Нийгэм
Нийтийн тээврээр зорчигчдын 44 хувь нь хөнгөлөлтөд хамрагддаг

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралдаж нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлчилгээний ухаалаг системийн үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг хэлэлцжээ.
Нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байна. Стандартын дагуу 2019 онд 213, 2020 онд 142, 2021 онд 521 автобус, 2021 оноос хойш 307 автобус хэрэглээнээс хасагдахаар байгаа юм. Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг байна. Нийт орлогыг бүтцээр нь авч үзвэл 44.5 хувь нь машин/цагийн системээр олгосон зөрүү санхүүжилт, 22.7 хувь нь үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговор, 32.8 хувь нь нийтийн тээвэр эрхлэгч байгууллагуудын шугамын орлого байгаа юм.
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Манай ажлын хэсгээс машин/цагийн татаасыг нэн яаралтай зогсоож, халах хэрэгтэй гэж үзсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад “Туг тойрох” гэсэн үг хүртэл гарсан байна. Одоогийн тогтолцоогоор зорчигчийн тоо, ашиг орлогоос үл хамааран машин/цагийн татаасаа авч байгаа учраас тэд шугамын орлогод ач холбогдол өгөхөө больсон байна. Мөн маршрут, төвлөрөл хоёр маш их зөрүүтэй. Үндэслэл тодорхойгүй олон маршрут байна. Үүнээс машин/цагийн хэмжээ нэмэгдээд зорчигчийн тоо нэмэгдэхгүй байна. Түүнчлэн карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байна” гэж танилцууллаа.Мөн тэрбээр “Манай ажлын хэсгээс шаталсан системд шилжин үнийн тарифийг өөрчлөх санхүүгийн модел дээр үндэслэх, маршрут дээр тендер зарлах, хувийн хэвшлүүдийг оролцуулах, машин/цагийн системийг бүхэлд нь халах, дата дээр тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа явуулах, автобус парк шинэчлэх үйл ажиллагаа явуулах, киоск, мобайл аппликейшн, банкны карт, карт цэнэглэх зэргээр төлбөр төлөх төрлүүдийг нэмэгдүүлэх зэрэг санал дэвшүүлж байна. Ингэснээр нийслэлийн төсвийн зардал буурах, үйл ажиллагаа ил тод нээлттэй явах боломж бүрдэх, нийтийн тээврийн салбарт шударга өрсөлдөөн бий болох, бэлэн мөнгөөр хийгдэх төлбөр тооцоо багасах, шаталсан байдлаар нийтийн тээврийн төлбөрийг авах боломж бүрдэх, орлого нэмэгдэх зэрэг бодит үр дүн гарна” хэмээв. Хотын захирагч С.Амарсайхан “Энэ ажлуудыг хэрэгжүүлэх ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээнд хэрэгжээд эхэлчихсэн ямар хөтөлбөрүүд байгаа юм. Түүнийг нь улам боловсронгуй болгож, хөгжүүлэх гэдгээ тодорхой болгож оруулж ирэх хэрэгтэй байна. Парк шинэчлэл дээр лизингийн компаниудтай хамтраад, ААН-үүдээр өөрсдөөр нь хийлгүүлэх, маршрутын сонгон шалгаруулалтыг дахин зарлах, шаталсан төлбөрийн системийг нэвтрүүлэх зэргийг уялдаа холбоотой, гарц шийдэлтэй хийх ёстой. Бодитой хийх ажлуудынхаа төлөвлөгөө тайлангаа дараагийн зөвлөлийн хуралд дахин танилцуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өгчээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
-
Эдийн засаг19 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ
-
Нийгэм22 цаг өмнө
“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ
-
Улс төр20 цаг өмнө
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
-
Нийгэм20 цаг өмнө
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно
-
Улс төр19 цаг өмнө
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа