Нийгэм
Ховд аймгийн багш нар “Дижитал сургууль” сургалтад хамрагдаж байна

Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа явдал нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. БСШУСЯ–аас энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуул хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын “Allin Technologies Pte Ltd” компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурж, зургадугаар сард албан ёсны нээлтийг Улаанбаатар хотноо хийсэн. Мөн 2018 оны 10 дугаар сард 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга нарыг Сингапур улсад туршлага судлах сургалтад хамруулсан. Хөдөө орон нутагт хамгийн анх тус төслийг хэрэгжүүлэх аймгаар Ховд аймгийг сонгосон бөгөөд сургалтад Ховд аймгийн сум, аймгийн төвийн бага анги, цэцэрлэг, мэдээллийн технологийн нийт 69 багш хамрагдаж байна. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд хичээлийг сонирхолтой арга зүйгээр удирдах, үр дүнтэй зохион байгуулах болон мэдээллийн технологийг сургалтад ашиглах чиглэлээр багш нарыг бэлтгэх юм. Сургалтыг Сингапураас ирсэн сургагч багш нар удирдан явуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ сургалтын ач холбогдлыг бид их өндрөөр үнэлж байгаа. Учир нь сургууль хаана байрлаж байгаагаас үл хамаараад, хүүхэд хаана сурч байгаагаа үл шалтгаалаад бүх хүүхдүүдэд сургалтын чанар, хүртээмж тэгш хүрэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр алслагдсан аймаг орон нутаг, Улаанбаатар хотын тухайд захын дүүргүүдэд сургалтын чанар муу байна гэсэн судалгааны дүн гарсан. Тийм учраас дижитал сургалтын орчин бүрдүүлэх ач холбогдол нь сургууль, багш нар хаана байгаагаас үл хамааран цахим орчноор дамжуулан сургалтыг, боловсролыг бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх анхны суурийг тавьж өгөх явдал юм. Сингапур улстай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагийн шалтгаан нь Сингапур улс энэ сургалтынхаа чанараар дэлхийн олон улсуудаас өндөр үнэлгээ авсан байдаг. Ер нь Сингапур улс боловсролын чанараар дэлхийд тэргүүлдэг улс. Сургалтад хамрагдсанаар багш нар маань 21-р зууны дижитал эриний дэлхийн иргэнийг бэлтгэх хөрс суурийг тавина гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэхүү төслийн үр шимийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 300 сургууль, цэцэрлэг, 5000 багш, 100,000 хүүхэд хүртэнэ.


Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.