Нийгэм
УБТЗ: Д.Жигжиднямаа дарга аа!Алтан карт чинь хэнд явна аа…
-Энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч байгаа гэх мэдээлэл бидэнд олдлоо Маш их мөнгөн дүнтэй виза картыг зөвхөн урсгал зардал буюу цай, кофе, дарга цэргийн бэлэг, хоолонд зарцуулахын тулд ашигладаг хэмжээлшгүй эрх мэдлийг “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим удирдлагууд эдэлдэг тухай яриа сонсчихоод чихэндээ ч итгээгүй гэдгээ нуух юун. Барьж үзсэн ч бараг нүдэндээ итгэхгүй байх. Сарын цалин болох 700 мянган төгрөгөөсөө сардаа байрны лизинг, утас, унааны мөнгө, хоол хүнсээ аваад, ганц удаа үсээ засуулах ч мөнгөгүй үлдэж байгаа ажилтан, албан хаагчид энэ байгууллагад хэдэн зуугаараа байгаа. Нийт ажилчдынх нь бараг 50-иас илүү нь сардаа 700 мянган төгрөгийн цалин авч байгаа гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэтэл өөрийнхөө цалин, ХНН-ээс өгдөг урамшууллаас гадна, байгууллагын нэр дээр байх алтан картаар өдөртөө 1.2 сая орчим төгрөгийн гүйлгээ хийж, хангалт эдэлдэг дарга нар байдаг гэхээр хэний ч санаанд багтахгүй биз дээ.
Ажилчид нь ч үүнийг уншаад итгэхийг хүсэхгүй нь мэдээж. Эсвэл би буруу бодож байна уу. Ийм эрх мэдлийг ер нь хэчнээн төрийн байгууллагын дарга нар эдэлдэг юм бэ, Ерөнхий сайд аа. Дан ганц УБТЗ-ын удирдлагууд ийм давуу эрхтэй байдаг юм уу. Тэгвэл бусад нь бас барьцах шаардлага гарч таарна. Төрийн өмчит бүх компанийн захирлуудад ийм эрх мэдэл байдаггүй гэж хэлээд өгөөч, та. Алтан картыг ашиглах эрхийг тийм ч олон хүн авч чадахгүй нь мэдээж биз. Хамгийн дээд албан тушаалтан юм уу, эсвэл УБТЗ ХХН-ийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргад л энэхүү эрх мэдэл байдаг байх. Тэгэхээр картыг яг одоо хэн ашиглаж байна вэ. Тэр хүнийг олмоор байна, Д.Жигжиднямаа дарга аа. Учир нь урсгал зардалд ашиглах ёстой энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч байгаа гэх мэдээлэл олдлоо. Гүтгэсэн л гэж битгий хэлээрэй дээ.
Бид энэ мэдээллийн араас явна аа. Сардаа 20 гаруй сая төгрөг, өдөрт 1.2 сая төгрөг зарлагадаж байна гэсэн үг биз дээ. Ажлын 250 гаруй хоногт өдөр бүр л зарлага гарсан байна гэсэн үг. Ийм аймшигтай тансаглал гэж байх уу. Энэ улсад яаж амьдардаг гэхээр өдөрт 1.2 сая төгрөг зарцуулдаг юм бэ. УБТЗ-д үргэлж гаднаас зочин, гийчин ирдэг гэж бодохгүй байна. Ирсэн болгон нь өдөртөө л сая төгрөгөөр цай кофе ууж, хоол иддэггүй байх. Жилдээ л цөөхөн удаа ОХУ-ын талаас дарга, “цэрэг” ирсэн байдаг. Тэр болгонд гаргаж байгаа бол олон зүйл ярихгүй. Гэтэл сар бүр тодорхой хэмжээгээр мөнгө гарч байна гэхээр “Н виза” буюу “Алтан карт” чинь ямар ч хяналтгүй, хэн нэгний халаасанд цалингийн карт шиг нь яваад байна гэсэн үг биз. Үүнд хэн хяналт тавьдаг юм бэ, Д.Жигжиднямаа дарга аа. Уул нь таны дарга болоод гаргасан тушаал ёсоор бол УБТЗ гэх байгууллагын дор үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй аж ахуйн нэгжийн дарга, цэрэг бүхэн саяас дээш төгрөгийн зарлага гаргах бол заавал УБТЗ-ын даргаасаа эхлээд Орлогч, санхүүгийн алба, нягтлан няравтай гэрээ байгуулж, гарын үсэг зуруулж гаргадаг гэнэ лээ. Хаа, хаанаа хатуу хяналттай гэж ойлгодог. Гэвч энэ карт яагаад, ямар сиймхий дундуур ингэж замбараагүй яваад байдаг юм бол. Эсвэл та эрхийг нь өгчихдөг юм уу.
Ингэж л хардах шаардлага үүсч байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан танай байгууллагад ажиллахдаа “сахилга, хариуцлагыг дээд зэргээр хангаж, шат шатандаа хатуу хяналт тавьж ажиллах”-ыг даатгаад гарсан. Энэ ажлаа даруйхан хийж, “Алтан карт”-аар тансаглаж буй даргаа олонд ил болгоно уу. Дарга таныг арай ч ийм их мөнгө үрдэг гэж бодохгүй байна. Учир нь Хөрөнгө орлогын мэдүүлгийг тань харахад нэг ч компани, аж ахуйн нэгж, том хаус, хувийн бизнес, эзэмшил газар байхгүй атлаа 390 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой юм билээ. Замын даргын цалин болон Контрактын цалинг тань тооцоод үзвэл арай ч байгууллагынхаа нэр дээр байгаа картнаас мөнгө авах хэмжээний орлогогүй нэгэн биш гэж найдаад байгаа юм.Тэгэхээр хэн гэгч этгээд нэг ажилтныхаа бүтэн сар хөдөлмөрлөж олдог, жирийн албан хаагч бидний сар чөмгөө дундартал зүтгэж, олдог мөнгөөр өдөр бүхэн тансаглаж явааг олно гэж найдъя. “Улаанбаатар төмөр зам” ХХН ашигтай ажилладаг гэдгийг хэн ч мэднэ. Олон талаар ч манлайлж яваа дуулддаг, сонин хэвлэлээр гарч байна. Гэвч төрийн юм, хоёр улсын дундын өмч гэдэг байдлаар ийм хариуцлагагүй, хайхрамжгүй, хяналтгүй мөнгө үрж болдог хэрэг үү. Дахиад хэлэхэд, бид энэ сэдвийг орхихгүй. Үргэлжлүүлэн хөндөж, асуудлыг ил тод болгоно. Харин та бидэнд туслаарай. Хамтдаа хариуцлагыг бий болгож, төрийн өмчөө, түүнээс гарч буй мөнгөө гамная. Санал нийлж байгаа гэж найдаж байна шүү, дарга аа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.