Эдийн засаг
НӨАТ-ын босгыг инфляц, худалдан авах чадварыг харгалзаж нэмдэг болъё

Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, худалдааны бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өсчээ. Орлого нэмэгдэхэд ам.долларын ханшаас үүдэлтэй инфляцын өсөлт ч чамгүй хувь нэмрээ оруулж байна. Сүүлийн хагас сарын дотор гэхэд л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш зарим нэр төрөл дээрээ 10-15 хувь өсчихлөө. НӨАТ-ын үндсэн төлөгч болох эцсийн хэрэглэгч буюу иргэдийн бодит орлого өсөөгүй байхад үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралыг доройтуулахын зэрэгцээ ААН-үүдийн орлогыг бодит бусаар өсгөж, жижиг аж ахуйн нэгжүүдийг автоматаар НӨАТ суутган төлөгчийн статуст аваачиж байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг улам бууруулж, амьжиргааг нь доройтуулах нэг шалтгаан болж байгаа юм. Тиймээс НӨАТ суутган төлөгч болгох босгыг инфляц, иргэдийн худалдан авах чадвартай харгалзуулан тодорхой давтамжтайгаар нэмэгдүүлж байх шаардлага урган гарч байгаа юм.
Манай улс өмнө нь ийм арга хэмжээ авч байсан туршлага бий. НӨАТ суутган төлөгч болох босго 10 сая байсныг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь үүний нэг жишээ. Тэр үед босгыг нэмэх үндсэн шалтган нь иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлого нэмэгдсэн явдал байсан юм. УИХ-аар хэлэлцэх үед “2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн” гэсэн статистикийг эш татах нь их байсныг санаж байна. УИХ 2012 онд НӨАТ-ын босгыг тогтоогоод дөрвөн жилийн дараа 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн. Дөрвөн жилийн давтамжтайгаар нэмдэг зүй тогтол байж болно. Манай улс нэгэнтээ НӨАТ-ыг бүртгэдэг системтэй болчихсон учраас босго өсгөлөө гээд төсөвт хүндрэл гарахгүй. Харин хэрэглэгчдээ бага ч болов хамгаалж байгаа алхам болох юм.
НӨАТ нь нэлээд ярвигтай, хэрэгтэй эсвэл хэрэггүй талаар дэлхийн том, том эдийн засагчид санал зөрдөг хүнд сэдэв. Тиймээс энэ асуудал дээр татвар төлөгчдийн байр суурийг сонсох нь зөв гэж бодоод олон хүнтэй уулзлаа. Энэ талаар янз бүрийн санал дүгнэлттэй байна.
Татвар төлөгч бол аль болох татвар төлөхгүй байхыг хичээдэг, тиймээс “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэсэн хариулт жин дарах болов уу гэж бодож байснаа нуугаад яахав. Гэтэл төлөхгүй гэсэн хүн бараг байхгүйтэй адил байсан нь өнгөрсөн хугацаанд бид зөв ажил хэрэгжүүлж, зөв зам дээрээ зогсож байгааг харуулж байсныг хэлэх хэрэгтэй. Харин сөрөг тал нь гэвэл татвар төлөгч эзэд, тэр ч байтугай байгууллагын нягтлангууд хүртэл НӨАТ-ынхаа учрыг сайн ойлгоогүй байдаг юм байна.
Энэ асуудлаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ерөнхийд нь гурав ангилж болмоор санагдлаа. Нэгдүгээрт, “100 сая, 250… сая болгох хэрэгтэй” гэж хариулсан хүмүүс ихэнх нь байсан. Тэд ихэвчлэн өөрсдийн аж ахуйн нэгжээ НӨАТ-ын гадна үлдээх санаа агуулагсад байв. Хоёрдугаарт, “Босгогүй болгох хэрэгтэй” гэсэн хүн цөөнгүй таарлаа. Тэд бол НӨАТ-ыг яг л анх гарч ирсэн үндсэн зорилгоор нь төлж, буцааж авах эрмэлзэлтэй, худалдан авагч шударга нөхдүүд байсан. Гурав дахь нь буюу хамгийн цөөн нь “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэж үзэгсэд. Босго тогтоочихвол том аж ахуйн нэгж нь хохироод жижигүүд нь далд эдийн засгийг бий болгоно, мөн ААН-үүд холдинг болж задардаг сөрөг хандлага улам ихэснэ гэдгээр өөрсдийнхөө саналыг зөвтгөж байв.
Тодорхой босго тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө санааг хамгаалахдаа “Жижиг аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээндээ НӨАТ-аа шингээж чаддаггүй. Үйлчлүүлэгч, худалдан авагчдын амьдралын түвшин харьцангуй доогуур учир НӨАТ-ын 10 хувь нэмэхэд борлуулалтад нөлөөлөх жишээтэй” гэж тайлбарлаж байв.
Иргэд НӨАТ-ын буцаалтаа бүрэн авч чаддаггүй учир /20 хувийг буцаах систем үйлчилж байгаа билээ/ ихэнх нь улсын орлого болдог, аль эсвэл орлогоо нууж чадсан ААН-ийн орлого болдог. Тиймээс иргэдийг ингэж шулж байснаас бүр үгүй болгоод 10 хувийн татвараа яс авъя гэсэн санаатай хүмүүс НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй гэж үзэж байсан юм.
Гэхдээ Монгол Улс орлогын албан татвар татвар харьцангуй багатай орон гэж тооцогддогийг энд санах хэрэгтэй болов уу.
Францын татварын албаны дарга татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд нэмүү өртгийн албан татварыг анх бий болгосон байна. Энэ нь худалдагч, үйлдвэрлэгч өөрийн борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ нь дээр нэмээд НӨАТ 10 хувийг суулгаж, тэрхүү НӨАТ-ыг худалдан авагч худалдан авсан бараан дээрээ нэмж 10 хувиар төлдөг болсон явдал. Гэхдээ худалдан авагч НӨАТ төлсөн 10 хувийн татварын баримтаа хадгалж байгаад татварын байгууллагаас 10 хувиа эргүүлэн авдаг тогтолцоо энэ дэлхий дээр бий болжээ.
НӨАТ-ыг босгогүй болгох, өөрөөр хэлбэл бүх аж ахуйн нэгж НӨАТ төлөх хэрэгтэй гэж үзсэн нэг хэсэг нь яг энэ үндсэн зорилгоор нь хэрэгжуүүлэхийг хүсэгчид байсан. Тэд энэ санаагаа “Яагаад гэвэл НӨАТ-ыг ААН биш, бараа үйлчилгээг худалдан авч байгаа эцсийн хэрэглэгч төлдөг. ААН-үүд зөвхөн төрд дамжуулж өгдөг. Тэгээд иргэн бүр ганц талх авсан ч баримтаа цуглуулж байгаад НӨАТ төлсөн баримтаа цуглуулж байгаад 10 хувиа эргүүлээд авдаг болчихвол болно” гэж тайлбарлаж байна. Үнэхээр ч яг өнөөдрийн байдлаар бид худалдаж авсан бараа үйлчилгээ бүхэндээ НӨАТ төлчихөөд тэр бүр буцааж авч чаддаггүй. Авсан ч 20 хувийг нь л авч байгаа. Харин дээр хэлсэнчлэн бүгд ёс горимдоо орчихвал жилд зарцуулсан мөнгөнийхөө 10 хувийг эргүүлж авах боломжтой гэдэг утгаар энэ хувилбарыг дэмжиж байв.
Гэхдээ одоо бол НӨАТ байх байхгүй тухай ярих нь утгагүй. Харин байгаа тогтолцоогоо цаг үетэйгээ уяж, уян хатан болгох тухай асуудал хөндөх нь илүү оновчтой. Манай улс НӨАТ-ын 10 саяын босгыг 1998 онд тогтоосон. 21 жилийн өмнөх 10 сая төгрөг одоо хэд болсон билээ. 2016 оны 50 сая төгрөг одоо хэд болсон бэ гэвэл бас л өөр тоо гарна. Инфляцийн түвшин жилд 5 хувь байсан гэж бодоход л 60 сая төгрөг болсон байх учиртай. Инфляциас гадна худалдан авах чадвар гэж нэг чухал юм бий. 1998 оны 10 сая төгрөгийг инфляци жилд 10 хувь байсан гэж тооцоход 21 жилийн дараа 210 хувьтай байх тооцоо гарч байна. 210 сая төгрөг болсон гэсэн үг. Гэтэл 1998 онд 10 сая төгрөгөөр 3 өрөө орон сууц авч болж байсан. Харин өнөөдөр 150 сая болчихоод байна. Тиймээс Аудитын тухай болон НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж /мөнгөний худалдан авах чадвар ханш, тухайн үед ам.доллартай харгалзаж байсан ханш зэргийг бодолцон/ шийдвэрлэж байх нь чухал байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.