Нийгэм
“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж, “Эрдэнэт”-ийн хохирлыг барагдуулна

“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авч, түүнийгээ төлж чадаагүйгээс болж Монголын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаж, нэлээд хэдэн жил үргэлжилсэн билээ.
Харин энэ оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэнэсийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд төлснөөр Арбитрын шүүхэд үүссэн энэ маргаан эцэслэгдсэнийг хүмүүс мэдэх болсон.
Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулах ажлыг Засгийн газар эхлүүлжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Засгийн газраас “Жаст”-ын Ш.Батхүүгийн асуудлаар АТГ-ын даргад бичиг явуулсан байсан. Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийг АТГ-аас битүүмжилсэн байгаа юм байна.
Нийтдээ 52 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд цаашдаа шалгалтын явцад илэрсэн зарим хөрөнгийг нь нэмж тооцвол 85-87 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө “Жаст” группийн Ш.Батхүү гэдэг хүний эзэмшилд байна гэдэг албан бичгийг АТГ-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын газрын Л.Оюун-Эрдэнэ миний нэр дээр ирүүлсэн.
Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх асуудал дээр 2-3 хоногийн лавлагаа хийх ажил байгаа юм байна. Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг нь гаргаж, дуудлага худалдаанд оруулах эсвэл шүүхээр шийдвэр гаргуулж зарж борлуулаад “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг төлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газраас энэ ажлыг эхлүүлэх нь зөв гэж үзэж байна” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.