Улс төр
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ДЭЛХИИН НҮҮДЭЛЧДИЙН III НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагддаг “Дэлхийн нүүдэлчдийн наадам” Иссык-Куль нуурын эрэг дээр өдгөө 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ жил Монгол Улсыг албан ёсоор оролцохыг урьсны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 02-08-ны өдрүүдэд уг наадамд Монгол Улсыг төлөөлж, биеийн тамир спортын салбараас 15 спортын төрлөөр 60 гаруй тамирчид, соёл, урлагийн нийт 12 уран бүтээлчид болон албаны төлөөлөгчдийн хамт амжилттай оролцлоо.
Тус наадам нь Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Олон Улсын хэмжээний хамгийн том төсөл бөгөөд наадмын гол үзэл баримтлал нь нүүдэлчдийн соёлыг сэргээн хамгаалах, дэлхийн нийтэд сурталчлан таниулах явдал бөгөөд нүүдэлчдийн өв соёл болох дуу хуур, ахуй амьдрал, гар урлал, үндэсний тоглоом наадгай, зан үйлийг бүгдийг сурталчлан түгээж, Олон Улсын өвлөн уламжлагч, ардын авъяастан, урлаг спортын шилдэг төлөөлөгчид нэгэн дор хуран чуулахад оршиж байдаг байна. Тус наадам 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 2014 онд анхны наадамд 19 орны 583 тамирчид, 1200 урлаг соёлын төлөөлөгчид оролцож, 2016 онд 2-р наадам 62 орны тамирчид спортын 26 төрлөөр 1200 тамирчид өрсөлдсөн ба энэ удаагийн 3-р наадамд 77 орны урлаг, спортын 3000 гаруй төлөөлөгчид оролцож, жилээс жилд өргөжин тэлж байна.
Наадмын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарын албаны төлөөлөгчид, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУУГЖ С.Цогтсайхан, бүжигчин МУУГЖ Ш.Одонтуяа, морин хуурч МУСТА В.Батзориг, Улаанбаатар чуулгын уран бүтээлчдээс хөгжимчин Б.Нарандэлгэр /Битбокс Рэй/, дуучин Д.Шижирмаа, МУИС-ийн Эх бичиг судлалын доктрант, “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Б.Алтантуяа нар оролцлоо. Монголын соёл, урлагийн баг бүрэлдэхүүн уг наадмын нээлт болон “Нүүдэлчдийн Ертөнц” соёл, урлагийн фестиваль, хүндэтгэлийн концерт зэрэг нийт 4 удаагийн тоглолт, арга хэмжээнд оролцож, монгол үндэсний соёлын биет бус өв болох морин хуур, уртын дуу, хөөмий, бие биелгээ, аман хуур, хэл хуур, товшуур, битбокс, этник бүжиг, уран бичлэгийн өв соёлоо үзүүлэхийн зэрэгцээ үндэсний хувцасны загварын үзүүлбэр толилуулж, “Монгол Костюмс” ХХК-тай хамтран ажиллалаа.
Энэхүү наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн спорт” арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн бөхийн 10 төрөл, /Гореш, Гюлеш, Куресы, Кураш, Курөш, Пахлавани, Самбо, Ссирым, Сумо, Монгол үндэсний бөх, Нүүдэлчдийн эх барилдаан/ Мас-рестлинг, Көкпар буюу тулам булаалдах, Аударыспак буюу морин дээрх барилдаан, Тогызхумалах буюу 9 хоргоол, Мангала, Овари, Ордо буюу оюун ухааны спортын төрөл, Уламжлалт морин дээрээс сурын харваа зэрэг нийт 15 спортын төрлөөр 60 гаруй тамирчид оролцлоо.
Үүнээс нийт тамирчдаас 21 медаль хүртэж амжилт үзүүлснээс:
- Тогызхумалах буюу 9 хоргоол, Мангала, Овари, Ордо буюу оюун ухааны спортын төрөлд нийт- 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль эрэгтэй, эмэгтэй тамирчид шагналт 4-5-р байрт төрөл тус бүртээ шалгарсан.
- Көкпар буюу тулам булаалдах тэмцээнд багаараа 5-р байр.
- Аударыспак буюу морин дээрх барилдаанд 2 хүрэл медаль, 2 тамирчин 4-р байр.
- Бөхийн төрөлд:
Д.Анар-1 алт, 2 мөнгө, 1 хүрэл
Б.Серик-1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
Г.Пүрэвбаатар-1 мөнгө
Э.Энхболд-1 хүрэл
Э.Гантөмөр-1 хүрэл
Э.Сэржбүдээ-1 хүрэл
А.Алтанхуяг-1 хүрэл нийт-2 алт, 4 мөнгө, 6 хүрэл 12 медаль авч, манай баг тамирчид бүгд- 5 алтан медаль, 5 мөнгөн медаль, 14 хүрэл нийт-24 медаль хүртсэн байна.
Дэлхийн нүүдэлчдийн III наадмын спортын төрөлд Монголын Үндэсний бөх нэмж орсонтой холбогдуулан Үндэсний бөхийн тайлбарлагч С.Гантөр, улсын начин А.Алтанхуяг, С.Серик, Б.Анар нарын тэргүүтэй манай 8 бөх, 4 засуул оролцсон үзүүлэх тоглолт хийж, Үндэсний бөхийнхөө гарал үүсэл, уламжлалт өв, соёл, гараа, дэвээ, шавааг гадны орныхонд 3 хэл дээр тайлбарлан танилцуулж, сурталчилснаас гадна манай үндэсний бөхийн барилдаанд нийт 11 орны тамирчид оролцон Монгол Улсын начин Б.Анар уран сайхан мэхээрээ үзэгч олныг гайхашруулан түрүүллээ.
Энэхүү наадам нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнээс халиад дэлхийн хэмжээний спорт, соёл урлаг, эрдэм шинжилгээний томоохон наадам болж хөгжиж ирсэн ба тус арга хэмжээ нь бидэнд Монголын үндэсний спорт, соёл урлаг, үндэсний зан заншил, соёлын өв, монгол ахуйг сурталчлах томоохон боломж болсон гэж үзэж байна. Ирэх “Дэлхийн нүүдэлчдийн IV наадам”-ыг 2020 онд болох зохион байгуулах эрхийг Бүгд Найрамдах Турк Улс аваад байна.
Жич: Дэлхийн нүүдэлчдийн III наадмын тухай тодорхой мэдээллийг www.worldnomadgames.com гэсэн албан ёсны цахим хуудаснаас авч болно.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.