Нийгэм
Салхилангаа үнэгүй ном уншицгаая

Зөвхөн номын сангийн үнэмлэхтэй эсвэл мөнгөтэй хүн ном уншдаг цаг аль хэдийнээ ард хоцорчээ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулсан юм. Энэ номын сантай танилцахаар тус цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.
Том саглагар мөчиртэй, ногоон навчсаар бүрхсэн модны сүүдэр дор байрлуулсан “Мэдлэг бол хүч”, “Үнэгүй бяцхан номын сан” гэсэн үг бичиж олон янзын дүрс зурж чимэглэсэн, гурвалжин модон дээвэртэй, шар өнгөөр будсан эвдэрхий хөргөгч нүдэнд туслаа. Хөргөгчийг онгойлгож үзвээс тасалгаа бүрт нь ном байв. “УБ-Гудамжны номын сан” нь хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл юм.
Номын санг санаачлагч Т.Тара “Франц улсад аялж байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг харж, Монголдоо хийх санаа төрсөн. Ингэснээр иргэд төдийгүй хүүхэд, залуучууд гадаа салхилж суухдаа ном унших боломжтой. Тиймээс та баг, хороо, сууриндаа ийм загвараар гудамжны номын сан бүхий шар хайрцаг гэсэн брэндтэй болоорой. Хэн эхэлсэн нь биш хэн үргэлжлүүлсэн нь чухал шүү” гэсэн юм.
Анхны гудамжны номын санд Монголын Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын WIRE сэтгүүл болон бусад хүний эрхийн номнуудаа бэлэглэжээ.
Мөн яруу найрагч Р.Эмүжингийн хүүхдэд зориулсан “Үзэсгэлэнт оюун ухаан” үлгэрийн ном, “Гэрэг” сэтгүүл, сонирхолтой, шинэлэг мэдээ мэдээлэлтэй “Нийслэл guide” сэтгүүл гэсэн олон ном байв. Биднийг номуудыг сонирхох зуур хэд хэдэн хүн ирж гудамжны номын санг сонирхож ам сайтай байлаа. Нэгэн эмэгтэй “Ёстой гоё юм байна. Хүүхдээ саатуулангаа ном уншихад тохиромжтой юм” гэсэн бол 10 орчим насны хүү нь “Хотын хаа сайгүй байвал гоё доо. Хөргөгчөөр хийсэн юм байна” гэж гайхсан шинжтэй хэллээ.
Хүүхдээ салхилуулж яваа залуухан хос уг номын сангаас нэг сэтгүүл аваад цааш явж сандал дээр сууж уншицгаав. Ойролцоох сандлаас гадна энэ модны сүүдэрт суунгаа ном уншиж болохгүй гэж үү. Гудамжны номын сангаар дамжуулж иргэд төрөл бүрийн номыг хандивлаж болохоос гадна хэрэгтэй номоо солилцож унших, хотын соёлд суралцах ач холбогдолтой. Тиймээс номыг номын сангийнх нь дэргэд уншаад буцааж хийх эсвэл түр зээлж, өөр номоор сольж авах зэргээр ашиглах, арилжааны зорилгоор авахгүй байх, хайрцаг эвдэрч гэмтсэн бол засаж сэлбэж байх гэсэн дүрмүүдийг баримталж байхыг санууллаа.
Цаашид Улаанбаатарын аль ч дүүрэг, хороонд амьдардаг хүн санаачилгаараа “УБ-Гудамжны номын сан”-г байгуулах боломжтой. Өчигдөрхөн Архангай аймгийн Цэнхэр суманд аль хэдийнээ ийм номын сан хоёрыг байгуулсан сайхан мэдээг санаачлагч Т.Тара дуулгалаа.
Анхны номын санг эвдэрхий хөргөгчөөр хийсэн бол дараагийнхыг нь хэрэглэдэггүй шүүгээ, хайрцаг болон юугаар ч хийж гудамжинд гэлтгүй өөрийн байрны гадаа ч байршуулах боломжтой. Хөршүүдээрээ нэгдээд байрныхаа гадаа ийм номын сантай болчихвол хоорондоо номоо солилцож уншингаа хөршийн холбоогоо сайжруулж болох юм. Цаг үе өөрчлөгдөж хөгжил дэвшлээс хоцроогүй ч үзэл, бодол, хандлага, үйл хэргээрээ бид өөрчлөгдөх цаг болжээ.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм14 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм17 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм17 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Эдийн засаг18 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр20 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм17 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа