Дэлхий дахинд
АНУ Ирантай дайтвал аль нь илүү хохирох вэ
Иран-АНУ-ын харилцаа мухардалд орж, гарц олох ямар ч найдлагагүй харагдаж байна. АНУ-ын авч хэрэгжүүлсэн олон хоригт өртөж санхүүгийн хүнд байдалд орсон Иран улс цөмийн хэлэлцээрээ сэргээх санаачилга гаргасан ч АНУ даварч, цөмийн төдийгүй баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг нэмж байж хэлэлцээр хийнэ гэсэн байдалтай байна. Иран улс “Цөмийн хэлэлцээр хийгээд ямар ч нэмэргүй байна” гэсээр өнгөрсөн сарын сүүлээр “Бавар 373” зенитийн пуужингийн цогцолборыг танилцуулсан нь байдлыг ийнхүү мухардалд оруулав.
Асуудал иймдээ тулсан энэ үед АНУ-ын чөлөөнд гарсан генерал, тагнуулын агент, дипломат ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг АНУ Ирантай дайтсан тохиолдолд зорилгоо биелүүлж чадах эсэх талаар судалгаа хийж, тайлан боловсруулжээ. Энэхүү илтгэлээ олон нийтэд танилцуулсан байна.
Дээрх мэргэжилтнүүд “Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгснөөр цөмийн хөтөлбөрийг “тоормоз” гишгүүлж чадна. Гэхдээ бүрэн зогсоож яагаад ч чадахгүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. “Бүх нийтээрээ хүсч буй ашиг сонирхлыг хязгаарлаж хэзээ ч болдоггүй юм” гэж дэслэгч генерал Фрэнк Кирни өгүүлжээ.
Илтгэлд “Ираны эсрэг өргөн далайцтай байлдааны ажиллагаа өрнүүлэх нь одоо байгаа дэглэмийг нь сулруулж чадна. Гэхдээ бүрэн сольж чагаад ч чадахгүй. Дайралт цөмийн зэвсэг хийх хугацааг дөрвөн жилээр хойшлуулна, харин иранчууд үүний хариуд дайны үед хэрхэн ажиллах талаар үнэлж баршгүй мэдлэг, дадлага олж авах болно” хэмэн дурьджээ.Мэргэжилтнууд уг дүгнэлтийг хийхдээ Америкийн эсрэг үзэл санаа нийт лалын ертөнцөд маш хурдацтай түгэн дэлгэрч байгааг бодолцсон байна. Үүнээс гадна Ираны зэвсэгт хүчний чадварыг бодитой тооцоолоход маш хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Цөмийн хөтөлбөрийг нь бүрэн зогсоох, дэглэмийг өөрчлөхийн тулд АНУ Ираны газар нутгийн багахан хэсэгт ч болов хяналтаа тогтоох ёстой. Гэтэл Иран бол хүн амын нягтаршилаараа Афганистан, Иракаас хамаагүй илүү учир маш их зэвсэг техник, өөрөөр хэлбэл хөрөнгө шаардах ажил гэж тэд дүгнэсэн байна.
АНУ-ыг НҮБ-д төлөөлж байсан Томас Пикеринг “Энэхүү илтгэл нь Ирантай хийх дайны үр дагавар америкчуудад яаж тусахыг нэг удаа хөндөөгүй, түүнийг та бүхэн өөрсдөө тунгаах ёстой” хэмээн өгүүлсэн нь мэдэж хэрэг, терроризмтой холбоотой байж таарна. “Партизаны дайн” дайсандаа хамгийн их хохирол учруулдаг гэдэг шиг амиа золиослогчид жирийн америкчуудад халдаад эхэлбэл Ираны биш, АНУ-ын дэглэм ч солигдохоос өөр ргагүй байдалд хүрч болох юм. Чухам үүнээс л эрх баригчид хамгийн их болгоомжилж байгаа аж.