Дэлхий дахинд
100 хувь органик хүнс үйлдвэрлэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг улам нэмэгдүүлнэ
Англи болон Уэльс 100 хувь органик хүнсний үйлдвэрлэл рүү шилжвэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах бус, нэмэгдүүлэхээр байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.
Цэвэр органик үйлдвэрлэл рүү шилжих нь уламжлалт хөдөө аж ахуйг бодвол хүлэмжийн хий арай бага ялгаруулах ч энэ үйл явц нь анх зорьсноосоо эсрэг үр дүнд хүрэхээр байгааг судалгаа харуулсан байна. Тодруулбал, цэвэр органик шилжилт нь үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлах нь. Тиймээс хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахын тулд импортыг нэмэгдүүлэхээс аргагүй бөгөөд энэ нь хилийн чанадад тав дахин их газар ашиглах шаардлагыг бий болгох аж. Үр дүнд нь нийт хүлэмжийн хийн ялгарал жирийн үеийнхтэй харьцуулахад 21 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.
Уг нь химийн бордооны хэрэглээ, амьтдаас ялгардаг метан хий, хөрсний өөрчлөлтийг оруулаад Их Британийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэдэг хүлэмжийн хийн ялгаруулалт 9 хувьтай байдаг.
Харин Англи болон Уэльсийн хүнсний үйлдвэрлэлийг бүхэлд нь органик болгосноор энэхүү хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тогтоохоор дээрх судалгааг хийжээ. Ийнхүү судлахад органик үйлдвэрлэлд шилжвэл үр тариа ургуулах явцад үүсдэг хүлэмжийн хийг 20 хувь, мал амьтнаас гаралтайг нь 4 хувь орчим буурна гэж судлаачид үзсэн байна. Гэвч уламжлалт фермерийн аж ахуйтай харьцуулахад хүнсний үйлдвэрлэл 40 хувь буюу огцом буурах тооцоо гарчээ.
Учир нь илүү жижиг үр ашигласнаар нэгж талбайгаас авах ургацын хэмжээ буурах нь. Мөн хонь, үхрийн тоо толгой өсөх ч махны гарц багасах аж. Үүнээс үүдэн бий болох хүнсний хомсдлыг импортоор нөхөж болохыг судлаачид мэдэгдсэн ч тэр хэрэгцээг өөр улс оронд ялгаагүй л газар ашигласнаар үйлдвэрлэж таарна.
Ялангуяа, бусад улс оронд бүтээмж доогуур байгаа тул Англи, Уэльсийн хүнс үйлдвэрлэлд ашиглаж байгаагаас тав дахин их талбай бүхий газар шаардагдана гэдгийг ч судлаачид тогтоосон байна.
“Бидний тооцоолсноор хүнсний үйлдвэрлэлийн хэмжээнд ямар ч өөрчлөлт оруулалгүйгээр органик тариалан эрхэлье гэвэл бараг 6 сая га газар хэрэгтэй болох ба ихэнх хэсгийг Европоос авах шаардлагатай болно. Энэ нь эргээд хүрээлэн буй орчинд нөлөөлөхийн зэрэгцээ манай хоол хүнсний системд их хэмжээний шаардлагагүй бүтээгдэхүүн орж ирэх, хүлэмжийн хийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг тал бий болно” хэмээн судалгааны багийн гишүүн Рийдингийн их сургуулийн Филип Жонс хэлжээ.
Тариалангийн талбай их хэмжээгээр нэмэгдэж, авах гарц буурснаар талбайн ихэнх хэсэг малын тэжээл, боловсруулсан хүнс, био түлш үйлдвэрлэх түүхий эд зэрэгт ашиглагдана хэмээн судлаачид дүгнэсэн байна. Нөгөө талаар, иргэдийн дундах хооллолтын хэв маягийн талаарх таамгийг зөв дүгнэх нь чухал гэдгийг судлаачид онцлоод “Өнөөгийн органик хүнс хэрэглэгчид бол бие даан шийдвэр гаргаж буй хэсэг бүлэг хүмүүс болохоос биш үндэстнийг хамрах асуудал биш” хэмээн Кранфилдийн их сургуулийн судлаач, доктор Адриан Виллиамс хэлсэн байна.
Эх сурвалж: BBC