Улс төр
Хамаарал бүхий компани тань Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна, Л.Энх-Амгалан гишүүн ээ!

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр ангийн нөхөр С.Бямбацогтын хамт МАН-ын Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдож байгаа учир Удирдах зөвлөлийн хуралдаа суух болон санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлсэн талаараа мэдэгдэн, хэвлэлийн бага хурал хийсэн.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас сэтгүүлч “Таны хамаарал бүхий “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн үү” гэж асуухад тэрбээр “Эм Си Эс” миний хамаарал бүхий компани биш. Тэгээд ч “Эм Си Эс” компани Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” хэмээн хариулсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга Л.Энх-Амгалангийн дээрх хариулт худал болохыг баталсан баримт байна. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх төслүүдийн зээлийн нэгдсэн мэдээ”-нд “Эм Си Эс”-ийнх гэдгийг нь монгол даяараа мэддэг “Скай резорт” ХХК “Асем вилла цогцолбор хотхон” төсөлдөө 2016 оны гуравдугаар сарын 04 болон 2016 оны тавдугаар сарын 05-нд нийт 65 тэрбум, мөн 2016 оны есдүгээр сарын 25-нд 60 тэрбум, нийлбэр дүнгээр 125 тэрбум төгрөгийн зээл авсан баримт нь дурайж байна. Эргэн төлөгдөх нөхцөл нь хэвийн ангилалтай, жилийн 8 болон 16 хувийн хүүтэй зээлийг 2021 онд төлж дуусахаар тооцоог гаргажээ. Энэхүү зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн байна.
Дээрх зээлийг авсан “Скай резорт” ХХК нь “Эм Си Эс”-ийнх гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ. Энэхүү баримтаар бол Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн шиг “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас зээл аваагүй гэдэг нь няцаагдаж байна.
Тэрбээр мөн “Эм Си Эс” миний хамаарал бүхий компани биш” хэмээсэн. Тэгвэл хамаарал бүхий компани мөн гэдэг нь АТГ-т өөрийнх нь гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс ойлгомжтой харагдана. АТГ-т хамгийн сүүлд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эм Си Эс” ХХК-д хөрөнгө оруулсан, 5869600 ширхэг хувьцаа эзэмшдэг буюу тус компанийн 3 хувийг ашиг хүртдэг гэдгээ мэдэгдэн, хамаарал бүхий компани нь мөн гэдгээ өөрөө баталжээ. Хэрвээ хамааралгүй бол АТГ-т үүнийгээ мэдээлэх хэрэг байгаа гэж үү. Хуулийн дагуу хамаарал бүхий болоод л АТГ-т түүнийгээ тайлагнаж байна гэсэн үг юм, энэ нь.
Хэвлэлийн бага хурал дээр тэрбээр мөн “Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкийг шалгах Ажлын хасгийг би ахалж шалгасан. 2016 онд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгазаж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн” хэмээн гэмгүй нэгэн гэдгээ батлах гэсэн мэт сүржин үгийг хэлж байсан. Ингэлээ гээд үнэнийг, бодит байдлыг төөрөгдүүлж, иргэдийг мэхэлж чадахгүй. Хэрвээ үнэхээр шударга нэгэн байсан бол Хөгжлийн банкийг ахалж шалгахад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгээ ил тод мэдэгдээд, татгалзах байлаа. Гэтэл тэр тэгээгүй, шалгасан. Харин энэ ажлын хэсэгт нь орсон гишүүд түүний ахалсан шагалтын дүнг үл хүлээн зөвшөөрсөн үү, яасан гарын үсэг зурахаас зарим нь татгалзсан байдаг.
Ийм л жижигхэн, үнэн бодит, мэдээжийн асуудлыг эргүүлж тойруулан худалтай хутгаж, гэмгүй хүний дүрд тоглох нь хууль тогтоох байгууллага, төрийн түшээ хүний ёс зүй мөн гэж үү… Эрх барьж байгаа төрийн түшээ ард түмний татварын мөнгө, гадны зээл тусламжаас орж ирсэн мөнгөнөөс өөрийн нөлөөгөө ашиглан хулгай хийснээ хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр байгаа. Хууль хяналтынхан нь үнэн худлыг нь ялгаад гаргаад ирнэ. Эсвэл цаг хугацаа үнэн худлыг харуулна. Харин ядаж худлаа хэлэхээсэ ичдэг болоосой доо, эрхэм гишүүд.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.