Дэлхий дахинд
Монгол захиралтай Рио Тинто уурхайн хаягдлаас лити олборлож эхэллээ
Рио Тинто групп АНУ-ын Калифорни мужийн 90 жилийн түүхт “Борон” уурхайд литийн туршилтын олборлолт хийхээр болжээ. Тус төслийн онцлог нь шинээр малталт хийхгүйгээр уурхайн хаягдлыг дахин боловсруулж цахилгаан автомашины аккумлятор болон ахуйн хэрэглээний цахилгаан барааны голлох түүхий эдийн нэг болох литийн эрэлтийг хангах явдал юм.
Тус төслийн эхний шатанд 10 сая ам.долларын хөрөнгө оруулж, жилд 10 тонн литийн карбонат гарган авахаар төлөвлөж байгаа бөгөөд чанар болон олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
Одоогоор АНУ-ын Невада мужийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Албермарл компанийн “Мөнгөн оргил” уурхай нь тус улсад литийн карбонат олборлон нийлүүлдэг цорын ганц уурхай бөгөөд туршилтын үйл ажиллагаа амжилттай байх аваас дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох Рио Тинто нэмэлт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, жилд 5 мянган тонн лити олборлох хүчин чадалтай үйлдвэр барих юм байна. Энэ нь “Тесла С” загварын 15 мянган автомашины аккумляторын түүхий эдийг хангах хэмжээний олборлолт юм. Ингэснээр “Нэмэлт малтлага хийх шаардлагагүйгээр АНУ-ын аккумляторын литийн дотоодын хамгийн том нийлүүлэгч болох боломжтой болох юм” гэж Рио Тинто компанийн Эрчим хүч, эрдсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Дэйвид Стрингер. Блүүтберг