Нийгэм
2040 ОНООС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ: Бид худал хэлэх бүртээ үнэний өмнө өртэй болно

- 2040 оны 7 сарын 11
- Их Монгол Улсын 843, Ардын хувьсгалын 119 жилийн ой, үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв.
- Сайхан гэдэг нь бөх нь бяртай, морь нь хурдтай, сум нь мэргэнээс гадна энэ онд Монгол улсын нэг хүнд ногдох орлого 20,000 ам.долларыг давав. 2020 онд л энэ үзүүлэлт 2,300 ам.доллар байв.
- Энэ боломжтой байсан уу? мэдээж. Ийм туршилга ч байсан. 1980 оноос Персийн буланд орших жижигхэн Катар хэмээх улс байгалын баялагаараа, загасчны жижиг тосгоныг худалдааны том төв болгосон Хонконг газарзүйн давуу талаараа үсрэнгүй хөгжсөн жишээг дурьдаж болно. Эдгээр улсууд нэг хүнд ногдох орлогоо 40 жилийн дотор(1980-2020 он) 6 дахин өсгөж чадсан.
Зах зээлийн эдийн засагт шилжээд Монгол улс 50 жилийг ардаа үджээ. Бид бараг л хүн амынхаа нэг үеэ золиослон байж өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэд ажилгүйдэл, ядуурал, авлига, хээл хахууль, тэгш бус байдал, хүчирхийлэл, популизм бүгдийг нь бие, сэтгэлээрээ туулж өнгөрүүлсэн.
Харин өнөөдөр…
Эдийн засаг маань зөвхөн уул уурхайн салбараас гадна технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсруулах гэсэн 5 салбар дээр тогтож байна. Технологийн эрин зуунд Монгол залуучууд дэлхийн томоохон фирмүүдэд технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Их хаадын жуулчлалын цогцолбор, нүүдлийн ахуй амьдралаараа жуулчдыг ихээр татаж, жилдээ л хэдэн зуун тэрбум ам.доллар орж ирж байна. Малын гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Америк, Европ, Хятад, Орос руу экспортолж байна.
20 жилийн өмнө ядуурлын түвшин 30 хувьтай, инфляц 2 оронтой тоонд, зээлийн хүү 20 хувьтай байсан бол өнөөдөр ядуурлын түвшин 5 хувьд хүрч, инфляц 2 хувиас хэтрэхгүй болжээ. Тухайн үед бид ипотекийн зээлийг 8 хувиар авахдаа хөнгөлөлттэй гэж боддог байсан бол өнөөдөр бизнесийн зээлийн хүү 4 хувьд хүрээд байна. Уул уурхайн экспорт, технологийн үйлчилгээ, аялал жуулчлал, ХАА-н бүтээгдэхүүн гээд бүхий л салбарын бүтээгдэхүүнээр мөнгө олж байгаа болохоор төгрөгийн эсрэг бусад валютын ханш бараг л сулрахаа байсан. Төсвийн алдагдалгүй, төр нь бодлоготой улсын зээлжих зэрэглэл ч өндөр. Монголын маань дурын компани гадаад зах зээлээс мөнгө татаж байна(Тус тоог Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030 –д тулгуурлан бичив).
Олон улсууд бидний хөгжлийн нууцын тухай асуудаг. Өнөөдөр дэлхийн их сургуулиудын багш нарын хичээл дээрээ хамгийн их иш татдаг жишээ нь Монгол болсон. Хөгжиж буй орны улс төрчид улс орон ард түмэндээ уриалахдаа авдаг жишээ нь Монгол болсон. Юу гэж үү? Баялагын хараалаас өөрсдийгөө чөлөөлж, үсрэнгүй хөгжиж чадсан улс гэдгээрээ…
Хэрвээ энэ захидал биелэлээ олж, биднийг ийм ирээдүй угтдаг бол хичнээн сайхан. 2.7 сая хүн амтай, байгалийн баялагтай Катар шиг яагаад хөгжиж болохгүй гэж… Энэ бүхэнд хүрэхэд бидэнд юу дутаад байна вэ?
Энэ бүхнийг энгийнээр ойлгохын тулд нэгэн том хөлөг онгоцны жишээг авч үзье.
ЛУУЖИНГҮЙ ХӨЛӨГ ОНГОЦ
Та өөрийгөө маш том усан онгоц дээр 3 сая хүнтэй хамт явж байна гээд төсөөлөөд үз. Яахав далайгүй орны хүмүүст далайн жишээ авах нь тохиромжгүй мэт боловч бидний ихэнх нь далайг мэднэ. Ядаж л Титаник киноноос мэднэ.
Ихэнх хүмүүст усан онгоцон дээрх өдөр тутмын амьдрал чухал байв. Учир нь завин дээр амьдарч байгаа хүмүүс яг л Титаник дээр гардаг шиг олон зэрэглэлтэй. Ихэнх хүмүүс маш тухгүй орчинд ажиллаж, амьдардаг. Бараг 30 орчим хувь нь хоолоо яаж олж идэх тухай бодож өлсдөг бол үлдсэн 60 орчим хувь нь хоолноосоо салахгүйн тулд завин дээр өдөр шөнөгүй ажилладаг. Магадгүй 10 орчим хувь нь хоолондоо санаа зовохгүй амьдарч чаддаг.
Хэдий ихэнх нь ядуу боловч бид дандаа ийм ядуу байх ёстой юу? Энэ завин дээр яг юу болоод байгааг ойлгох хэрэгтэй болно.
Бид дараах асуултыг өөрсдөөсөө эсвэл хэн нэгнээс асуух хэрэгтэй болно.
- Тэр завь яг хаашаа явж байна вэ?
- Хаана хүрэх вэ?
- Буруу газар руу явж байна уу?
- Хэрвээ замд нь далайн шуурга, дээрэмчдийн халдлага гэх мэт зүйлс болвол яах вэ?
- Титаник шиг мөсөн уул мөргөчихвөл яах вэ?
Энэ бол бидний толгойд орж ирэх хамгийн эхний асуултууд. Гэвч жинхэнэ сонирхол татах асуултууд цааш хөврөх болно.
- Энэ завыг хэн барьж байгаа бол?
- Тэр завийг удирдагч хэн нэгнийг хэн сонгох эрхтэй вэ?
- Тэд төлөвлөгөөтэй юу? Тэдний төлөвлөгөө үнэн зөв, бодитой байсан уу?
- Цаг агаар муудах үед ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?
- Далайн дээрэмчид ороод ирвэл яаж өөрсдийгөө хамгаалах вэ?
- Мөсөн уул мөргөхгүйн тулд яаж залуураа зөв залж, зөв зүгт явах вэ?
Энэ бол таны дараагийн тавих ёстой асуултууд байх болно. Эдгээр асуултуудад товчхон хариулах гээд оролдоод үзье.
- Мэдээж тэр завиудыг удирддаг нөхдүүд байдаг. Гол нь тэд завь хаашаа хүрэх тухай бус завин дээр юу болж байгаад л анхаардаг нөхдүүд.
- Тэр завийг тодорхой заавар, журмын дагуу зөв зүг чигт барьдаг бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс барих атал бичиг баримтаа ч ашиглаж мэдэхгүй, түүнийг уншиж, ойлгож ухахыг ч хүсдэггүй нөхдүүд байдаг.
Амьдралынхаа турш асуу, эргэлз, шалга, эргэцүүлж бод. Хэрвээ тэгж чадвал жинхэнэ мэдлэгийг чи олох болно гэж философичид хэлдэг шүү дээ. Дахиад таньд асуулт үүсэх болно.
- Ийм бүтэхгүй нөхдүүдтэй энэ завь сүйрчихвэл яах вэ?
- Бид хэнд итгээд энэ завин дээр яваад байгаа юм бэ?
- Энэ онгоцыг шатааж буй нүүрс дуусвал яах вэ?
- Бид далайд хөдлөхгүй зогсох уу?
- Тэгээд хаа нэгтээгээс тусламж гуйтал хэн нэгэн ирээд биднийг чирээд явах уу?
- Титаник шиг мөсөн уул мөргөөд мөнгөтэй, бэлтэй хүмүүс нь завь дуудаж амь гараад, мөнгөгүй хүмүүс нь завьтайгаа хамт сүйрэх үү?
Одоо бүхнийг ойлгоход хялбар болно. Том ачааны усан онгоц бол МОНГОЛ УЛС. Энэ удаад энэ завийг эрх барж байгаа хүмүүсийн талаар бус тэр завь зөв зүг рүү явж байгаа эсэх, түүнийг тооцоолсон төлөвлөгөө нь хэр бодитой эсэх, мөн түүнийгээ дагаж, мөрдөж хэрэгжүүлдэг эсэх тухай ярих болно.
Ачааны хөлөг онгоц эргэлт хийхдээ шууд машин шиг ч юм уу богинохон эргэчихдэггүй. Алгуураар эргэхдээ их хугацаа шаарддаг. Бид ч мөн адил буруу зүг рүү явж байгаагаа мэдээд эргэх үед 10, 20 магадгүй 50 жил зарцуулна. Тэгэхээр тэр төлөвлөгөө маш чухал болох нь харагдаж байна. Америкийн ерөнхийлөгч Бенжамин Франклин хүртэл энэ тухай “Бэлтгэхээс татгалзсанаар Та алдахад бэлтгэж байна” гэж хэлсэн байдаг. Тиймээс хувь хүн, компани, улс орон гээд бүхий л түвшинд бидэнд алсын хараа, түүнд хүрэх төлөвлөгөө зайлшгүй байх ёстой. Эрх баригчид хүний толгой эргүүлэхээр олон гоё сайхан нэртэй төлөвлөгөө, хөтөлбөр, бодлого ярьдаг. Ерөнхийд нь базаад ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ гэж нэрлэдэг.
Бид дор бүрнээ жижиг завьтай боловч, өөрсдөө түүнээс ч том нэг завин дээр сууж буй. Бидний амьдарч буй дэлхий хэцүү боллоо. Дэлхийн улсууд хүртэл үүнийг харжээ. Байгаль орчингоо их бохирдуулж, тэгш бус байдал гэдэг зүйл газар авчихлаа. Тиймээс дэлхийгээрээ нэг төлөвлөгөө гаргахгүй бол горьгүй ээ гээд 2016-2030 он хүртэлх хугацааны дэлхийн эдийн засгийн хөгжлийн цогц баримт бичгийг тодорхойлсон. НҮБ-н бүх гишүүн орнууд дэмжиж, тус хөтөлбөрийн хүрээнд 15 зорилго, 169 зорилттой баримт бичиг батлав. Монгол улс яаж дутхав. НҮБ-н гишүүн орон учир дагаж мөрдөх ёстой. 2016 онд ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ баталжээ. Том дэвшил. Ямар ч Засгийн газар хуулиас дээгүүр ажиллахгүй. Өмнө нь болохоор ЗАСГИЙН ГАЗАР нь завийг хааш чиглүүлэх төлөвлөгөө боловсруулдаг байсан бол одоо ХӨГЖЛИЙН БОДЛОГО-н дор, түүний зарчмын дагуу боловсруулна.
БИД ДАЛАЙН АЛЬ ХЭСЭГТ ХӨВЖ БАЙНА ВЭ?
Өнгөрсөн хугацаанд завийг зөв чигт нь залах, зөв жолоодох бодлогын баримт бичгээс 470 гаруй байдгаас ердөө 230 орчим нь хэрэгждэг гэсэн байна. Эндээс хамгийн том бодлогын баримт бичиг нь ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО-г 2008 онд баталсан. Цагаан дээр хараар бичээд улаанаар тамгалчихсан. Гэхдээ хууль бол биш. Хэн ч мөрдөхгүй. Зүгээр л цаас төдий болсон. Биелэлт муу байдаг шалтгаан нь худал хэлж, хулгай хийх, завин дээрх эрх мэдлээ хадгалах, завин дээр байгаа хүмүүст таалагдах гэсэнтэй холбоотой.
Өнөөдрийг хүртэл завиа хэрхэн удирдаж байсан үр дүнг нь дараах зургаас харах боломжтой. Өөрөөр хэлбэл ХӨГЖЛИЙН БОДЛОГО энэ тэрээ олон юмтай байсан. Гэхдээ мөрдөхгүй байсны үр дүн гэсэн үг. Бид тухайн зурагны доод талын хоёр хэсэгт ээлжлэн оршиж байна. Ашигт малтмалын эрэлт их, бага үеүдэд ямар ч бодлогогүй, харалган явсаар ирсэн. Харин 2020–2030 оны хооронд дээд талын хоёр хэсэгт шилжих хэрэгтэй. Энэ хэсэг рүү шилжүүлж чадах зүйл нь бэлэг тэмдэг төдий ашиглагддаг байсан төлөвлөлт, хөгжлийн хөтөлбөр нь амьдралд бууж, бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих явдал юм.

Эх үүсвэр: Судлаачийн тооцоолол
Манайд одоогоор богино хугацааны бодлого л хүчтэй хэрэгжиж байна. Дунд хугацааны бодлого байхгүй. Учир нь 1.5 жилийн настай Засгийн газар 4-10 жилийг төлөвлөж чадахгүй нь ойлгомжтой. Урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөгч байгууллага нь ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР. Ямар ч хүчгүй, эрх мэдэлгүй, нөлөөгүй газар. 2009 оноос хойш дундаж нас нь 2.5 жил. Өөрөө ийм тогтворгүй хэрнээ яаж 10, 20, 30 жилийн төлөвлөгөө гаргах билээ дээ.
Хугацаа | Хөтөлбөр | Хариуцагч байгууллага | Тогтвортой эсэх |
Урт хугацаа (15-20 жил) |
Монгол улсын хөгжлийн баримт бичиг |
Үндэсний хөгжлийн газар |
2009 оноос хойш дундаж орших хугаца нь 2.5 жил болсон. |
Дунд хугацаа (4-10 жил) |
8-10 жил төрөөс баримтлах бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл 3 жил, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр |
Засгийн газар |
1.5 –хан жилийн настай ЗАСГИЙН ГАЗАР. |
Богино хугацаа (1 жил) |
Төсвийн тухай хууль, төрөөс мөнгөний бодлого, улсын эдийн засаг хөгжүүлэх бодлого |
УИХ, Засгийн газар |
1.5 –хан жилийн настай ЗАСГИЙН ГАЗАР. |
Эх үүсвэр: Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар
САЙХАН ИРЭЭДҮЙД ХҮРЭХИЙН ТУЛД ЗАВИН ДЭЭРХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ МӨРДӨХ НЬ ЧУХАЛ.
ЗАВИЙГ ЗӨВХӨН ЗАВЬ МЭДДЭГ ХҮМҮҮСЭЭР ЗАЛУУЛАЯ.
Бүх орнууд хөгжлийн асуудлуудад нухацтай ханддаг. Манайхан бол хэн нэгний завины төлөвлөгөөг хуулдаг, шууд орчуулаад ашигладаг муу зуршилтай. Өөрсдийн онцлогоо мэдэж ойлгох нь чухал. Үүнд манай СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА-ууд маш чухал үүрэгтэй. Тухайлбал, АНУ-д Бодлогын судалгааны байгууллага 1828, Германд зөвхөн эдийн засгийн чиглэлээрх байгууллага нь 150 байдаг. Энэ байгууллагууд нь зөвхөн хөгжлийн бодлого төлөвлөлтөд зориулан судалгаа, шинжилгээ, шүүмж өгдөг. Солонгос улс нь ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭЛЭН Засгийн газрынхаа хажууд 2, УИХ-нхаа хажууд 1 байдаг. Айлын хүүхдүүд ингэж л явдаг байна. Харин манайд нөгөө ХӨГЖЛИЙН БОДЛОГО тодорхойлогч байгууллага болох ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР. Энэ байгууллага нь хүчтэй, хараат бус, хянадаг байх хэрэгтэй. Гол санхүүжилтийг нь олгодог Сангийн яаманд бөө, удган, хурдан морь сонирхогч нарыг томилохгүй мэргэжлийн хүн нь байх хэрэгтэй.
Их сургуулийн багш нарыг үгээ хэлэх эрхгүй. Захирлаас нь эхлээд улс төрийн дарамт шахалт үзүүлээд эхэлнэ. Хэдэн судалгааны байгууллагууд нь түүвэр судалгаа, намын рэйтинг тогтоох судалгаанаас хэтрэхгүй. Арга ч үгүй биз. Ашигийнх юм чинь мөнгө хаана тийш нь явна.
Намын хөтөлбөрүүд нь ХӨГЖЛИЙН БОДЛОГОТОЙ уялдаж байгаа эсэхийг хянадаг байх.
Юутай ч ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТУХАЙ хуультай болсон нь сайшаалтай. Гол нь тус хуулиа дагаж мөрдөх нь чухал шүү дээ. Дагаж мөрдөхийн тулд хяналт чухал. Тэгсэн 4 жилд 1 удаа хяналт хийх юм гэнэ. Тэгэхээр нөгөө хариуцагч нөхөр нь дахин сонгогдохгүй бол хяналт гэдэг зүйл байхгүй өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй л адил юм болно. Ядаж хөндлөнгийн аудит жил тутам орж байж, үндэсний бодлого төлөвлөлттэй нийцэж байгаа эсэхийг хянаад явах боломжтой болно гэсэн үг. Хөгжлийн хөтөлбөрийг урт хугацаагаар гаргаж, намууд сонгуульд оролцохдоо энэхүү хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийдэг байя.
Эцэст нь хэлэхэд энэ олон утгагүй худал, хуурмаг, популист амлалт, өнөө маргаашаа аргацаасан бодлого, хөтөлбөрөө зогсоогоод жинхэнэ ХӨГЖЛИЙН БОДЛОГО төлөвлөлт хийж, урт хугацаагаа харах нь чухал болжээ. БИД ХУДАЛ ХЭЛЭХ БҮРТЭЭ ҮНЭНИЙ ӨМНӨ ӨРТЭЙ БОЛНО. Бид хэн нэгэнд мөнгөний өртэй, өөр нэгэнд сэтгэлийн өртэй байж болно. Мөнгийг нь эргүүлж өгөөд өрөө төлж чадна. Хэн нэгнээс уучлал гуйх эсвэл туслаад сэтгэлээ цагаатгаж болно. Гэвч худал хэлснийхээ өрийг үнэнд төлж чадахгүй. Үнэн хэзээ ч биднээс өр нэхэхгүй. Тэгэх ч шаардлагагүй. Үнэн асуухгүйгээр шийтгэдэг. Амьдралаар нь, хэдэн үеэр нь, улс үндэстнээр нь үйлийн үрийг нь эдлүүлдэг.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм10 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм11 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм12 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг11 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр13 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм11 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа