Нийгэм
Барилгын салбарт “чимээгүй аллага” үргэлжилсээр байх уу?

“Рапид Архитектур Констаркшн” ХХК-ийн бариулж буй энэхүү 40 айлын орон сууцны барилгын 5 давхраас ажилтан нь унаж хүнд бэртжээ.
“Үйлдвэрлэлийн осол бол статистик биш эмгэнэл” хэмээн манай сайт сар гаруйн өмнө сануулан бичиж байв. Барилгын салбарын бүтээн байгуулалт ид эхэлж байсан учир ийн урьдчилан сэргийлж, сэдэв хөндсөн билээ. Харамсалтай нь барилгын компаниудын удирдлага, ХАБ хариуцсан мэргэжилтнүүдийн хариуцлагагүйгээс бүтээн байгуулалтын энэ том салбарт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ноцтой осол гарсаар байна.
Энэ хавар бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойшхи жишээ дурдахад дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах хайрганы үйлдвэрт ажиллаж байсан 24 настай залуу ковшины шанаганд дарагдан газар дээрээ амиа алдсан осол гарсан.
Мөн дөрөвдүгээр сард Хүүхдийн ордны хойд талын зам дээр явсан автомашины дээрээс асар том барилгын цементийн хэсэг унаж салхины шил, салоныг нь цөм цохьсон тохиолдол гарсан. Замын хажуугийн баригдаж буй барилга дээрээс уг цемент унасан байна. Хамгаалалтын торгүй барилгууд хүний амь насанд хүрэхэд бэлэн байгаагийн нэг жишээ энэ. Нийслэлд гарч буй нийт ослын 80 хувь нь өндрөөс унах, дээрээс юм унах тохиолдол байгаа нь жинхэнэ айдас хүйдэс юм.
Тухайлбал, “Хангай” хотхоны хойд талд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын барилга дээрээс тавдугаар сарын 19-нд тус барилгын дээврийн хэсэгт гүйцэтгэл хийж байсан 29 настай Г.Хүрэлсүх гэгч залуу унаж хүнд бэртсэн байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэж буй компани хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй, хөдөлмөр аюулгүй байдлыг хангалгүй хямд зардлаар хүн ажиллуулж байгаад ийм осол гаргажээ. Таван давхар барилгаас унасан залуугийн нурууны яс бяцарч хадуулсан, 10 хадаас нуруундаа зоолгож төмөр бэхэлгээтэй хэвтэрт байгаа аж. Түүний нугасны хальс 3 см задарсан бөгөөд хиймэл хальс оёсон байна. Гэтэл хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад энэхүү осол гарсан барилгын гүйцэтгэгч компанийнхан эргэж уулзсан ч аль болох аргалж, бултах, хариуцлагаас зугтах оролдлого хийж байгаа гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн хэлж байна.
Дээрх осол гарсан барилгын захиалагч нь Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар, “Гэр хорооллын хөгжил” төсөл бол барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч компани нь “Рапид Архитектур Констаркшн” ХХК ажээ. Тус компанийн гүйцэтгэл хийж байсан барилгаас 2018 онд мөн хүн унаж хүнд бэртэж байжээ. Энэ тухай нийслэлийн барилгын салбарт гарсан ослын талаархи албан ёсны мэдээлэлд дурайж байна. Барилгын талбай дээр нь осол гарчихаад байхад компанийн удирдлагууд хариуцлагагүй хандсан, хохирогчид буруу өгөх гэж оролдсон, мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь очих байтугай хэвлэлийн мэдээнээс уг ослын талаар сонссон гэдэг тайлбар хийж суусан гэдгийг ч хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны таван давхар барилга дээр ажиллаж байсан залуу энд унаж бэртжээ.
Өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман тохиолдол нь өндрөөс кран унасан осол байсан бөгөөд эдгээр ослын улмаас найман хүн амь насаа алджээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн 3 жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой урьдчилан сэргийлэх ажилд нийт төсвийнхөө 1.5 хувийг зориулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байгаа юм. Барилгын салбарын бүтээн байгуулалт идэвхжиж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас дөрөвдүгээр сараас эхлэн хамгаалалтын тор хэрэглэх урьдчилан сэргийлэх аян зохион байгуулсан. Гэвч барилгын компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангахгүйгээр хөдөлмөрийн гэрээгүйгээр, мэргэжлийн бус түр ажилчид авч ажиллуулж, осол гаргах явдал давтагдсаар байгааг “Хангай” хотхоны барилга дээр гарсан харамсалтай ослоос харж болно.
Цаашид хүний амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, осол эндэл гаргасан барилгын компаниудыг олон нийтэд ил тод зарлан, тэднийг нууц хаацайлалгүйгээр хариуцлага тооцож, алдаа дутагдлаа давтан гаргасан бол бизнесийн нэр хүндэд нь халдах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол барилгын салбарт осол, аваар, золгүй тохиолдол гэдэг нэрийн дор “чимээгүй аллага” үргэлжилсээр байх нь. Жилд 8-10 хүн барилгын талбай дээр амь насаа алдсаар байх нь жирийн хэрэг гэж үү.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм12 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм17 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг16 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр19 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм16 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа