Нийгэм
1200 жилийн түүхтэй худгаас түүх, соёлын үнэт олдворууд олджээ

Монгол Германы эрдэмтдийн хамтарсан “Орхон” төслийн багийнхан 2007 оноос хойш 8-9 дүгээр зууны үед Монголын төв нутаг Орхоны хөндийд байсан Уйгарын хаант улсын /744-840/ нийслэл байсан Хар балгас гэдэг газарт малтлага судалгааг хийж эхэлжээ. Тус багийнхан өнгөрсөн зун түүхийн хосгүй үнэт олдворууд илрүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээллээ. Судалгааны үеэр Хар балгасын ордон хотоос нарийн хийц, зохион байгуулалт бүхий худаг олж илрүүлснээ ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан Т.Батбаяр ярихдаа “Хааны ордон хотын их хэрмийн зүүн урд буланд 60х70 метрийн хэмжээтэй газрын гадаргаас 14-15 метр гаруй өндөрлөсөн хэсэг бий. Үүнийг “цидатель” хэмээн нэрлэж байгаа. Энэ байгууламж дээр бид сүүлийн дөрвөн жил төвлөрч ажилласан. Энэхүү худаг нь боржин чулууг зургаан тал гарган өрсөн өвөрмөц хэлбэртэй. Нэг чулуу нь хагас тонн орчим жинтэй. 12 үе бүхий боржин чулуун өрлөг болон ус нөөцлөх тасалгаатай. 13 орчим метрийн гүнтэй. Хоногт 20 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай, инженерийн нарийн бүтэц зохион байгуулалттай худаг байсныг тогтоосон” гэлээ.
Цайзат хэрмэн дотор байсан энэхүү худаг нь харийн эзлэн түрэмгийлэгчдэд бүслэгдсэн ч хотыг хамгаалж байгаа хүмүүсийг цэвэр усаар хангах зориулалттай байсан талаар судлаачид хэллээ. Мөн малтлагын явцад худгийн ёроолоос Нангиад бичээстэй хүрэл хонх, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай модон шонгийн хугархай хоёр ширхэг, төрөл бүрийн шавар сав суулга, зэр зэвсгийн үлдэгдэл, хүмүүсийн идэж байсан хоол хүнсний үлдэгдэл, манай улсад ургадаггүй жимсний яс зэрэг олдворууд олджээ. Чий будагтай шон нь өдийг хүртэл гялалзсан өнгөө алдаагүй байгаа ба үүний адил чий будагтай олдвор нь Монголд төдийгүй Азидаа ховорт тооцогдоно гэдгийг МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат онцоллоо.
Нанхиад бичээстэй хүрэл хонхон дээрх бичээсийг тайлж уншихад “Зургаан хөг, найман аялгуу 10 тэнгэр дуурсахуйяа” гэсэн утга бүхий бичиг байсан гэв. Хамгийн гайхамшигтай нь энэ хонхыг 1200 жилийн дараа гаргаж ирээд дуугаргахад хөг эгшиг нь алдагдаагүй байсан. Эдгээр олдворууд нь тухайн үеийн нүүдэлчдийн дунд гар урлал өндөр хөгжсөнийг гэрчлэхийн зэрэгцээ, хөрш зэргэлдээ орнуудтай соёлын өндөр харилцаатай байсныг тусган харуулж байна хэмээн Германы археологийн хүрээлэнгийн ажилтан Кристина Франкен хэллээ. Ийнхүү наймдугаар зууны үед хамаарах түүхийн үнэт олдворуудыг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Хойшид эдгээр олдворуудыг урт удаан хугацаанд хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол, Япон, Германы нарийн мэргэжлийн баг хамтарч ажиллахаар төлөвлөгөө боловсруулж эхлээд байгаа гэнэ.
Энэ талаар Япон улсын Осака хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэнгийн мэргэжилтэн Ито Коожн “ Миний хувьд модон эдлэл, органик эдлэлийн хадгалалт хамгаалалттай холбоотойгоор хоёр жилийн өмнөөс монголчуудтай хамтарч ажиллаж ирсэн. Би сахараар модон болон органик эдлэлийг бэхжүүлэх, хадгалалт хамгаалалтын арга зүйг шинээр авч хэрэгжүүлж байгаа. Бид модон эдлэлийн сэргээн засварлалтын хэд хэдэн байгууллага болон судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Энэ ажлын үр дүнд сахарын уусмалыг модон эдлэл хадгалхад ашиглах боломжтой гэсэн үр дүн гарсанд таатай байна” гэв. “Хэрэв ийм олдворууд ерийн нөхцөлд, газрын хөрсөнд байсан бол ингэж сайн хадгалагдахгүй, харьцангуй богино хугацаанд ялзарч алга болдог. Иймээс малтлагаар ингэж сайнаараа гарч ирэх нь ховор тохиолдол юм. Хар балгасын олдворууд нь археологичдын хувьд аз тохиосон хэрэг байсан гэдгийг судлаачид онцолсон юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.