Нийгэм
Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчиж барилга барьсан зэрэг хэд хэдэн асуудлуудыг судлан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, албаныханд өгсөн. Өчигдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс тус тогтоолын хэрэгжилт болоод Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажиллав.
Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. “Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ханган ажиллах хэрэгтэй. Усны тухай хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу цуцлах ёстой газруудаа цуцалж, эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй тэмцэлдэх гээгүй. Харин байгаль орчныг бохирдуулж, хариуцлагагүй хандаж, дур зоргоороо хашаа хатгаж замбараагүй байдлыг үүсгэж болохгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллах нь чухал байна. Шүүх дээр ялагдсан шалтгаан болон хэн гэдэг шүүгч дээрээс буцаад байгаа талаарх мэдээллийг нийслэлийнхэн Өргөдлийн байнгын хороонд энэ долоо хоногт гаргаж өг. Бид цааш нь холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Үүний цаана авилгын асуудал ч байж болзошгүй байна” хэмээв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх талаар нийслэлд хандаж саналаа өгсөн байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд хандаад шүүхийн шатандаа явж байгаа аж. Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байв.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм17 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм20 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Эдийн засаг21 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр23 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм21 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа