Нийгэм
Насанд хүрээгүй сүйт бүсгүйг Өмнөд Суданд 500 үнээгээр сольж авжээ

Иргэний дайнд нэрвэгдсэн Өмнөд Судан улсад насанд хүрээгүй охиныг сүйт бүсгүй болгож авах өрсөлдөөн Фэйсбүүк сүлжээгээр саяхан явагдаж, тус улсын түүхэнд байгаагүй өндөр үнэ хүрсэн байна.
17 настай охиныг түүнээс гурав дахин өндөр настай эр 500 үнээ, гурван автомашин, $10,000, хоёр моторт дугуй, нэг завь, цөөн тооны гар утсаар сольж аван ес дэх эхнэрээ болгожээ.
Өнгөрсөн сард тус улсын зүүн мужид болсон дуудлага худалдаанд нийт дөрвөн эр өрсөлдсөн гэнэ. Уг ажиллагааг зогсоохыг оролдсон ч амжилт олоогүй хүний эрхийн тэмцэгчид буруутай этгээдүүдэд шийтгэл оноох ёстой гэж үзэж байна.
Сүйт бүсгүйг худалдаж авсан эр энэ сарын эхээр хуримаа хийжээ. Өрсөлдөгчдийн дунд мужийн дэд захирагч байсан нь Өмнөд Суданы олон нийтийг бухимдуулсан байна.
Өмнөд Суданд сүйт бүсгүйд инж төлдөг уламжлал бий. Гэхдээ энэ нь голдуу үнээ хэлбэрээр байдаг юм. Хэдийгээр ийм ёсыг засгийн газар хууль бус гэж үздэг ч алслагдсан бүс нутгуудад амь бөхтэй хэвээр байна. НҮБ-ын хүн амын сангийн тоо баримтад өгүүлснээр Өмнөд Суданы охидын 40 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэнэ.
Дуудлага худалдааг зогсоогоогүй Фэйсбүүк компани мөн олон улсын шүүмжлэлд өртсөн байна. Энэ тухай гомдол гаргасан ч Фэйсбүүк хэдэн өдрийн дараа устгах арга хэмжээ авжээ. Фэйсбүүк компани сүүлд мэдээллийг, холбогдох хаягнуудыг устгаснаа мэдэгдэж, уучлал гуйсан байна.
Өмнөд Суданы засгийн газрын төлөөлөгч Атени Вэк Атени дээрх явдлыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн ч алслагдсан бүс нутгуудад оршсоор байгаа бурангуй ёс заншлыг зогсоож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
“Үүнийг дуудлага худалдаа гэж нэрлэж болохгүй. Европчуудын нүдээр үүнийг дуудлага худалдаа гэх байх. Харин Африкчуудын нүдээр харвал энэ нь олон мянган жил хадгалагдсан уламжлал. Үүнийг илэрхийлэх англи үг байхгүй” гэж тэр мэдэгдсэн байна.
Гэхдээ Өмнөд Суданы зарим улс төрчид үүнтэй эвлэрч болохгүй, насанд хүрээгүй хүмүүсийг гэрлүүлэх явдлыг 2030 онд бүрэн арилгах зорилтоо засгийн газар биелүүлэх ёстойг сануулжээ.
Эх сурвалж: Associated Press

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.