Нийгэм
Хан-Уул дүүрэгт Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн. Ингэсэнээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг цаг алдалгүй хүлээн авч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучлах нийгмийн ажил үйлчилгээнүүд мэргэжлийн түвшинд хийгдэх боломж бүрдсэн юм.
Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хүн амын сан, Засаг даргынТамгын газар хамтарсан санхүүжилтээр хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ыг өргөжүүлэн “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв” болгон нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Н.Батбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч хатагтай Наоми, Швецарийн хөгжлийн агентлагаас н.Эрдэнэсайхан нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Үйл ажиллагааг нээж ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин үг хэллээ.
Засаг даргын орлогч А.Амартүвшин төвийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “НҮБХАС-аас 81 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 20 орчим сая төгрөгийн санхүүжилт гарган хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв болгон өргөжүүлж байна. Ингэснээр дүүргийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилт бүрэн хангагдаж байна.
Аливаа төрлийн хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр орон нутагт хүчирхийлэлд өртөж буй хүмүүс, хүүхдүүд, хохирогчийн тоо буурна гэж бид үзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн, сэтгэл зүй, хууль эрх зүйн үйлчилгээ, туслалцааг нэг дор нэгтгэж чадсан нь тус төвийн ач холбогдол өндөр гэдгийг харуулж байгааг дурдах нь зүйтэй. Цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тус төвийн гадна, дотор тохижилт, өдөр тутмын үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллана. Мөн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийг нээхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын хүн амын сан, Швецарын хөгжлийн агентлаг, донорууддаа талархал илэрхийлье” хэмээлээ.
2018 оны 08 дугаар сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр өмнөх түр хамгаалах байрыг “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ” болгон өргөжүүлж 71.8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмж, 10 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Ингэснээр хүчирхийллийн хохирогчид эрүүл мэнд, хууль эрхзүй, сэтгэлзүйн болон хамгааллын үйлчилгээг нэг дороос авах болсон нь тус төвийн давуу тал билээ.
Мөн “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ” болгон өргөжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх “Санамж бичиг” –т ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч хатагтай Наоми нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
2017 оны 06 дугаар сард нээлтээ хийсэн тус Түр хамгаалах байраар дамжуулан нийт 0-83 насны 98 иргэн эрх зүйн үйлчилгээ авч, үйлчлүүлсэн бөгөөд үүнээс 0-17 насны 74 хүүхэд бусад нь насанд хүрсэн иргэд үйлчлүүлсэн судалгаа байна.
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв болон өргөжин үйлчилгээ явуулж байгаа тус төвд үндсэн мэргэжилээрээ 3-10 жил ажилласан 2 сэтгэлзүйч, 4 нийгмийн ажилтан нар 24 цагийн турш өглөө, оройн ээлжээр тогтмол үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн хүчирхийлэлд өртсөн иргэд тус төв дээр ирэх үед нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар юуны өмнө хохирогчдод эрсдлийн үнэлгээ хийж, ямар төрлийн үйлчилгээнүүд шаардлагатайг илрүүлэн, эмнэлэг, шүүх цагдаа, хамтарсан баг зэрэг шаардлагатай байгууллага, хүмүүс рүү нь холбон зуучлах үйлчилгээг үзүүлж, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай, эсвэл ойрын танил, садан байхгүй хүмүүсийг нэг цэгийн үйлчилгээний төвд 24 цагаас, 1 сарын хугацаанд байрлуулж, эрх зүйн үйлчилгээ үзүүлнэ.
Дүүргийн хүн амын амар тайван, аюулгүй, аз жаргалтай амьдрах нөхцөл байдлыг чухалд үзэн, аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон бие махбодийн нөхөн сэргээх үйлчилгээг нэг дороос саадгүй авах боломж бүрэн бүрдсэн гэдгээрээ онцлог төв болон нээгдлээ.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.