Дэлхий дахинд
БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд унажээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд уг албан тушаалыг хашиж эхэлснээс нь хойших хамгийн доод түвшинд хүрч унажээ.
Өмнөд Солонгосын “Realmeter” судалгааны агентлагаас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, 10 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Мүн Жэ Иний бодлогыг сайшаан дэмжигчдийн тоо хамгийн доод түвшинд буюу 44.4 хувьд хүрч буурсан нь есдүгээр сарын сүүлийн долоо хоногийнхтой харьцуулахад 2.9 хувиар унасан үзүүлэлт аж. Түүний нэр хүндийн үзүүлэлт 2019 оны гуравдугаар сард 44.9 хувьд хүрч унаж байжээ.
Иргэдийн сэтгэл ханамжгүй байдлын түвшин мөн хамгийн дээд түвшин хүрчээ. Санал асуулгад оролцогчдын 52.3 хувь нь Мүн Жэ Иний бодлогыг сөргөөр үнэлсэн бол 40.6 хувь нь түүнийг үүргээ “маш муу” гүйцэтгэж байна гэж үзсэн байна. Есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний хооронд явуулсан судалгаанд 2007 хүн оролцжээ.
БНСУ-ын сөрөг хүчнийхэн 10 дугаар сарын 3-нд Мүн Жэ Ин болон тус улсын Хууль зүйн сайдыг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсан байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, уг жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ. Эсэргүүцлийн ажиллагаа өрнөх болсны гол шалтгаан нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн иргэний асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Чо Гукийг Хууль зүйн сайдын албан тушаалд томилсонтой холбоотой байна. Хэдийгээр нэр дэвшигч болон түүний гэр бүлийнхэн олон хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан боловч олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн энэхүү томилгоог 9-р сарын 9-нд хийжээ. Чо Гук болон түүний эхнэрийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн, санхүүгийн залилан хийсэн, охиноо нэр хүндтэй их сургуульд элсүүлэх зорилгоор хувийн харилцаа холбоогоо ашигласан гэх зэрэг хэрэгт буруутгасан байна. Түүнийг Прокурорын газраас шалгаж эхэлсэн боловч өнөөг хүртэл баттай нотлох баримт гаргаж чадаагүй байгаа аж.