Нийгэм
Ховд аймгийн ахмад багш нарын III зөвлөгөөн боллоо

Өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийлж, туршлага, мэдээлэл солилцлоо.
Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, Боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүллээ.


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ үеэр хэлсэн үгэндээ “Боловсролын салбарын өнөөгийн хүрсэн үр дүн, хөгжлийг ахмад багш нарынхаа оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс тэтгэвэртээ гарсан гээд ахмад багш нараа бид орхиж болохгүй. Тэдний мэдлэг, туршлага, арга зүйн зөвлөгөө залуу үед хэрэгтэй учраас салбар яамнаас ахмад багш нартайгаа нягт хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс өнөөдөр төрөлх нутгийн маань ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйд талархалтай байна. Ахмад багш нарынхаа гүйцэтгэж ирсэн үүргийг хүндэтгэж цаашид ч хамтран ажиллаж, тэднээсээ суралцаж мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нь энэ салбарын нэг үнэт зүйл байх ёстой гэдэг агуулгаар энэхүү зөвлөгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байна” гэлээ.


Ахмад багш нарын зөвлөгөөний үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав. Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөгөөнийг дөрвөн жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.



Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.