Улс төр
Э.Бат-Үүл: Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол”-ыг илчилнэ

2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-д 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв батлагдсан байдаг. Үүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн хэмээн гарсан. Үүнтэй холбогдуулан аудитад АСЕМ-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж, төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийнэ гэж мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх асан П.Цагаан нар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл:
АСЕМ бол улсаа улс шиг болгохын төлөө хийсэн 1990 оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Түүнийгээ Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар мэтийн түүхээ мэддэггүй хулхи монгол “чацга”-аар гутаалгахүй. “Ардын нам интернетээр худлаа мэдээлэл цацсан. Тэрхүү мэдээлэл дээр нь АСЕМ-ийн арга хэмжээнээс Ч.Сайханбилэг 76 тэрбум, миний бие 33 тэрбум төгрөг идсэн. Бүр миний хүү Б.Чулуудай хүртэл холбогдчихож. Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг биднийг “идсэн” гэнэ. Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг. Улаанбаатар хотынхоо гудамж талбайг засаж цэмбийлгээд сайхан болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан гэсэн. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн. Харамсалтай нь би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн учраас тэр сайхан арга хэмжээндээ биеэр оролцож чадаагүй. Би АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж эмхэтгээд ач, зээ нартай дурсгал болгож өгнө. Тэд маань өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүдээ өвлүүлэх учиртай.
АСЕМ-ийн хүндэтгэлийн арга хэмжээ маш сайхан болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Хамгийн гол нь Монгол Улс анх удаа төрийн дээд зиндааны төлөөлөгчдийг бөөнд нь цуглуулан олон улсын улс төрийн олимпыг зохион явуулсан. Улсын төсвөөс наад зах нь 250 тэрбум төгрөг гарах ёстой гэтэл бид улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан.
Өч төчнөөн хүмүүс хандив өгсөн. Үнэнийг хэлэхэд хямд төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан. Грекчүүд спортын олимпыг санаачилсан бол монголчууд улс төрийн олимпыг санаачилсан юм шүү. АСЕМ-ийн талаар яригдаад байгаа асуудлуудыг хамтарч шалгаж дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна. Яагаад гэвэл эх орныхоо төлөө ийм сайхан зүйл хийж байхад дунд нь яс хаяж байгаа хүмүүс яршиг л байна шүү. Ёстой гай л байна. Тийм өөдгүй нөхдийг олох хэрэгтэй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа явж өгдөггүй, тэгсэн мөртлөө улс төрийн гүжир гүтгэлэг эх захгүй яваад байдаг. Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ. Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан: Миний бие Монголын үе үеийн Ерөнхийлөгч, ЗГ-тай Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр ч Цагаан, зам мөр ч Цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах биш, би байнга төсвийг хэмнэж, оны эцэст Сангийн яаманд буцааж тушааж ирсэн түүхтэй.
Би АСЕМ-ын шугамаар ирсэн тэр олон мянган төлөөлөгчдийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг давхар хариуцаж ажилласан нь үнэн. Гэсэн хэдий ч төрийн урилгаар ирсэн 5,000 гаруй зочныг хүлээн авах, төрийн буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан.
Тэдгээр зочид буудлын ажилтан албан хаагчдад хэл соёл, хоол унд үйлчилгээний олон чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалтыг зохион байгуулсан. Үүнд туслах санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг ч төгрөг миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно.
Намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тарах болсон нь бохир, бүдүүлэг гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар би няцааж байна.
Ийнхүү тэд энэхүү зохион байгуулалттай явуулж буй гүтгэлэг, санхүү бүртгэлийн ташаа дүгнэлт хийж, олон нийтэд тараасан этгээдүүдэд хандаж мэдэгдэл хийгээд байна.
Мэдэгдэлд, өнөөгийн эрх баригчид өөрсдийн гаргасан удаа дараагийн улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн бүтэлгүйтэл, гэмт хэрэг болон ёс бус үйлдлээ далдлах, ард иргэдийн туульдаа хүрсэн дургуйцлийг өөр зүгт хандуулах зорилгоор, эрүүл хүний санаанд багтахааргүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байна.
Иймд бичиж, зурж тараасан худал баримт, мэдээлэл болгонд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх болно хэмээн мэдэгдлээ.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.