Дэлхий дахинд
Чилийн ерөнхийлөгч иргэдийн жагсаалаас үүдэн Засгийн газраа тараажээ
Өмнөд Америкийн Чили улсад тэгш бус байдлын эсрэг иргэдийн жагсаал өрнөөд долоо хоног өнгөрч байна. Тус улсын ерөнхийлөгч Себастьян Пиньера нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт авчрах зорилготойгоор засгийн газраа тарааж байна гэдгээ зарлалаа.
Өнгөрсөн баасан гарагт нийслэл хот Сантьягод нэг сая орчим хүн буюу хийт хүн амын 5 хувь нь шударга ёсыг шаардан тайван жагсаал хийсэн байна. Тэд нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэж буй. Жагсаалын төгсгөлд цагдаа нар болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, олон зуун хүн гэмтжээ.
Чилийн Ерөнхийлөгч иргэдийн шаардлагыг сонссоноо мэдэгдээд “Бид бодит байдлыг ойлгож байна. Өнгөрсөн 7 хоногийн Чили өнөөдөр өөрчлөгдсөн” хэмээв. Мөн өнгөрсөн долоо хоногт голлох хотуудад хөл хорио тогтоогоод байсныг цуцалжээ. Сөрөг хүчний намын зүгээс нийслэлд зарласан онц байдлыг зогсоохыг уриалсан байна.
Долоо хоногийн өмнөөс эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас 17 хүн амиа алджээ. Мөн жагсаалтай холбоотойгоор нийт 7000 хүнийг баривчлан саатуулаад байна.
Чилийн засаг захиргаа метроны тасалбарын оргил цагийн үнийг 800-гаас 830 песо болгон нэмсэн нь иргэдийг дуу нэгтэй тэмцэхэд хүргэсэн. Ийм шалтгаанаар эхэлсэн жагсаал нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэх төдийгүй засгийн газрыг унагахад хүргэх хөдөлгөөн болтлоо өргөжсөн аж.