Эдийн засаг
Л.Оюун: Max үнэтэй болсон нь бодлогогүй байгаагийн бодит жишээ
Эдийн засаг судлаач доктор, профессор Л.Оюунтай улс орны хөгжил, иргэдийн санхүүгийн боловсрол болон эдийн засгийн зарим асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд эдийн засаг хүлээлтээс давсан өсөлттэй гарсан. Та энэ төлөвийг хэрхэн харж байна вэ. Өсөлт нь бодит байж, айл өрх бүрт хүрч чадаж байна уу?
-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилт хөтөлбөрийн дагуу төсвийн сахилга бат харьцангуй сайн байсантай холбоотойгоор эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарсан. Ямартай ч ирэх оныг дуустал өсөлт хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Гэхдээ манай эдийн засгийн өсөлт нь өсөлт юм шиг харагдах боловч эргээд маш эмзэг, дархлаагүй байна. Ирэх жил сонгуулийн жил учраас санхүүжилт өснө.
Санхүүжилтийн мөнгийг дагаж эдийн засгийн өсөлт явагдана. Хамгийн гол нь оновчтой зүйлд мөнгөө хуваарилж чадвал цаашид хөгжих хөрс бий болно. Үүнд хэрэглээгээр дамжиж эдийн засаг өсөх ёстой гэдгийг хатуу хэлье. Яг энэ тал дээр манай улсын хувьд учир дутагдалтай зүйлүүд бий. Орлогын өсөлтийг дагаж хэрэглээ өсөж, улмаар нийгэм, эдийн засаг хөгжиж байдаг.
Гэтэл өнөөдөр манайд инфляцаас хамаарч орлогоо барьснаар хэрэглээ хумигдаж байна. Иймээс хэрэглээгээр дамжиж эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй байна. Тод жишээ гэвэл, Бид Эрээнийг хөгжүүлж өгсөн. Тэнд хэрэглээ, борлуулалт байсан. Үүнтэй адил эхлээд орлогоо нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлж байж л дотоодын үйлдвэрлэл хөгжинө. Эдийн засгийн өсөлт нь айл өрх бүрт орлогын өсөлтөөр дамжиж хүрэх ёстой. Орлогыг яаж өсгөх вэ гэхээр зөвхөн цалинг нэмээд шийдэхгүй.
Ажлын байр болон хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж уялдаатайгаар өсгөх хэрэгтэй. Илүү хөдөлмөрлөж, илүү зүтгэж, сайн ажилласан хүний цалин өсдөг байх ёстой. Түүнээс хөдөлмөр дээр нь суурилахгүйгээр нийтээр нь нэгдсэн байдлаар цалинг нэмэхэд инфляцыг өсгөхөөс хэтрэхгүй.
-Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зах зээл болон худалдан авагчид хэрэгтэй. Манайд анхан шатны үйлдвэрлэлээс илүү боловсруулах үйлдвэрүүд дутагдалтай байдгаас асуудлууд эхэлдэг. Ер нь тогтвортой хөгжилд юу дутагдаж байна вэ?
-Хөгжил гэдэг нь нийгэм эдийн засагт гарч байгаа аливаа эерэг өөрчлөлт юм. Эдийн засаг төсвийн орлого нэмэгдсэн үед огцом өсөөд, буурсан үед дагаж буураад байвал дархлаа сул байгаагийн шинж. Тэгэхээр үүнийг дархлаатай болгохын тулд эдийн засгийн салбаруудыг жигд хөгжүүлэх хэрэгтэй байна. Манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай хэт өрөөсгөл бүтэцтэй. Нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлдэг.
Уул уурхайн экспорт нь түүхий эд байдаг. Түүний үнэ нь дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл, бид нараас хамаарахгүй байна гэсэн үг. Тэгэхээр дархлаатай болохын тулд нэгдүгээрт, уул уурхайн салбар гэлтгүй бусад салбарын түүхий эдийг аль болох нэмүү өртөг шингээн боловсруулж экспортод гаргах хэрэгтэй. Ингэснээр дэлхийн үнийн хэлбэлзлийн нөлөөлөл бидэнд тусах нь багасна.
Хоёрдугаарт, бодит үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Нөөц нь байгаа салбаруудыг тухайлбал хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна.
-Таны бодлоор бодлого аль салбарыг чиглэж явагдаж байгаа вэ?
-Юуны өмнө бодлого байхгүй. Аль салбарыг тэргүүн ээлжинд, түрүүлж хөгжүүлэх тухай маш сайн бодлого баймаар байна. Тэр бодлогоо санхүүжүүлж, салбарыг нь босгоод, өөрөө аяндаа хөгждөг болтол нь бодлогоо явуулсаар байх хэрэгтэй. Эхний салбараа урт хугацаанд хөгжүүлж дуусаад дараагийн ээлжид хөгжүүлэхээр тодорхойлсон салбар руу бодлогоо чиглүүлж явах нь зөв.
Жишээлбэл, барилгын салбарыг бодлогоор нэлээд хөгжүүлсэн учраас уг салбарын үзүүлэлт үсрэнгүй өссөн байдаг. Энэ бол бодлого байхгүй юу. Дараа нь ямар ч улс орон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлдэг.
Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбар гар ажиллагаатай, нүүдлийн шинж чанартай, бэлчээрийн даацаас давсан мал сүрэгтэй, түүхий эдийн хангалттай нөөцөө эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй хэвээр байна. Жишээлбэл, сүүг гаднаас импортлох нь их хэмжээний сүүний нөөцтэй орны хувьд ичмээр асуудал. Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийг цогцолбор байдлаар шийдвэрлэх хэрэгтэй.
Ноос ноолуурын салбарыг авч үзье л дээ. Угаах, самнах, ээрэх, нэхэх гээд олон шат дамжлагын хаана нь доголдоод байгааг олж, асуудлыг нь шийдэхээр санхүүжүүлж өгвөл үйл ажиллагаа нь жигдрээд ирнэ. Хоорондоо уялдаатайгаар салгаж бус, цогцоор нь авч үзэх бодлого чухал санагдана.
-Энэ жил мах, шатахууны үнэ нэлээд хэлбэлзэлтэй байна. Энэ тал дээрх бодлогоо хаана алдсан юм бол?
-Олон сая мал сүрэгтэй байж махны үнэ өссөн байгаа нь бодлогогүй яваагийн тод жишээ. Шатахууны хувьд нефть боловсруулах үйлдвэр рүү төмөр замаа татчихлаа, олборлоод боловсруулдаг болох алхмууд хийсэн нь зөв. Импортын шатахуунаас хамааралтай байхын оронд нөөц нь байгаа учраас дотоодын хэрэгцээгээ хангаж, илүү гарснаа экспортолдог болох хэрэгтэй. Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг дагаж шатахууны үнэ өслөө хэмээн өчнөөн жил ярьсаар байдаг асуудал удахгүй алга болно байх. Max, шатахууны үнийн өсөлт инфляцад өндөр хувийг эзэлдэг учраас эдгээр асуудлыг шийдэхэд улсын нуруун дээрх ачаа нэлээд хөнгөлөгдөнө гэж харж байна.
-Ирэх оны төсвийн төсөөллийг хэрхэн харж байна вэ. Сонгуулийн жилийн нөлөө эдийн засагт яаж гарах вэ?
-Эдийн засгаа өргөжүүлэхийн тулд төсөв болон мөнгөний бодлогоо тэлэх л ёстой. Хумиад бай-вал хумигдаад л байна. Сонгуультай холбоотойгоор Засгийн газрын зардал өссөнөөр хэрэглээ өснө. Хэрэглээ өссөнөөр хэрэглээг хангадаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа салбар хөгжинө гэсэн үг. Тэгэхээр улс маань хөгжих гэж байгаа бол төсөв, бодлогоо тэлэхээс өөр арга байхгүй. Зөвхөн мөнгөний зөв зарцуулалт болон түүнд тавих хяналтын асуудалд анхаарах нь чухал байна.
-Төлбөрийн тэнцэл өнгөрсөн жил алдагдалтай гарсан. Харин энэ жил ийн хувьд эерэг төсөөлөл бий юү?
-Экспортын бараа нэмэгдэхэд валютын дотогшлох урсгал нэмэгдэж, тэр мөнгө нь импортод төлж байгаа мөнгөнөөс даваад ирэхээр төлбөрийн тэнцэл эерэг гарна. Төлбөрийн тэнцлийг эерэг гаргахын тулд экспортод гардаг бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Импортоор аль болох бага бүтээгдэхүүн авч, импортыг орлох барааны үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй.
Харин валютын ханшийн асуудалд ам.долларын ханш өсөхөөр экспортлогч нарт ашигтай байдаг. Хямдхан төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй зарахаар гаднаас орж ирэх ам.долларын урсгал өснө. Валют, тэр дундаа ам.долларын ханш өсөхдөө их савлахгүйгээр жигд өсөж байвал манай эдийн засагт эерэг үр дүн авчирна. Эсрэгээрээ ам.долларын ханшийг их унагаавал үр дагавар нь илүү хохиролтой.
-Манай улсад банкны зээлийн хүү өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад нэлээд өндөр байдаг. Үүнийг яаж шийдвэл зүгээр юм бэ. Зээлийн хүүг бууруулах боломжтой юу?
-Зээлийн хүүг нэлээд олон өнцгөөс харж болно. Зээл хэмээх бүтээгдэхүүний үнэ бол зээлийн хүү юм. Нийлүүлэлт бага, эрэлт өндөр барааны үнэ өндөр байдаг. Тэгэхээр зээлийн хүү өндөр байна гэдэг нь зээлийн эрэлт их байна гэсэн үг. Зээл хэрэгтэй байгаа учраас эрэлт нь өсөж, хүү нь өндөр байна. Нөгөө талаас зээлдэгчийн хувьд зээлийн хүүнээс хамаарч бараа, үйлчилгээний зардал өсөх эрсдэлтэй.
Зардал өсөхөөр орлого багасна. Тийм учраас зээлийн хүүг бууруулснаар гарах хохирол байхгүй, харин иргэд болон улс оронд ашигтай. Зээлийн хүүнд эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү 60 орчим хувийг нь эзэлдэг. Банкны зардал болон ажилчдынх нь цалин хангамж, банкны өөрийн ашиг зээлийн хүүд сууж өгдөг. Ингээд бодохоор банкны ажилчдын цалин болон банкны ашгийг нь багасгахгүйгээр зээлийн хүүг бууруулах ганц боломж нь хадгаламжийн хүү л байгаа юм.
Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулах хэрэгтэй. Ингэснээр үнэт цаасны зах хөгжих суваг нээгдэнэ. Үнэт цаасны зах ямар үед хөгжих вэ гэхээр иргэд тодорхой хэмжээний хадгаламжтай болсны дараагаар хувьцаа, үнэт цаасанд хөрөнгөө оруулж эхлэх боломж бүрдэнэ. Хадгаламжийн мөнгөө банкинд байршуулаад байх уу хувьцаа, үнэт цаас худалдаж авах уу гэдэгт хүмүүс шийдвэрээ гаргаж эхэлнэ.
Хадгаламжгүй байгаа ард түмэнд үнэт цаасыг хөгжүүлэх гээд яаж ч мэрийгээд үр дүнгүй. Одоо манайд хадгаламж өсөж байгаа учраас нийт мөнгө 20 орчим их наяд төгрөг байлаа гэхэд хадгаламж 10 гаруй их наяд төгрөгийг эзэлж байгаа юм. Хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Засгийн газраас арга хэмжээ авбал болохгүй юм байхгүй. Банкинд маш их хэмжээний хадгаламжтай бөгөөд хадгаламжийн хүүнээсээ нэлээд ашиг олдог хүмүүс л хадгаламжийн хүүг бууруулахыг хүсэхгүй.
Тэдгээр хүмүүс нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй учраас зээлийн хүү буурахгүй байна. Тэд эх оронч үзэл, зориг гаргаж чадвал зээлийн хүү хэнд ч хохиролгүйгээр буурч, эдийн засгийн зардал багасаж, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх гээд байна. Ийм ойлгомжтой асуудалд шийдвэр гарч өгөхгүй байна. Энгийнээр хэлбэл, хадгаламжийн хүү буурснаар зээлийн хүү буурч, зээлийн хүү буурснаар улс орон хөгжихөд хувь нэмрээ оруулна гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр Монголын нөхцөлд зээлийн хүү хэд хүртэл буурах боломжтой вэ?
-Аль болох буурч байвал сайн. Банкууд зээлийн болон хадгаламжийн хүүний зөрүү гэсэн асуудлыг нэлээд ярьдаг. Энэ зөрүү ерөнхийдөө буурч байгаа боловч хадгаламжийн хүүний асуудал дээр очоод гацчихдаг. Гаднын орны зээлийн хүүг нь бага гэчихээд хадгаламжийн хүүг нь бага гэж ярихгүй байх нь үнэхээр мэдэн будилсан асуудал.
-Хадгаламжтай иргэдийн тоо өсөж байгаа нь саашаалтай юм. Олон банкнаас аль хадгаламжийг нь сонгохоо хүмүүс төдийлөн мэддэггүй. Энэ тал дээр бид яаж хандах ёстой юм бэ?
-Амьдралынхаа зорилго, өөрийнхөө нөөцөд суурилаад олон төрлийн хадгаламжаас сонгож хэрэглэж сурах хэрэгтэй. Ганцхан хадгалах, байршуулах ёстой гэдэг утгаар нь нөхцөл байдлыг харвал хүмүүс мөнгөө удирдаж чадахгүй байна л гэсэн үг.
-Ихэнх иргэдийн хувьд эдийн засгийн ойлголтуудаас нэлээд хол. Энгийнээр тайлбарлахаас нааш ойлгохыг ч хүсэхгүй байх нь элбэг. Гэтэл санхүүгийн боловсролоо яаж дээшлүүлэх ёстой юм бэ?
-Санхүүгийн боловсролыгзаавал эдийн засагч хүн л эзэмшихгүй. Эдийн засгаас гадна хүн байдаггүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс эдийн засгийн боловсролтой байх ёстой. Бид социализмын үеийн хуучин сэтгэлгээгээр явж байна. Тэр үед хүмүүст хүн бүр ажилтай, орлоготой, нам засаг хариуцах ёстой гэсэн сэтгэлгээ суучихсан байсан. Гэтэл одоо зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд мэддэг, чаддаг, юм хийсэн хүн нь хөгжиж байдаг. Тиймээс нийгмийнхээ мөн чанарыг ойлгож, түүндээ тохирч сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Эдийн засаг, санхүүгийн мэдлэг, мэдээллийг их түгээсэн ч гэсэн түүнийг нь хүлээж авахыг хүмүүс эрмэлзэхгүй байвал иххэцүү. Нэмжхэлэхэд, иргэдээсээ эхлээдулс орон бүхпээрээ мөнгөний хэрэгцээ гарсан үед хэрэглэх хадгаламж, хуримтлал, нөөцтэй болоххэрэгтэй.
-Дашрамд асуухад гадаад өрийн асуудал юу болж байна вэ?
-“Өр” гэдэг улс төрийн айхтар том хэрэгсэл болж байна. Зээлийг өр гэж үзээд түүгээр айлгадаг болсон гэсэн үг. Зээл, өр хоёр ялгаатай ойлголт, эдийн засгийн өөр өөр харилцааг илэрхийлдэг. Зээл авахаар бизнес өргөжиж, тэлж болдог юм байна гэдгийг мэдсэн бизнес эрхлэгчид зээлийг өр гэж хардаггүй. Авсан зээлээрээ бүтээн байгуулалт хийж, орлого бүтээж байдаг. Дахиад хэлэхэд, зээл бол хөгжпийн санхүүжилтийн түгээмэл хэлбэр.
Манай орны болон дэлхийн том том компаниуд зээл дээр л боссон. Харин зээлээр айлгах хэрэггүй. Ер нь банкинд “өр” гэдэг бүтээгдэхүүн байхгүй “зээл” гэдэг бүтээгдэхүүн л бий. Хэрэв зээл, өр хоёр адил юм бол банк “өр” гэдэг бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн үг болно. Хүмүүсийн санхүүгийн боловсрол дутмаг байгааг ашиглаж “өр”-өөр айлгадаг нь эмгэнэл гэх үү дээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.