Дэлхий дахинд
Тайландын эзэн хаан дөрвөн бие хамгаалагчаа ордноос хөөжээ
Өнгөрсөн долоо хоногт ойрын хүрээний хэд хэдэн хүний цол хэргэмийг хурааж, ордноосоо хөөж байсан Тайландын эзэн хаан өчигдөр дахин дөрвөн бие хамгаалагчаа ажлаас нь халжээ.
Тэдний хоёр нь хааны унтлагын өргөөний сахиулууд байсан ба тэднийг “ордны дэг журам зөрчиж, завхайрсан” гэж буруутгасан байна.
Нөгөө хоёр хамгаалагчийг хааны дэргэд алба хаах шаардлага хангаагүй гэж үзээд ордноос хөөжээ.
Өнгөрсөн долоо хоногт 67 настай эзэн хаан Маха Важиралонгкорн өөрийн албан ёсны татвар эм болох 34 настай Синэнат Вонгважирапакдийг хатантай зэрэг зиндаа, эрх мэдэл булаацалдсан шалтгаанаар ордноосоо хөөж байв.
Тэрээр долдугаар сард Тайландын хаант засаглалын сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд эзэн хааны татвар эмийн хэргэмийг хүртсэн анхны эмэгтэй болж байжээ.
Үүний дараа эзэн хаан ордныхоо зургаан ажилтныг “ноцтой хорлонтой үйлдэл хийсэн” шалтгаанаар хөөсөн юм.
2016 онд эцэг хааныг нас барсны дараа сэнтийг нь залгамжилсан Важиралонгкорн өмнөх хаадаас илүү ордны хэрэг явдалд оролцож, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байгаа гэлцдэг. Тухайлбал тэрээр хаан болсныхоо дараа Тайландын армийн хоёр анги нэгжийг өөрийн шууд захиргаанд шилжүүлж авсан юм.