Дэлхий дахинд
Умард Солонгос дахин пуужин харвалаа
Цэргийн нэгдсэн удирдлагын газраас “Умардын талаас лхагва гарагийн өглөөгүүр Япон тэнгист бага тусгалын үл мэдэгдэх пуужингууд харвасан” гэж мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.
Эхний мэдээгээр чухам хэдэн пуужин харвасан талаар мэдээлэл байгаагүй. “Гэхдээ пуужингуудыг Умардын зүүн эргийн Вонсан тосгоноос хөөргөсөн” гэсэн мэдээлэл байсан юм. Өмнөдийн талаас АНУ-тай хамтран нөхцөл байдалд хяналт тавьж мэдээллийг нягталж байна.
Уг нь Умардын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Чо Сон Хуй “Пехнъян Вашингтон хоёр энэ долоо хоногт ажлын хэсгийн яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон. Талууд энэ баасан гарагт урьдчилсан уулзалтаа хийнэ. Маргааш нь ажлын хэсгийн яриа хэлэлцээ болно” гэж мягмар гарагт мэдэгдсэн байна. Харин АНУ-ын талаас Төрийн департамент нь “Хоёр тал ирэх долоо хоногтоо багтан уулзах төлөвлөгөөтэй” гэжээ.
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр ажиглагчид Умардын талыг “Зэвсгийн туршилтууд хийж дараагийн яриа хэлэлцээнд байр сууриа бэхжүүлэх зорилготой байж болзошгүй” гэж харж байгаа юм байна. Умардын талаас он гарснаас хойш 11 дэх удаагийн туршилтаа хийгээд байна.
Гэтэл “Умардын талаас шумбагч онгоцноос хөөргөдөг баллистик пуужин харвасан байна” гэж Өмнөд Солонгосын цэргийн нэгдсэн удирдлагын газар мэдэгдлээ.
Сүүлд ирсэн мэдээллээр Умард Солонгос лхагва гарагийн өглөөгүүр орон нутгийн цагаар 7 цаг 11 минутын үед Пугуксон төрлийн нэг пуужин харвасан нь дээд чадлаараа буюу 910 км-ийн өндөрт 450 км ниссэн байна.
Үүний улмаас Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, энэ удаа пуужин харвасан үйлдэлд ихэд санаа зовниж болгоомжилж байгаагаа илэрхийлжээ. Мөн Японы Батлан хамгаалах яам “Аюулгүй байдалд нь халдсан үйлдэл боллоо” гэж мэдэгдсэн байна.
Умардын талаас шумбагч онгоцноос хөөргөдөг баллистик пуужингаа хамгийн сүүлд 2016 онд туршиж байжээ.