Дэлхий дахинд
“Газпром экспорт” компани Монгол руу 8000 тонн байгалийн хий нийлүүлнэ
Монгол Улс ОХУ-ын байгалийн хийн сүлжээнд нэгджээ. Тодруулбал, тус улсын байгалийн хийн “Газпром экспорт” компани зориулалтын галт тэргээр 36 тонн шингэрүүлсэн байгалийн хийг Якутаас Монгол руу тээвэрлэж, арваннэгдүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор нийлүүлсэн байна.
“Газпром экспорт” компанийн Ерөнхий захирал Элена Бурмистрова ярихдаа “ОХУ-ын байгалийн хийн сүлжээнд Монгол Улс нэгдэн орсонд бид баяртай байна. Тээврийн салбарт байгалийн хий ашиглах нь хамгийн ирээдүйтэй, зөв хэрэглээ юм. Улаанбаатар хотын иргэд үүнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд өчигдөр “Газпром” компанийн ТУЗ-ийн дарга Алексей Миллер бараалхаж, байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт амжилттай болсон тухай мэдэгдэж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцсан байна.
ОХУ болон Монгол Улс стратегийн иж бүрэн түншлэлд шилжсэнтэй холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ийнхүү Монгол Улсад нийлүүлж байгаа аж. Монгол Улсаас байгалийн шингэрүүлсэн хий худалдан авагч нь “Улаанбаатар Метан” бөгөөд 2020 онд 8000 тонн байгалийн хий худалдан авахаар “Газпром” компанитай гэрээ байгуулжээ.