Бусад
Бичил уурхай дахь хүний эрх

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлохтой холбоотой үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, ашигласан газраа нөхөн сэргээх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, осол гарахаас урьдчилан сэргийлэх, улмаар аливаа хэлбэрийн химийн хорт бодисын хууль бус хэрэглээг хориглоход чухал түлхэц болсныг мэргэжлийн байгууллагууд мэдээлдэг. Гэхдээ бичил уурхай дахь хүний эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй.
УУРХАЙД АЖИЛЛАДАГ 122 ХҮҮХДИЙН 37.7 ХУВЬ НЬ МӨНГӨН УСТАЙ ХАРЬЦДАГ
Бичил уурхайд хүүхэд, эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа нь төрийн оновчтой зохицуулалт шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлд алтны ордуудад насанд хүрээгүй хүүхдүүд томчуудын нэгэн адил шороо зөөж ухах, ачиж буулгах, чулуу бутлах, мөнгөн устай ажиллах нь түгээмэл байгааг дурдсан байдаг. Алтны үндсэн болон шороон ордод хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа бөгөөд уурхайнуудад ажилладаг 122 хүүхдийн дунд мөнгөн устай харьцаж ажилладаг хүүхэд 37.7 хувийг эзэлж байжээ.
Хүүхдүүд осолд өртөж болзошгүй газрын гүнд, нүх цооногт ажиллах, чулуу бутлах хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, хүүхдийн өргөх ачааны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин хүнд шороо, чулуу зөөж байжээ. Налайх дүүргийн нүүрсний уурхайд 200-300 хүүхэд тогтмол ажиллаж нүүрс чирч гаргах, шигших, түүх зэрэг хүнд хортой хөдөлмөр эрхэлж байгаад төр, засаг анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар ХЭҮК УИХ-д өргөн мэдүүлж байсан юм.
Хүүхэд гар аргаар ашигт малтмал олборлоход оролцох, ажиллах нь тэднийг амь насаа алдах, бэртэж гэмтэх, өвчин эмгэгтэй болоход хүргэх эрсдэлтэйгээс гадна алт, жоншны уурхайд хийж буй ажил нь биеийн хүч их шаарддагаас агааргүйдэх, шороонд даруулах, нүхэнд унах эрсдэлтэй байсан байна. Тухайлбал, алт олборлохоор хөдөлмөрлөж буй хүүхдүүдийн 18.7 хувь нь нүхэнд унаж, 17.1 хувь нь чулуу, багажинд цохиулж, 1.5 хувь нь шороонд дарагдаж, 3.1 хувь нь машин техникт дайруулж, 12.5 хувь нь усанд унаж, мөн 48.3 хувь нь бие эрхтэндээ гэмтэл авч байжээ.
Алт, жоншийг гар аргаар олборлох хөдөлмөр нь хүүхдийн амь нас, эрүүл, мэнд, аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж, сурч боловсрох, хөгжих эрхэд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр мөн хэмээн үзэж таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх чиглэлээр тодорхой саналууд тусгасан байдаг.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЛОН УЛС АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА
Өнгөрсөн хугацаанд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бичил уурхай бүхий орон нутгийн төрийн үйлчилгээ, засаглалыг хүний эрхэд ээлтэй болгох зорилгоор ХЭҮК, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж энэ төрлийн судалгааг хийж, бичил уурхайчдад сургалт зөвлөгөө өгч иржээ. Энэ хугацаанд хүний эрхийн цахим сургалтын кампусыг бий болгож, хүссэн хүн бүхэн зайнаас суралцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн зөрчил маргааны талаарх гомдлоо гар утасны аппликэйшнээр дамжуулан хүссэн газраасаа шууд гаргаж шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох журмаар боловсронгуй болгож буй хэдий ч бичил уурхайчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ялгаварлан гадуурхалтгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, цэвэр усаар хангагдах, газар эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамж хүртэх, амьдран суух газраа чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж иржээ.
Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг олон улс анхааралтай ажиглаж байна. Үүний илэрхийлэл нь UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг. 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт 164 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан билээ. Эдгээр зөвлөмжийн дотор хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого, бичил уурхайчдыг дэмжих хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Итали, Унгар, Швейцарь улсаас дараах зөвлөмжийг өгсөн байдаг.
Тухайлбал, “Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд хөдөлмөрийн аюултай нөхцөлд, түүний дотор бичил уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх нөхцөлийг хангах, Миниматагийн конвенцийг соёрхон батлах асуудлыг судлан үзэж, бичил уурхай эрхлэгчдийн олборлох эрхийг хангах, тэдгээрийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд албажуулах.
Мөн гар аргаар уурхай эрхэлж байгаа ажилчдын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны хэрэглээг зохицуулсан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр Швейцарь улсаас тусгай зөвлөмж өгчээ. ХЭҮК-оос 2015-2016 онд долоон аймгийн 22 суманд ажиллаж бичил уурхай эрхэлж буй уурхайчдын хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийжээ. Энэ үеэр бичил уурхай эрхэлж байгаа иргэдийн ажлын нөхцөл хүнд, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэл өндөр байсан байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.