Нийгэм
ХАН-УУЛ дүүргийн ажил хайгч залуучуудыг ажлын байранд зуучилж байна

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 онд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 758, үүнээс хувь 57.3% буюу 435 нь 15-34 насны залуучууд. Үүнээс 202 нь эмэгтэйчүүд байдаг байна.
Иймд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Германы “GFA” компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нь ажил хайгч залуучуудад өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслах, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байртай танилцуулах, ажлын ярилцлаганд бэлтгэх, ажлын байранд зуучлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Тухайлбал Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд 19-34 насны ажил хайгч 32 иргэн хамрагдаж, ”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд 17 залууг байнгын ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.
3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан. Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөдөлмөрийн амтыг мэдрэн, цалинтай дадлагын ажил хийдэг.
Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт байрладаг “Абсолют Кеш энд Кэйри” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт 9 залуучууд, “Доктор авто сервис” ХХК-иийн засварын сүлжээ төвүүдэд 6 залуучууд өдрийн цалинтай дадлагын ажил хийж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой залуучууд ажлын байртай болж байгаа юм. Тус загвар төвд суралцан ажлын байранд зуучлагдан ажиллаж байгаа зарим залуучуудаас тодруулга авлаа.
Загвар төв-д суралцагч С.Эрдэнэцэцэг: Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн. Дээд боловсролтой хэдий ч өмнө нь ажилд орох гэж албан байгууллагуудад анкет бөглөж, ажлын ярилцлаганд орж байсан. Гэвч ажлын байрны ярилцлаганд орох бэлтгэлгүй, мэдээлэл байхгүйгээс болж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй асуудал тулгарч байсан. Тус төвийн сургалтанд хамрагдсанаар өөрт хэрэгтэй олон мэдээлэл авч, ажлын анкет хэрхэн бөглөх, ярилцлаганд яаж орох талаар мэдээлэл авч, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах дадлага хийж байгаа нь илүү үр дүнтэй байна. Ингэснээр өөрийн сонирхсон ажилдаа орж чадна гэж бодож байна.
Загвар төв-д суралцагч Д.Энхтайван: Би арван жилээ төгсөөд ажил хийж байгаагүй. Тийм болохоор өөрт тохирсон ямар ажил хийхээ мэддэггүй, мэдээлэл байдаггүй байсан. Хорооныхоо ажилтнаас тус загвар төвийн мэдээллийг авч, сургалтанд хамрагдсан. Сургалтанд хамрагдаад үе тэнгийн олон сайхан найз нөхөдтэй болж, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдгээс эхлээд сурч байна. Өнөөдөр цалинтай дадлагын ажил хийж байгаадаа баяртай байна. Цаашид ажлын байртай болж, тогтвортой орлоготой болох байх гэдэгт итгэж байна. Мөн тус үйл ажиллагаа зохион байгуулж, ажилгүй залуучуудыг ажилд зуучилж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэнд талархал илэрхийлье.
Ийнхүү залуучууд загвар төвийн сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангагдан, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болж идэвхжин, ажлын анкет бөглөн ярилцлаганд орох бүрэн чадамжтай болж, улмаар ажлын байртай, орлоготой болдог давуу талтай. Тус сургалтыг улирал бүр тогтмол зохион байгууллана хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
“Доктор авто сервис” ХХК-иийн засварын сүлжээ төвийн дадлага ажил
“Абсолют Кеш энд Кэйри” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт дадлага ажил
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” сургалтын өрөө

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.