улсын хувьд Япон, Англи, Франц, Швед, АНУ, Австралитай адилаар нийгмийн хамгааллын бүх төрлүүдийг хэрэгжүүлдэг ч тэтгэврийн тогтолцооны тухайд бодлогын алдаа гаргаж, төр засгийн зүгээс түүнийгээ засахыг хичээхгүй байгаа нь ирээдүйд маш том эрсдэл үүсгэж байж болох талтай.
Монгол Улс Эв хамтын буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлдэг гэсэн үг.
Уг нь манай улс нийгмийн даатгалын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Швед зэрэг бусад улстай эн зэрэгцэн 1999 онд нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”- ийг баталж, хуримтлалын тогтолцоонд шилжих алхмаа хийсэн юм. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд жил бүр хүү тооцохоор зохицуулсан байдаг. Гэвч хуримтлалын тогтолцооны салшгүй хэсэг болох даатгуулагчийн бүх насаараа хуримтлуулсан шимтгэлийг үр хүүхэд болоод ар гэрийнхэнд өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалтыг огт оруулалгүй орхисон юм. Нэрийн дансны хууль баталж, тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт оруулсан болохоос үнэн хэрэгтээ тогтолцоог өөрчлөлгүй орхисон билээ.
Эв санааны нэгдлийн зарчим нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг. Манай Улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гардаг. Жилд 1.4 их наядын орлого төвлөрүүлээд 1.8 их наядын зарлага гаргадаг гэсэн тооцоо бий. Насжилт нэмэгдэж, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдээд ирэхээр алдагдал улам л ихэснэ. 2020, цаашлаад 2030 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо эрс нэмэгдэж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахаас өөр гарцгүй. Нэрийн дансны хуульд хандаж буй эрх баригчдын өнөөгийн хандлагыг харахаар чухам ийм ирээдүй харагдаж байгаа учраас л нэр төдий нэрийн данстай болгосон гэж хэлж болох юм.
Даатгуулагчдыг нэрийн данстай болгох нь ирээдүйд үүсэх эрсдэлийг багасгах нэг шийдэл мөн. Гэвч харамсалтай нь, нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг төр одоо болтол хийгээгүй.
Түүнээс гадна, ер нь цаашдаа ч нэрийн дансыг мөнгөжүүлэх, хуримтлалын тогтолцоонд шилжих бодолгүй юм биш үү гэсэн хардлага үүсгэхүйц алхмуудыг хийж ирлээ. УИХ нэрийн дансны хууль батлахдаа дээр хэлсэнчлэн, даатгуулагчийн бүх насаараа хуримтлуулсан шимтгэлийг үр хүүхэд болоод ар гэрийнхэнд өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг бодит шинэчлэл болохуйц зүйл заалтыг огт оруулаагүй. Эрх баригчид нь нэрийн дансаар тэтгэвэр авах нь даатгуулагчид хохиролтой гэсэн утгатай, худал хуурмаг мэдээлэл түгээж байсан зэргээс ингэж дүгнэж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.