Нийгэм
Э.Байгалмаа: Бөөрний асуудалтай хүн уураг хэрэглэвэл бөөрний дутагдалд орно
Уураг, бэлдмэлийн зохисгүй хэрэглээ нь бөөрөнд хэрхэн нөлөөлдөг талаар “Интермед” эмнэлгийн бөөрний их эмч Э.Байгалмаатай ярилцлаа.
– Сүүлийн үед фитнесээр хичээллэж эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс их болсон. Үүнтэй зэрэгцээд уургийн нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэдэг хүн ч олширсон байна. Уургийн бэлдмэлийг их хэрэглэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?
– Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улсын хүмүүсийн уургийн нормыг тогтоочихсон байдаг. Дунджаар уургийн хэмжээг эрүүл хүнд 0.8 миллиграмаар тооцдог бөгөөд үүнийг зохистой хэмжээ нь гэж үздэг. Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний дутагдал үүсгэдэг сөрөг үр дагавартай. Харин өвчтэй хүмүүсийн хувьд уургийн хэрэглээг биеийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж тооцуулдаг юм. Яагаад гэвэл зарим хүнд их хэмжээгээр уураг хэрэглүүлэх шаардлага гардаг. Мөн мэргэжлийн спортын тамирчид спортын анагаахаар мэргэшсэн эмч нарын дор хяналтад байж, масс үүсгэх бэлдмэлүүдийг хэрэглэдэг.
– Ер нь манай улсын хувьд бөөрний өвчлөл ямар байна вэ?
– Уургийн тухай судалгаа нь ихэвчлэн барууны орны хүмүүсийн дунд хийгдсэн байдаг. Нэгдүгээрт, барууны орныхон манай монголчуудтай харьцуулахад уураг бага хэрэглэдэг. Хоёрдугаарт, уургийн бүтэц ондоо буюу улаан цагаан махыг хольж хэрэглэдэг. Ингээд харьцуулаад хэлэхэд манай улс уургийн хэрэглээний хувьд ер нь өндөртэй улсад тооцогддог. Тэр утгаараа манай улсад бөөрний дутагдал, архаг өвчний тохиолдол харьцангуй их байгаа юм. Манай улсын хүн амын дунд 2012 оны санамсаргүйгээр хийсэн бөөрний архаг өвчнийг илрүүлэх судалгаанаас харахад нийт хүн амын 13.9 хувь нь бөөрний архаг өвчтэй байна гэж гарсан байдаг. Энэ үзүүлэлт нь Азидаа өндөр үзүүлэлтэд ордог. Ингэж өндөр байгаа шалтгаан нь манайхан урьдчилан сэргийлэх үзлэгт их хамрагддаггүйгээс болж, өөрсдөө өвчнөө мэддэггүй явдагтай холбоотой. Ялангуяа эрэгтэйчүүд хайнга байдлаасаа болоод тэр болгон эмчид хандаж, үзүүлээд байдаггүй шүү дээ. Тэгсэн хирнээ фитнесээр хичээллээд, ямар ч заавар зөвөлгөөгүйгээр уураг хэрэглэдэг. Бөөрний суурь асуудалтай хүмүүс уургийн бэлдмэл хэрэглэвэл бөөрний дутагдалд ороход хүрдэг юм.
– Бөөрний дутагдал болсныг мэдүүлэх шинж тэмдэг байдаггүй юм уу?
– Байдаггүй гэж хэлж болно. Яг ийм шинж тэмдэг илэрсэн бол бөөрний дутагдал гэнэ гэсэн тодорхой шинж тэмдэг байхгүй учраас их хэцүү л дээ. Мөн олон улсад хийгдсэн судалгаагаар залуу хүмүүс 1.4 милграм хүртэлх уураг хэрэглэх үед эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн асуудал учрахгүй гэж үзсэн байсан.
– Хүйтний улирал эхлэхээр бөөрний өвчин сэдэрдэг гэж дуулсан. Үүний шалтгаан юу байна вэ?
– Улирлын шинж чанартай сэдэрдэг өвчний төрөлд бөөр, шээсний замын халдварууд ордог. Энэ нь хүмүүсийн дархлаа суларч байгаатай холбоотой ба орчны нөлөөтэй (агаарын бохирдол) холбоотойгоор хүмүүсийн дархлаа суларч нэмэлт халдварын эрсдэлүүд гарч ирж буй хэрэг. Дараагаар нь шээсээ барих асуудал их яригддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүйтний улиралд тэр болгон ариун цэврийн өрөө орох боломжгүйгээс болж шээсээ барих нь давхар эрсдэл болж өгдөг гэсэн үг.
– Бөөрний дутагдалд гэдгийг зарим хүмүүс өрөвслийн шалтгаантай гэж ойлгодог. Бөөрний дутагдал яг ямар өвчин бэ?
– Тийм ээ. Бөөрний дутагдал нь цочмог бөөрний дутагдал, архаг бөөрний дутагдал гэж хоёр төрөл байдаг. Бөөрний дутагдал гэдгийг зарим хүмүүс өрөвслийн шалтгаантай гэж ойлгодог. Тухайлбал, би бөөрний өвчтэй болохоор антибиотик тариулаад байвал зүгээр болчихно гэх өрөөсгөл ойлголт их бий. Угтаа бол бөөр нь цусыг тодорхой хэмжээнд шүүж эрүүлжүүлж, цус муудахыг багасгадаг эрхтэн.
– Энэ өвчин бүрэн эдгэрдэг үү?
– Сүүлийн үед эмчилгээ хяналт сайжирсантай холбоотойгоор 10, 20 жилээр сунаж байна. Гэхдээ ямар ч найдлагагүй болсон гэсэн үг огтхон ч биш. Тогтоосон хугацаандаа эмэн эмчилгээ, хоолны дэглэмээ сайн бариад явах л юм бол амьдралын чадавхтай л байгаад байна гэсэн үг. Хүмүүс сүүлийн үед ямар ч өвчнийг эдгэрдэг өвчин, эдгэрдэггүй өвчин гэж хардаг болчихсон байх шиг санагдсан. Гэхдээ ингэж хуваагдах биш амьдрах чадвартай, амьдрах чадваргүй гэж л хуваагддаг болсон. Амьдрах чадвартай гэдэг нь хэн нэгний асаргаан доор биш өөрөө биеэ авч яваад ажил хөдөлмөр эрхлээд, амьдралаа зохицуулаад явахыг хэлж байна. Өрөөсөн бөөрөө авахуулсан хүмүүс хүртэл анхаарал болгоомжтой өөртөө арчаатай байж, эрүүл хүн шиг явж байгаа жишээ их байна.
– Төгсгөлд нь нэг асуулт байна. Бөөрний өвчин гэлтгүй ямар нэгэн өвчнийг өвчнийг манайхан уламжлалт аргаар буюу тангаар эмчлэх гээд байдаг. Тан шууд хэрэглэх нь ямар нэгэн асуудал үүсгэх үү?
– Сонирхолтой асуулт байна. Энэ сэдвээр их судалгаанууд хийгдэж байсан. Мөн жил болгоны нийгэмлэгийн томоохон хурлууд дээр яригддаг асуудал байгаа юм. Ялангуяа Азийн орнуудад тангийн хэрэглээ их дэлгэрчихсэн. Ялангуяа бөөр хамгаалах бөөрөнд зориулсан тан их байдаг. Манайхан ч их хэрэглэдэг. Тухайлбал, 2006 онд гарсан судалгаа байдаг. Энэ нь Бельгид үйл ажиллагаа явуулдаг “Эрүүлжүүлэх тураах төв” нэртэй газраар үйлчлүүлдэг байсан эмэгтэйчүүд дээр хийгдсэн судалгаа байгаа юм. Гэтэл судалгаагаар нэг зүйл ажиглагдсан нь өөсрдийгөө эрүүл гээд байсан эмэгтэйчүүд тураах төвөөр үйлчлүүлснийхээ дараа ихэнх нь бөөрний цочмог дутагдалд орж, бөөр нь ажиллагаагүй болоод аппаратан эмчилгээнд хүртэл орсон тохиолдлууд олон гарч ирсэн байна. Үүнийг нь судлахад тураах төвөөр үйлчлүүлсэнтэй ихэнх нь холбоотой байна гэх дүгнэлт гарсан. Энэ жишээн дээрээс юу хэлэх гээд байна гэхээр хүмүүс шууд дур мэдээд тан хэрэглэхгүй байх нь зөв. Хэрвээ хэрэглэж байгаа бол уух явцдаа шинжилгээ өгч, өөрт чинь тан зохиж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд тан хэрэглэх нь өвчнийг сэдрүүлж мэднэ. Энэ нь шууд тун хэрэглэж болохгүй гэж шууд хэлж байгаа юм биш. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас зохих хүн байна зохихгүй хүн ч байна. Нэмж хэлэхэд тураах бэлдмэлийг хэрэглдэг хүмүүс ч их болж. Анхааруулж хэлэхэд тухайн бэлдмэлийн ард байдаг орц найрлагад чинь бэлдмэлд орсон орц найрлагыг бүрэн бичээд байхгүй. Тэгэхээр бас бичсэн юманд нь 100 хувь нйадаж хэрэглээд байж болохгү
– Ярилцсанд баярлалаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.