Дэлхий дахинд
Нобелийн шагналын энэ оны анхны эзэд тодорлоо
Нобелийн хорооноос анагаах ухаан, физиологийн энэ оны шагналыг Америкийн болон Британийн гурван эрдэмтэнд олгохоор шийдвэрлэлээ. Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэн Грегг Семенза, Харвардын их сургуулийн эрдэмтэн Уильям Кэлин, Оксфордын их сургуулийн эрдэмтэн Питер Рэтклифф нар хүний биеийн эд эс хүчилтөрөгчийн түвшин ихсэж, багасахад хэрхэн өөрчлөгдөж дасан зохицдогийг нээснээрээ энэ шагналыг авч байна.
Тодруулбал, судлаачид хүний бие өндөрлөг газар гэх мэт хүчилтөрөгч багатай орчинд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судалсан байна. Судалгааны явцад хүний бие аль болох их хэмжээний хүчилтөрөгч авахын тулд HIF гэдэг уураг ялгаруулдаг байна. Энэ уураг хүчилтөрөгч багатай орчинд хавдрын эсийг тэсэж үлдэхэд тусалдаг болохыг эрдэмтэд судалгааныхаа дүнд тогтоожээ. Ингэснээр энэ нээлт HIF гэдэг энэ уургийн хэмжээг хянаснаар хавдрын өвчтэй тэмцэх боломжтой гэдэг санаа дэвшүүлж байгаа юм байна.
Нобелийн хорооноос АНУ болон Их Британийн гурван судлаачийн энэ бүтээл хавдар, зүрхний дутагдал, цус багадалт гэх мэт эрүүл мэндийн бусад асуудлуудтай тэмцэх шинэ стратеги боловсруулах арга замыг нээлээ хэмээн үзэж байна. Гурван эрдэмтэн энэ ажлаараа нийт 900 мянган долларын мөнгөн шагнал авч буй юм байна.