Улс төр
Ц.МӨНХ-ОРГИЛ гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л уравлаа

Улс төрийн хэрүүл Их хурлын чуулганы танхим, намын байр, төрийн ордноос аль хэдийнээ хальж, иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан өнгө аястай элдэв мэдээлэл цацагдах боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн О.Магнай, Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ынхан иргэдийг өдөөн турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, сүүлдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, 5 хүний халуун амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсан харамсалтай хэрэг гарсныг олон түмэн мартаагүй байна. Энэ жагсаалыг удирдаж байсан Ц.Элбэгдорж, О.Магнай тэргүүтэй улс төрчид жагсаалыг МАХН-ын байр руу чиглүүлж өгөөд нэг л мэдэхэд бүгд алга болж, өнөөх жагсаал нь хүчирхийлэл болон хувирсан. Тухайн үед Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, 24:00 цагаас эхлэн онц байдал зарлах шийд гарган армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэж байлаа. Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Хамгийн харамсалтай нь түүхэнд 7 сарын 1-ны хэрэг гэж бичигдэн үлдсэн энэ хэрэгт тухайн үед улс төрчид ямар ч хариуцлага хүлээгээгүй үлдсэн юм. Тэр жагсаалыг зохион байгуулсан Ц.Элбэгдорж МУ-ын Ерөнхийлөгч болж, “дайраад тэмцээд” гэж орилж явсан О.Магнай төрийн өндөр албан тушаал хашиж, цагдаа нарыг удирдаж, чиглүүлж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн болоод л хэрэг замхарсан.
Уг нь цагдаагийн аппарат Хууль зүйн сайдын шууд удирдлаган дор харьяалагддаг төдийгүй цагдаагийн даргыг Хууль зүйн сайд томилдог. Хууль зүйн сайдын тушаалын дагуу үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ЦЕГ-ын дарга нар ял аваад шүүгдээд сууж байхад тухайн үед үүрэг өгч байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуульд нэр дэвшин “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн уриа дэвшүүлсэн шиг сурталчилгаагаа хийж явсан гашуун түүх бидний өмнө байна. Хууль зүйн сайд нь сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд завгүй байхад хөөрхий хэдэн бор цагдаа учраа олохгүй шүүхийн үүдэнд бужигнаж, сайдын өгсөн тушаал, зааврыг биелүүлснийхээ төлөө ял авч байгаа нэгнээ хараад нулимсаа арчаад л зогсож байсан. Тэр үед цагдаа нар “Монголын төр, хууль зүйн яам маань биднээс урваж, нүүр бурууллаа” хэмээн гомдол гаргаж байсан. Үймээнийг өдөөсөн бус зүгээр л сониучирхаж явсан иргэдийг цэрэг,цагдаагийн хүчээр буудан хөнөөж, машинаар хөөж баривчлан, цагдан хорьж, эрүүдэн шүүсэн тэр аймшигт хэргийн төлөө хариуцлага хүлээлгүйгээр чимээгүйхэн мултарсан Ц.Мөнх-Оргил өнөөдөр бас л шударга хүний дүрд тоглож, “ Үндсэн хуулиа умартаж, Монголын тусгаар тогтнолд заналхийлэл учруулсан энэ явдлыг би эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдэл хийгээд сууж байна. МАН сонгуульд ялбал заавал сайд байх заяатай цөөнгүй хүмүүсийн нэг нь Ц.Мөнх-Оргил. Гэвч тэр Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа 7 сарын 1-ны хэргийг өдөөгчидтэй ямар ч хариуцлага тооцоогүй, хэдэн цагдаа нарыг яллаад өөрөө гэм буруугүй үлдсэн. Хожим Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Далай ламыг Монголд айлчилсны төлөө Хятадуудаас уучлалт гуйн олны дургүйцлыг төрүүлж байлаа. Тухайн үед олон хүн “Ц.Мөнх-Оргил сайдаа, та эх орноосоо урваж байна” хэмээн сануулж байсан удаатай. Харин энэ удаа “Ц.Мөнх-Оргил гишүүнээ та шударга ёсноос дахиад л урваж байна” хэмээн олон нийт эсэргүүцэж байна.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.