Дэлхий дахинд
АНУ-д хар баасан гаригийн онлайн борлуултын хэмжээ $7.4 тэрбумд хүрчээ
АНУ-д талархлын баярын маргааш тохиодог “Хар Баасан” гарагийн худалдааны онлайн борлуулалтын хэмжээ $7.4 тэрбумд хүрч дээд амжилт тогтоосныг Adobe Analytics-ийн тайланд мэдээлжээ.
Гэхдээ өнгөрсөн оны “Cyber Monday” худалдааны дээд амжилтаас $500 сая орчмоор дутсан байна. Өөрөөр хэлбэл “Хар Баасан” гарагийн худалдааны бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон бол нийт онлайн худалдааны хүрээнд авч үзвэл хоёрт орох үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн оны “Хар Баасан” гарагаас энэ жилийнх 20 хувийн өсөлттэй байжээ. Онлайн орчинд хамгийн их борлогдсон бүтээгдэхүүнүүдэд “Frozen 2” киноны албан ёсны бүтээгдэхүүн болох “LOL Surprise” хүүхэлдэй, FIFA 20 компьютер тоглоом, Nintendo тоглоомын төхөөрөмж зэрэг багтсан байна.
Харин электроникийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн их борлогдсон нь Apple-ийн зөөврийн компьютерууд, AirPods утасгүй чихэвч, Самсунгийн телевизүүд байжээ.
Хямдралын арга хэмжээ өнөөдөр “Cyber Monday” худалдаагаар үргэлжилж, дахин шинэ дээд амжилт тогтооно гэсэн хүлээлттэй байна. Өнөөдрийн борлуулалтын хэмжээг $9.4 тэрбумд хүрнэ гэж судлаачид тооцоолжээ.
Сүүлийн жилүүдэд иргэд дэлгүүр, худалдааны төвүүдээр зочлохын оронд онлайнаар худалдаж авах нь нэмэгдсэн байна. Баасан гарагт биеэр очиж гүйцэтгэсэн худалдан авалтын хэмжээ өмнөх оныхоос 6.2 хувиар буурсныг CNBC суваг мэдээлжээ.
АНУ-ын Үндэсний Жижиглэнгийн Худалдааны Холбоо 2019 оны сүүлийн хоёр сарын баярын худалдаа өмнөх оныхоос 3.8-4.2 хувиар өсөж, $727.9-$730.7 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо гаргасан байна.
Эх сурвалж: Reuters