Дэлхий дахинд
Саудын Арабын газрын тосны хоёр байгууламж дроны халдлагад өртсөнөөр газрын тосны ханш 20%-аар өслөө
Бямба гарагийн өглөө Саудын Арабын төрийн өмчит Сауди Арамко компанийн Абкайк болон Хурайс байгууламжууд руу үл мэдэгдэх 10 дрон дайралт хийснээр дэлбэрэлт болжээ.
Дроны энэхүү халдлага нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 5% буюу хоногийн 5.7 сая баррель газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулжээ. Үүний үр дүнд өнөөдөр брент газрын тосны үнэ 20 орчим хувиар өсөж, одоо 67 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
Уг халдлагыг Йемений Хути босогчид үйлдсэн гэдгээ зарласан боловч АНУ-ын хувьд уг үйл явдлын ард Иран байгаа гэж сэжиглэж буй. Учир нь АНУ-ын зүгээс “галын тэсрэлт нь Ирак эсвэл Ираны газар нутгаас халдсан пуужингийн үр дүн гэж үзэх хангалттай үндэслэлүүд байгаа. Харин Йеменээс эхтэй гэх ямар ч нотолгоо байхгүй” гэжээ.
Ираны гадаад хэргийн сайд АНУ-ын уг мэдэгдлийг “худал, хууран мэхлэлт” хэмээн няцаасан ба “Ираныг гүтгэх нь гамшгийг зогсоохгүй, харин бидэнтэй хэлэлцээрийг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 15-ны саналыг хүлээж авах нь гамшгийг зогсоож магадгүй юм” гэжээ. Ийнхүү АНУ-Иран улсуудын харилцаа дахин хүндрэв.
Саудын Араб өнөөдөр буюу Даваа гараг гэхэд нийлүүлэлтээ хоногт 2 сая баррелиар өсгөхөө мэдэгдсэн. Харин Дональд Трампын хувьд нийлүүлэлтийн хомсдол үүсвэл зах зээлийг тэнцвэржүүлэхээр “Улсын стратегийн нефтийн нөөц”-өөс ашиглах зөвшөөрлийг Ням гарагт баталлаа. Саудын Араб нийлүүлэлтээ амалсан хэмжээндээ өсгөж чадахгүй бол газрын тосны ханш дахин өсөх эрсдэлтэй байна. Хэдийгээр АНУ өөрсдийн нөөцөөс нийлүүлэхээр төлөвлөж байгаа ч зах зээлээс хоногийн 5.7 сая баррель хасагдсан байгаа нь АНУ-ын нийт нийлүүлэлтийн 50 орчим хувь юм. Иймээс газрын тосны ханш өндөр хэмжээнд хэдий хугацаанд байх нь Саудын Араб нефтийн байгууламжаа хэр хурдан нөхөн сэргээхээс хамаарахаар байна.
“Гадаад худалдааны дайнаас үүдэн газрын тосны эрэлт суларч цаашид ч ханш унах магадлал өндөр байсан. Хэрэв ханш буурвал Арабын орнууд хамгийн хүнд цохилтыг авах байлаа. Ийм нөхцөлд уг үйл явдал болсон нь тохиолдлын хэрэг биш гэж үзэж байна. Арабын орнууд ханшийг /WTI/ 50-55 ам.доллараас буулгах сонирхолгүй байгаа бол Трампын хувьд ханшийг 65-70-аас дээш гаргах сонирхолгүй. Цаад шалтгаан нь Арабын орнууд үнийг өсгөж илүү орлого, ашигтай байхыг эрмэлзэж байгаа бол Трамп үнийг бага байлгаж, Арабын орнуудтай зардлаар өрсөлдөх замаар өөрийн улсын нийлүүлэлтийг өсгөх бодлого барьж байна. Иймд нефтийн ханш дунд хугацаанд аль нэг талруугаа тууштай хөдлөх магадлал бага” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас дүгнэжээ.
ЭНЭ БҮХНЭЭС МОНГОЛ ХҮН ТА ХЭРХЭН АШИГ ХҮРТЭХ ВЭ?
Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.