Дэлхий дахинд
Владимир Путин АНУ-ын сансрын нисэгчид Эр Зоригийн одон гардуулжээ
Өнгөрсөн онд сансарт нисэхдээ осолдож байсан АНУ-ын сансрын нисэгчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эр зоригийн одон гардуулах шийдвэр гаргажээ.
2018 оны аравдугаар сард АНУ-ын сансрын нисэгч Ник Хаг, ОХУ-ын сансрын нисэгч Алексей Овчинин нар Оросын Союз хөлгөөр сансарт хөөрсөн юм. Гэвч хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа техникийн гэмтэл гарснаас сансрын нисэгчид буцан газардах эрсдэлтэй алхмыг гүйцэтгэж байв.
Энэ бол Оросын сансрын түүхэнд сүүлийн хэдэн арван жилд гараагүй осол байжээ.
Азаар сансрын нисэгчид ямар нэг эрсдэлгүйгээр дэлхийд газардаж чадсан юм. Тэд 2019 оны гуравдугаар сард хоёр дахь оролдлогоо амжилттай хийсний үр дүнд тойрог замд хүрсэн байна.
Ник Хагийг шагнах болсон үндэслэлийг “Хүний амь эрсдэх аюултай онцгой нөхцөл байдлын үед эр зориг, мэргэжлийн өндөр ур чадвар гаргасны төлөө” гэж тайлбарлажээ.